ЕРӨНХИЙ САЙД АА, “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ХУРГАН ДАРГА НАРЫН ЧИНЬ ХҮН “ШАХДАГ” ГАЗАР БОЛЖЭЭ

ЕРӨНХИЙ САЙД АА, “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ХУРГАН ДАРГА НАРЫН ЧИНЬ ХҮН “ШАХДАГ” ГАЗАР БОЛЖЭЭ

Тавантолгойн бүлэг орд бол ард түмний өмч. Тийм болохоор тэнд төрийн нэрийн өмнөөс хяналт тавьж, олборлолт, борлуулалтыг хийлгэхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг байгуулсан байдаг. Гэтэл тэрхүү түмний өмчтэй компанид чухам юу болоод байгааг манай эрэн сурвалжлах баг олж авсан мэдээллээ уншигч олон нийт та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ нь тус компанийн одоогийн удирдлагуудын үзээд байгаа шиг хувь хүний нэр хүндэд халдах гэсэн, эсхүл хувийн нууцыг дэлгэх гэсэн агуулга, санаа огт үгүй бөгөөд эртнээс яригддаг байсан төрийн өмчөөр бизнес хийдэг явдал энэ компанид байдаг эсэхийг тодруулсан л хэрэг. Байдаг бол засч залруулах гэсэн санаатай юм. Товчхондоо, сэтгүүл зүйн үндсэн үүрэг энэ билээ.

Түүнчлэн өчигдөр тус компанийн удирдлагууд бидний бичсэн нийтлэлийн дагуу мэдэгдэл гаргаж биднийг хувь хүний нууцад халдсан, эх сурвалжийг тодруулахын тулд хуулийн байгууллагад хандахаар болсон тухайгаа мэдэгдсэн. Товчхондоо бид хувь хүний банкны хуулга бус компаниас өгсөн зээлийн кредит банкны дансны хуулгийг ил болгосон билээ. Тиймээс яах эсэх нь тус компанийн шийдвэр учраас бид сэтгүүл зүйн үндсэн үүргээ  биелүүлж  баримттайгаар цааш нь үргэлжүүлнэ гэдгээ компанийн удирдлагуудад хэлэх байна.

Энэ удаад манай сурвалжлах баг их наяд хол давсан борлуулалтын орлоготой, төсвийн бүрдүүлэлтийн томоохон хувийг эзлэх их мөнгө эргэлдэж буй “Эрдэнэс Тавантолгой” компанид зарлагдсан удирдах шатны албан тушаалуудын сонгон шалгаруулалт чухам яаж явагддагийг дэлгэж эхэлнэ. Бидний ширээн дээр хэнийг ямар албан тушаалд тавих вэ гэдгийг компанийн удирдлагууд “зурж” гаргасан жагсаалтууд байна. Үүгээр уншигч та бүхэн хэн гэдэг хурган даргын татаас түлхээсээр хэн, ямар албан тушаалд томилогдсоныг мэдэх болно. Дашрамд хэлэхэд бидэнд байгаа хүснэгтэд нэр нь бичигдсэн УИХ-ын гишүүд болон сайд дарга нарын нэрс,  ажилд томилогдохоор зэхэж буй  хүмүүсийн нэрсийг энэ удаад ил болгохгүй бөгөөд зөвхөн тус компанид хамааралтай эрхмүүдийг энд дурдсан нь зөв болов уу. Хэрэв шаардлагатай бол дараагийн дугаартаа нэр нь дурдагдаагүй гишүүд, сайд дарга нарыг  өөрсдөд байгаа хүснэгтийн хамт олон нийтэд ил болгох болно.

Баримт 1

Эхнийх нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн төв оффис болон уурхайн 38 ажлын байранд “Томилгоо хийх жагсаалт” гэх хүснэгт юм. Энд жагсааснаар ЭТТ-н төв оффист 18 ажилтан авах бол Өмнөговьд дахь уурхайд 19 орон тоо гаргаж, ажилд орох хүмүүсийн нэрийг бичжээ. Гэтэл ЭТТ-д шинээр ажилд орох 38 хүнээс ердөө 7 нь л сонгон шалгаруулалтаар тодрон гарах ёстой байгаа нь хачирхалтай. Хамгийн ноцтой нь, энэхүү хүснэгт ЭТТ-д зарлагдсан ажлын байрны 70 гаруй хувь нь урьдчилан захиалагдсан, дээд дарга нарын “тушаал”-аар эзэн нь эртнээс тодорчихсон байдгийг гэрчилж байна. Тухайлбал, 1072 хувьцааны мэдээллийн албанд ажиллах А, нягтлан бодогчийн албан тушаалд нэр нь тодроод буй Б нар шууд утгаараа бидний сайн мэдэх нэр бүхий УИХ-ын гишүүнийх бол ОНХАХ-ын А хэмээх мэргэжилтний оронд томилогдох Ж болон ахлах аудиторт заагдсан Б нар ТУЗ-ийн гишүүн, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнгийн татаас ажээ. Мөн ТУЗ-ийн хараат бус гишүүн П.Өлзийнаран гэгч ТУЗ-ийн ажлын албаны мэргэжилтнээр Б-г, уурхайн жолоочоор Г нарыг “захиалсан” нь хүснэгтэд мөн бичигдсэн байх юм. Үүнээс гадна, тус компанийн Санхүү, эдийн засаг эрхэлсэн Тэргүүн дэд захирал Б.Жаргалсайхан уурхайн ХАБ-ын мэргэжилтнээр А-ыг татаж авсан бол мөн ХАБ-ын мэргэжилтэн болохоор нэр нь бичигдсэн С гэгч нь бас л нэр бүхий УИХ-ын гишүүний хүн ажээ.

Хамгийн ноцтой нь, хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн ихэнх нь татаасны хүн байгаагаас харвал ЭТТ-н уурхайд байсхийгээд осол гардгийн гол шалтгаан бараг тодорхой болж байх шиг. Тодруулбал, дээр дурдсан хоёр мэргэжилтнээс гадна ХАБ-ын бас нэг ажилтан А-г НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч гэх эрхэм бас л ажилд оруулахаар үгссэн нь энд бичигджээ. Мөн хүснэгтийн 20 дугаарт дээрхтэй ижил ХАБ-ын мэргэжилтнээр бичигдсэн Г гэгчийг хэн татсан нь тодорхойгүй боловч туршилтын гэрээгүйгээр шууд жинхэнэ албан хаагч болсон гэдгээс харвал ялгаагүй л нэг татаасны нөхөр тууж явна гэх хар төрж байна. Сайд, дарга нарын түлхээс үүгээр дуусахгүй. Тухайлбал, улсын Ерөнхий аудиторт томоохон албан тушаал хашдаг нэгэн эрхмийн захиалгаар уурхайн Худалдан авалт хариуцсан мэргэжилтнээр Ц гэгчийг бас л нэгэн нэр бүхий УИХ-ын гишүүний “хүсэлт”-ээр хими технологичоор Б гээчийг ажилд томилохыг уг хүснэгтэд маш тодорхой харуулсан байх юм.

Ингээд харахад, УУХҮЯ-нд харьяалагдахгүй, ЗГХЭГ-ын шууд хяналтад байдаг ЭТТ компани нэг их наядыг хол давсан орлоготой хэр нь дандаа “ашиггүй” ажилладаг нь сайд, дарга, УИХ-ын гишүүдийн хэрэгцээг хангах гол хэрэгсэл болж, татаасны чадваргүй ажилтнуудыг багтаахын тулд нэмсэн шаардлагагүй олон ажлын байртай нь шууд холбоотой байж мэдэхээр байгааг энд хэлэх хэрэгтэй болох нээ. Ер нь төрийн өмчтэй компанийн өмч хөрөнгө, засаглалд ийм байдлаар хотонд орсон чоно шиг хандана гэдэг Монгол төрийн бас нэг эмгэнэл болоод байгаа юм. Тиймээс бид төрийн өмчийг хэрхэн зарцуулдаг, бас энэ мэтийн шахаа, түлхээсийн хүмүүсээр ТӨХК-ийг дүүргэдэг баримтуудыг дэлгэн тавих төдийгүй  өмнө нь мэдээлж байсан захирлуудын зээлийн кредит картны дансны хуулгыг дараагийн дугаартаа уншигчддаа хүргэх болно. Ямартай ч өнөөдөр ард түмний хийгээд Ардын намынханы итгэлийг хүлээн Засгийн газрыг тэргүүлж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүх та хурган дарга нарынхаа энэ мэт эрх мэдлийг хумих цаг иржээ гэдгийг хэлэх байна.

ЭХ СУРВАЛЖИЙН ЛИНК: http://www.24tsag.mn/a/163421

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen