Тоглоомын талбай аюул дагуулж эхэллээ

 

Монголд хүүхдүүд тоглох "эрхгүй" болсныг шил дараалсан харамсалтай явдлууд хангалттай гэрчилж өглөө. Зориулалтын гэх тодотголтой хүүхдийн паркийн "Сансарын хөлөг" тоглоом хугарч дөрвөн хүүхэд бэртэж эмнэлэгт хүргэгдсэн.

Мөн нийслэлийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглож байсан 11 настай хүүгийн толгой дээр хөндлөвч төмөр унасны улмаас амиа алдсан хэрэг гарсан юм. Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэгүүдийн тоглоомын талбайн чанар, аюулгүй байдлыг 79 дүгээр сургууль дээр болсон харамсалтай хэрэг баталлаа.

Ганцхан жишээ дурдахад, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 241 дунд сургуулийн тоглоомын талбайн чанар аюулын харанга дэлдэж буйг 79 дүгээр сургууль харуулсан ч байж мэдэх.Улсын өмчид бүртгэлтэй, эзэнтэй нь ийм эрсдэлтэй байхад орон сууцны гаднах эвдэрхий хуванцар тоглоомын талбайн талаар яриад ч хэрэггүй биз.

 

79 дүгээр сургууль дээр гарсан хэргийн талаар НЦГ-аас мэдээлэл хийхдээ "Сургуулийн хашаан дахь хөлбөмбөгийн талбай дээр 10-11 насны таван хүүхэд тоглож байсан. Тэдний хаалгач хийж байсан 11 настай хүүгийн толгой дээр хөндлөвч төмөр унасны улмаас тархиндаа гэмтэл авч нас барсан харамсалтай хэрэг гарсан” гэв.

Харин БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа "Хөлбөмбөг тоглодог төхөөрөмжийн нэг талын баганын төмөр унасныг ажил хүлээлцсэн манаач, сургуулийн удирдлагууд анзаараагүй. Мөн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд захиргааны хариуцлага ногдуулж, жижүүрт арга хэмжээ авна. "Амиа алдсан хүүхдийн ар гэр эрсдэлт бүлгийнх” гэж ярьж байгаа сургуулийн захирал ёсзүйгүй” гэсэн юм.

Уг нь Бага, дунд боловсролын тухай хуульд ерөнхий боловсролын сургуулийн захирлын эрх, үүргийг сургуулийн ойр орчмын аюулгүй байдлыг хангах, гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ар хэмжээ авах зэрэг үүрэг хүлээхээр зааж өгсөн байдаг аж.

Ийнхүү хүүхдүүд зам дээр биш хамгаалагдсан, зориулалтын орчиндоо бэртэж гэмтэж, амь насаа алдаж байгаа нь улсын хувийн, орон сууцны гэлтгүй бүх тоглоомын талбайн чанар, аюулгүй байдал стандарт нормыг нь нягтлах цаг болсныг харуулж байна. Тоглох гээд гарсан хүүхэд амиа алдаж байгаа нийгэмд хүүхэд хамгаалал, эрүүл, аюулгүй орчин ярих хэрэг байна уу. Хариуцлагын тогтолцоог хэзээ сайжруулах вэ?

С.УЯНГА

ЗУУНЫ МЭДЭЭ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen