Хубилай хаан ер нь ямар гавьяатай хүн бэ?

 

Хубилай хаан ер нь ямар гавьяатай хүн бэ?Зурагтаар "Хубилай хаан” гэдэг кино гарч байна. Хятадынх бололтой. Өвөрмнголчууд байдаг болоод ч тэрүү эд нар манай хаадын тухай янз бүрийнл кино хийх юм. Түүхийг киногоор багцаалдаг бидэнд кино үзэхдээ бодох юм их бий. Уржинан жил манайд Хубилайн 800 жилийн ой гэж сүр юм болоход дотор бодогдсон үгээ хэлж чадаагүй үгээ энэ киног харж суухдаа хэлмээр санагдчихлаа.

 

Их хааны 800 жилийн ойн баярын ёслолд хэлмээр байсан үг.

"… Эрхэм олон наадамчид аа, сайхан баярлаж байна уу
Индэрт үг хэлэх завшаан тохиолдсонд баяртай байна
Эзэн хааны гавъяаг олон хүн дурдлаа
Эрдэм номтой л гэнэ, шүлэг зохиол бичсэн л гэнэ
Түвшин энхийг тогтоосон, анхны флотыг байгуулсан
Төгрөг цаасыг бүтээсэн, агуу сувгийг малтуулсан
Дараа нь яасан ч гэлээ, зөндөө л юм ярилаа
Давтаж нуршаад яахав, өөрийнхөө бодлыг хэлье
Ингэхэд та минь, энэ хүн хэн бэ?
Эзэн богдын угсаа ч гэлээ
Алтан ургийн хурилдайгаар баталсан
Албан ёсны хаан мөн үү?
Олон ноёдын саналаар эзний ор суусан
Отгон дүүгээ хөнөөж, биеэ хаанд өргөмжилсөн
Урвагч энэ этгээд урд газар одохдоо
Улсын хас тамгыг өвөрлөөд явсан бишбилүү?
Дээдэс өвөг нь үндэслэж, хаан авга нь цогцлоосон
Дэлхийн нийслэл Хархоринг дэрсэн дунд хаяад
Өмнөдөд очоод байгуулсан Хойд хот нь сүртэй ч
Өнчрөөд үлдсэн нийслэл хот одоо хаана байна?
Хан үндэстнийг нэгтгэсэн нэн их ачийг нь
Хүчит лууг өсгөсөн хүндэт их гавъяаг нь
Нангиадууд ер тоохгүй, юу ч хийсэнгүй байтал
Манайхан харин мандуулж хөшөөг нь хоймроо залжээ.
Дотор газрын торгонд хөлбөрч байсан хаан
Дөлгөөн номчийн дүрээр бичиг цаас болоод
Авга ах, өвөг эцэг хоёрынхоо дэргэд
Ажиг ч үгүй суусан дуртэй байна.
Гэтэл тэр Монголдоо юу үлдээсэн хүн бэ?
Гай зовлон дагуулсан Феодлын хагарал бутрал уу?
Юань улс л гэнэ, хятадад л эс бол манайд
Юу үлдсэн юм, алив би хармаар байна.
Алтан дэлхий бүхлээрээ өлмийд нь сөгдсөөр байтал
Алт мөнгө дутсан юм шиг өлөн ховдог царайлж
Арван түмэн эхийн гашуун нулимсыг барж
Арлын жижигхэн улс руу юунд ахин дахин довтлов?
Түүхий загас, усны өвс идэх гээгүй л бол
Тэнд очоод монгол хүн ямар элэнцэгээ хийх юм?
Өмнөд Сүнгийн балчиг, амь тэмцэм халуунд
Өчнөөн баатар эрсийн ясаар зам бариад
Өнөөгийн их хятадын үндэс суурийг тавьсан нь
Одоогийн монгол бидэнд ямар хүртээл байна?
Мартаад орхисон Монгол нь өмөөрөх эзэнгүй үлдээд
Мангад нохойнд хонгоо ар хормойтойгоо тас хазуулж
Зангад хаванд элгээ энгэр заамтайгаа хүү татуулаад
Тангад бялуугаар тархиа дүйрч мэнэртлээ балбуулаад
Эртний сүр нь доройтож, дэлхийн хөгжлөөс гээгдсэн ч
Эрэлхэг зоригоо хөвчилсөөр энэ зуунтай золгов
Эцэг өвгөд шигээ алсын аян дайнаас
Эх орноо гээд эргээд нэг ирсэн бол
Эзэлсэн улс ч яахав салаад явдаг юм байгаа биз
Бэхэлсэн монгол газар нь бүтэн үлдэх биш үү?
Хас их төр нь амгалан тайван ахуйд
Хотол их улс нь бүрэн цул байхад
Усны гурван манж хичнээн хүчтэй байлаа ч
Улсын хил рүү өнгөлзөх сачий нь хүрэх байв уу?
Хүний нутгийг төвхнүүлэхээр, өөрийн улсаа зассан бол
Хөвчин Монгол хоорондоо дайтаж сарних байв уу?
Их гүрний зэргээс буурай болтлоо унаж
Эрэлхэг охид хөвгүүд нь зовлон үзэх байв уу?
Идэр баатар Чингүнжав, Бээжин хотын гянданд
Эхнэр хүүхэд, гэр бүлтэйгээ тарчлан үхээ ч билүү
Хүний газар Амарсанаа зугатаж яваад өнгөрөө ч билүү
Хүйтэн шоронд Дамдинсүрэн зогсоогоороо нөгчөө ч билүү
Ану хатан, Тэрэлжийн хаданд халуун амиараа
Амраг нөхрөө хаацайлах аюулт хэрэг гараа ч юу
Ацтай, Амтайд Галдан бошигт заналт дайсандаа
Амьдаараа баригдахгүй гэсэндээ биедээ хор хүргээч юу
Гурван улсын гэрээгээр улсынхаа хагасыг алдаад
Гутарч цөхрөхдөө Да лам өвдөж хавдаж өнгөрөө ч билүү
Буурай орны зовлонг биеэрээ амссан маршал
Бууны аманд иргэдээ хэдэн мянгаар нь түлхээ ч билүү
Эгэл хүний ланчигаар эхнэр хүүхэд нь зовно
Их хүний балгаар түмэн ард нь зовдог
Болоод өнгөрсөн явдлыг засаж залруулж болдоггүй ч
Буурал түүхээ судалбал хэтийн явдалд тустай.
Ийм л үг хэлэх гэсэн билээ, гэхдээ чадаагүй
Индэрт манийг юунд урихав, бусдыг л сонсож суулаа
Гэхдээ, хөгжил гэдэг сайхан юм,
Хүссэнээ бичиж болдог болж.
Нүүр хуудаснаас илүү нөхөр үгүй миний
Цээжний үгийг суллаж өгсөн
Чихэрт уулын хүү, Тэмдэгтэд маш их баярлалаа.

Selenge Jadamba


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen