Хөлбөмбөг мэдэхгүй хүнээс хөлбөмбөг мэдэхгүйчүүдээ зориулсан мэдээлэл

Хөлбөмбөг мэдэхгүй хүнээс хөлбөмбөг мэдэхгүйчүүдээ зориулсан мэдээлэлДөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил Оросын холбооны улсад зохион байгуулагдахаар болсон. 6 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 15-ны хооронд ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд тэмцээн явагдана. Москва, Санкт-Петербург, Сочи, Казань, Саранск, Калингранд, Волгоград, Донын Ростов, Доод Новгород, Екатеринбург, Самара зэрэг хотуудад тэмцээн зохион байгуулагдах юм.

1930 онд- буюу анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Уругвай улс түрүүлсэн.

1934 онд – Итали

1938 онд – Итали

Дайны жилүүдэд завсарласан.

1950 онд – Уругвай

1954 онд – Герман

1958 онд – Бразил

 1962 онд – Бразил

1966 онд – Англи

1970 онд – Бразил

1974 онд – Герман

1978 онд – Аргентина

1982 онд – Итали

1986 онд – Аргентина /Энэ үед алдарт Гего Марадона аргентинын багт тоглож байсан/

1990 онд – Герман /Deutschland гэж германыг бичдэг уншихдаа Диешлан гэж уншдаг/

1994 онд – Бразил

1998 онд – Франц /Энэ багт ЗиЗи буюу Зинедин Зидан тоглож байсан. Зидан 2018 оны Аваргуудын лигийн аварга болсон Испанийн Эзэн хааны Реал мадрид клубын дасгалжуулагчаар ажилласан. Реал мадридад Кристиано Роналдо байдаг./

2002 онд – Бразил /Энэ багт бидний танидаг Роналдо тоглож байсан. Одоо түүнийг бүдүүн Роналдо гэж нэрлэдэг болчихсон/

2006 онд – Итали /аваргын төлөө итали франц үлдсэн бөгөөд францын зидан улаан карт авч талбайгаас хөөгдөж байсан. Учир нь тэрээр италийн тамирчинг цээж рүү нь мөргөж дүрмийн бус алдаа гаргасан юм. Италийн тамирчин Зиданы эхнэрийг муулсан зориудаар өдөж зодоон өдүүлсэн тухай тэмцээний дараа мэдээлэл гарч байсан./

2010 онд – Испани

2014 онд- Герман /германы багийг герман машинууд гэж нэрлэх нь бий. Тэд аварга болсон жилээ яг л машин шиг дайрсан байдаг болохоор тэр гэж Балжинням тайлбарлагч хэлж байсан./

Түрүүлж байгаагүй ч гэсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцдог багууд гэж бий. Жишээ нь Хорват, Голланд, Португал гэх мэт…

Голландыг нисдэг Голланд гэж нэрлэдэг. Олон мундаг хөлбөмбөгчинтэй. Шинэ цагийн одод нь Ван Перси, Вандэрвард гэх мэт залуус бий. Тэр толгойгоороо буюу мөргөж гоол оруулахдаа сайн учраас нисдэг голланд гэж 2014 онд нэрлэж байсан. Португалын шигшээ багт энэ жил аваргуудын лигийн аварга болсон Реал мадридын Кристиано Роналдо тоглодог.

Харин Барсалеон багийн Лионил Мисси Аргентинын шигшээ багт багтдаг бөгөөд шигшээ багаа ахлах болов уу. Неймар гэж мундаг залуу бий. Энэ залуу Бразилын шигшээ багт тоглодог. За тэгээд дэлхийн шигшээ болгонд англи, испани, италийн лигт тоглодог од болсон залуучууд тоглоно.

Зохион байгуулагч Оросын шигшээ багийн тухай:

Оросын багууд дотооддоо өрсөлдөөн ихтэй ч гадагшаа гарахаар тийм ч амжилттай бус. Динамо, Спартак, Локомотив гээд Монголчуудад дотно санагдах нэрс олон. Эдгээр багуудад тоглодог шилдэгүүд мэдээж Оросын шигшээ багийг бүрдүүлэх нь ойлгомжтой. Шигшээ багийг Локомотивын дасгалжуулагч Ю.Семин удирдана.

Тэмцээний урьдчилсан тоглолтод Оросын шигшээ тун тааруу амжилт үзүүлсэн. Тухайлбал, өнгөрсөн өвөл Португалын багтай нөхөрсөг тоглолт хийсэн бөгөөд 7-1 харьцаагаар хожигдож, багийн удирдлагуудыг солих хүртэл арга хэмжээ авахаар яригдаж эхэлсэн.

Оросын баг 1958 оноос хойш Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн орж байгаа. Тэр жилдээ шөвгийн наймд, дараагийн буюу 1962 онд шөвгийн дөрөв, 1966 онд шөвгийн найм гэх мэт амжилтуудыг үзүүлж байсан. Улс төрийн шийдвэрээс болоод дэлхийн аваргад ороогүй жил бий. Мөн амжилт тааруу учраас дэлхийн аваргын эрх авч чадаагүй жилүүд ч бий. Хамгийн сайн амжилттай оролцсон жил нь 1962 он буюу шөвгийн дөрөвт үлдсэн явдал юм. Гэхдээ энэ баг нь Зөвлөлт холбоот улсын баг байв. Харин ОХУ-ын баг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа орж байсан бөгөөд 18, 22, 24 дүгээр байрт жагсаж байсан юм.

Энэ жил эх орондоо Дэлхийн аваргыг зохион байгуулж байгаа учраас амжилтаа ахиулж, шөвөг рүү өрсөлдөхийг хичээх биз. Оросын багийн сугалааг азтай гэж тайлбарлаж байгаа. Дэлхийн аварын төлөө 32 улс найман хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Зохион байгуулагч ОХУ А хэсгийг тэргүүлэх бөгөөд энэ хэсэгт Саудын Араб, Египет, Уругвай гэсэн улсууд багтжээ.

Оросын багт Уругвай л хатуу самар байх болов уу. Түүнээс Саудын Араб, Египетийн багтай ижил түвшинд өрсөлдөх боломжтой гэж харж байна. Гэхдээ л дэлхийн аваргын эрх авсан баг гэдэг тийм ч хялбархан самар биш л дээ.

Харин 2010 оны аварга Испанийн шигшээ Португалтай нэг бүсэд таарчээ. Кристиано Роналдогоор ахлуулсан Португалийн баг хэрхэн тоглох бол? Роналдо анхны дэлхийн аварга даа оролцож байхдаа шөвгийн дөрвөөс мултраад уйлж байсныг санаж байна. За ингээд миний мэдэх хөлбөмбөг дууслаа.

Харин Дэлхийн аварга үзэхээр оросыг зорихоор төлөвлөж байгаа бол дараах мэдээллүүдийг хүргэж байна. Оросод эмийн сан, ресторан, дэлгүүр зэрэг нь 24 цагаар ажилладаг тул хаачихвий гэж айх хэрэггүй. Оросод огт танихгүй хүн таны дэргэд ирээд хамт уух санал тавьбал битгий гайхаарай. Тэд угаасаа л ийм улс. Аж ахуйн нэгж, айл өрхүүд нэгээс олон хаалгатай байх нь хэвийн үзэгдэл. Соц үеийн Монголчууд үүнийг ойлгоно доо. Тойрон аялал хийхээр төлөвлөсөн бол оросын метрог зөвлөж байна. Өндөр хурдтай интернет, тав тухтай орчин оросын метро, метроны буудал дээр л байдаг. Мөн дараагийн метрог ердөө 9 секунт хүлээдгээрээ дэлхийн бусад улсаас ялгаатай. Танхайчууд ихтэй учир цөөхүүлээ явахаас болгоомжлох хэрэгтэй. Хоолны хувьд Монголчуудад их тохирдог. Тэд бараг л бидэн шиг хоол хүнстэй. Элдэв, халуун ногоо, хорхой шавьж идээд байдаггүй болохоор хоол хүнсний хувьд асуудал үүсэхгүй.

Оросыг зорихдоо иймэрхүү мэдээлэлтэй байхад бүр таг байснаас л дээр болов уу гэж бодогдож байна. Мэддэг хүнд ичмээр дамшиг гэдэг шиг ийм мэдээлэл оруулсандаа мэддэгчүүдээсээ уучлал хүсч байна. Аав минь байгууллагаасаа шагнуулж, орос явах болоод гэвч хөлбөмбөгийн талаарх мэдээлэл тун дутмаг. Би ч бас дутахгүй л дээ. Тэгээд аавтайгаа, өөртэйгөө адил хүмүүст зориулж, ойр зуурын хэдэн мэдээлэл бэлтгэн нэгтгэн оруулж байгаа нь энэ юм.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen