Өдөр өдрөөр өнгө алдаж буй Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Нap дээр хөөрч үд болсон зуны эхэн сарын энэ нэгэн налгар өдөр хүүхэдтэйгээ тоглож буй залуухан аав ээж, ач зээтэйгээ хамт салхилж яваа өвөө эмээ, дасгал хөдөлгөөн хийж буй ахмад настангууд, бэлтгэл сургуулилалт хийн хичээж яваа тамирчид, инээлдэж хөөрөлдсөн найз нөхөд, дурлалт хосууд цугларсан эл газар бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2009 оны 268 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Маршалын гүүрний зүүн хойд хэсгээс Баянзүрхийн гүүр хүртэлх нийт 960 га талбайд цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар төлөвлөгдсөн. Үүнээс 183 га талбайн ерөнхий төлөвлөгөө гарч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 53 дугаар тогтоолоор эхний ээлжийн 30 га талбайн зураг төсвийг батлуулсан.

Тус хүрээлэн нь Туул голын ай сав газрыг цэцэгжүүлэх, нийслэлийн иргэдийн ундны цэвэр усны нөөцийг нэмэгдүүлж хамгаалалтыг сайжруулан нийслэлчүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дэлхийн өндөр хөгжилтэй улс жишигт нийцсэн амралт зугаалгын төв болох ерөнхий төлөвлөгөөний дагуу 2020 онд гүйцэтгэгдэж дууссан байхаар төлөвлөсөн юм.

Өөрөөр хэлбэл, Энэхүү төслийн анхны төлөвлөгөө дуусахад хоёр жил хүрэхгүй хугацаа үлдсэн ч, бүтээн байгуулалт эхэлснээс долоон жил өнгөрсөн ч 960 га талбайгаас 30 га нь л ашиглагдаж байгаа гэсэн үг. Ийм хэдий ч Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь өдгөө бага насны хүүхэд, залуучууд, ахмад настан гээд бүх насны нийслэлчүүдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг гол газруудын нэг яах аргагүй мөн.

Гэвч хүнээр бол долоохон настай Үндэсний цэцэрлэгт хүрээлэн жил ирэх тусам улам өнгө нэмж, бүтээн байгуулалт сүндэрлэхийн оронд зарим зам талбай эвдэрч, тоглоомын талбай нь хүүхэд тоглоход аюул, эрсдэлтэй болж, орой бүр үүд хэсэг нь хар зах мэт элдэв бараа, бүтээгдэхүүн, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн гар дээрээс худалдаалагсдаар дүүрч, тэр ч бүү хэл архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэгчдийн орогнох, саатах газар болж байгаа тухай мэдээлэл бидэнд ирсэн юм. Энэ дагуу сурвалжилснаа хүргэе.

Хүрээлэнгийн орчинд сул шороо ихтэй байгаа нь ирээдүй болсон балчир үрс төдийгүй бидний ч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Шороотой хэсгээр ус шүршиж байгаа шүршигчийн чанар муудсан болон эвдэрч гэмтсэний улмаас энэ асуудал шийдэгдэхгүй багагүй хугацаа өнгөрчээ. Хүрээлэн бол нийтийн эзэмшлийн талбай юм. Харин тэрийг ойлгохгүй хүмүүс хог, татсан тамхины иш, шүлс, нус цэрээ ил задгай хаях нь хэрээс хэтэрчээ.

Хогийн сав хангалттай тоогоор байрлуулсан боловч хүмүүс хаа таарсан газраа хогоо хаях аж.Мөн хогийн савны тухайд нэг газраа хэт олныг байрлуулсан, зарим хэсгийн хувьд хогийн савнуудын зай холдсон байгаа нь зохион байгуулалт муутай холбоотой харагдсан. Гар дээрээс худалдаа эрхэлдэг болон бусад үйлчилгээ явуулдаг хувь хүмүүсийн дийлэнх нь чанарын шаардлага хангахгүй хоол, хүнсний бүтээгдэхүүн борлуулах, үйлчилгээ үзүүлж байгаа иргэдийн тав тухтай амрах орчинд сөрөг нөлөө үзүүлж байна. Энэ мэтийн асуудлын талаар тухайн нутаг дэвсгэрийн орон сууцны оршин суугчийн санаа бодлыг хүргэж байна.

Д.САРАНТУЯА:ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ОРОЙ НЬ ХАР ЗАХ ШИГ, ҮҮРЭЭР СОГТУУ ХҮМҮҮС ОРИЛОЛДДОГ ГАЗАР БОЛОХ ВИЙ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн Д.Сарантуяа

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаа танд таалагдаж байна уу?

-Улаанбаатар хотод байгаа цорын ганц гэж болохоор амралтын газар энэ л байна даа. Тийм хэдий ч хог хаягдал ихтэй байна. Хүмүүс хогоо их хаях юм. Хэдийгээр цэвэрлэгчид нь байнга ажиллаж байгаа ч хүчрэхгүй байх шиг байна.

-Жил бүр мод тарих үйл ажиллагаанд мөнгө төсөвлөдөг. Гэвч мод нь ургахгүй байна гэх шүүмжлэл байдаг. Энэ талаар таны бодол?

-Тийм ээ, гэхдээ би модны мэргэжилтэн биш. Мод тарьсны дараах арчилгаа чухал, тэр арчилгааг нь сайн хийж чаддаггүй болохоор тарьсан суулгац нь ургадаггүй байх. 

-Худалдаа, үйлчилгээ, наймаа эрхлэгчдийн байдал ая тухтай амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд  хэр нөлөөлдөг вэ?

-Хамгийн хэцүү зүйл бол энэ худалдаа, наймаа эрхлэгчид. Шорлогын үнэр арай л хэцүү. Зуны улиралд цонхоо онгойлгохоор утаа үнэртээд оройн цагаар цонхоо онгойлгож чаддаггүй. Гомдол гаргадаг ч хүлээж авдаггүй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд ч үүнд анхаарал тавьдаггүй. Дээр нь янз бүрийн хятад бараа зардаг. Гол нь энэ хар зах шиг худалдаа наймааг болиулах хэрэгтэй.

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг сайжруулах тал дээр танд хэлэх санал байна уу?

-Тарьсан модоо арчилж, ургуулмаар байна. Тарьцыг хэтэрхий жижиг биш арай томхон, хүний хөлд үрэгдчихээргүйг суулгах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор хүүхэд, томчууд дээгүүр нь харайгаад, гишгээд хугалж, гэмтээчхээд байх юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд ч үүндээ анхаарал хандуулж, хамгаалалт ч болтугай хийх хэрэгтэй. Бас нэг зүйл нь сул шороо маш ихтэй. Жаахан салхитай өдөр шороо босоод тайван сууж, алхаж болохгүй.

Энэ том талбайн жижигхэн хэсэгт тавьсан зам л хэчнээн жил боллоо. Бусад талбайг нь тохижуулж, бүрэн хэмжээний хүрээлэн болгохгүй юм болов уу. Дээрээс нь бага насны хүүхэд тоглох тоглоомын талбайг аюулгүй, эрсдэлгүй болгомоор байна. Гулсуур нь огцом, эгц болохоор хүүхдүүд бэртэж гэмтээд байдаг. Адаглаад хуруугаа тулгана, уруудах эрчиндээ хүчтэй унана, эвгүй суувал толгойгоороо унана гэх мэт эрсдэл их байдаг. Үүнийг засаж, хүүхдэд ээлтэй болгомоор байна.

-Оройд согтуу хүн хэр их байдаг вэ?

-Дулаараад ирэхээр янз бүрийн хүмүүс цуглардаг. Тэгээд үүр цайтал шаагилдаад л, юугаа ч хийдэг юм. Үүрээр орилж чарлалдаад сэрээнэ. Тэр нь хэцүү. Хааяа эргүүлийн дүрэмт хувцастай цагдаа нар явж харагддаг.

Тийм болохоор залуусын чөлөөт цагаа өнгөрүүлдэг ганц газар болох Цэцэрлэгт хүрээлэн орой нь хар зах шиг болж, үүрээр согтуу хүмүүс орилолддог газар болох вий гэж л санаа зовж байна. Ер нь ч ийм дүр зурагтай л байна.

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД ЭХНЭЭСЭЭ ЭВДЭРЧЭЭ

Ийнхүү ярилцаад цааш явахад энд тэндгүй татсан тамхины иш, цаасан болон хуванцар хог хаягдал энд тэндгүй байв. Мөн хогийн сав, сандал, явган хүний зам гэх мэтийн зүйлс эмтэрч гэмтсэн байдалтай байсан бөгөөд тэдгээрийг засварлах эсвэл солих шаардлагатай байгаа нь илт.

Түүнчлэн тус хүрээлэнгээр үйлчлүүлэгчид "Оройн цагаар архи тамхи согтууруулах ундаа хэрэглэсэн залуус хаа сайгүй болчихдог. Тэр хүмүүст хараа хяналт тавихгүйгээс болж хүрээлэнд архидан согтуурч сандал дээр нь унтаж, үүр цайлгаж байна. Салхилж, зугаалж буй хүмүүсийн болон замын ард байрлах орон сууцны оршин суугчдын амар тайван байдлыг алдагдуулах зэргээр хүндрэл учруулдаг.

Энэ хяналтгүй байдал нь олон сөрөг үр дагавар авчрах ба цаашлаад гэмт хэргүүд гарах урьдач нөхцөл болж болох юм. Хамгийн сайхан энергитэй, цэвэрхэн ая тухтай, тохилог, тайван амгалан байх газар боловч ийм байдалтай байгаа нь харамсалтай. Иргэд нь ч ухамсартай байж, хүрээлэнгийн удирдлагууд ч энэ талаар арга хэмжээ авах шаардлагатай” гэж байлаа.

Үүнээс гадна сүүлийн хэдэн жил нэг ч бүтээн байгуулалт нэмэгдээгүй, байгаа хэд нь эвдэрч, хэмхэрсэн нь хаа сайгүй. Мөн тарьсан ч ургаагүй мод, бутнаас өөр "бүтээн байгуулалтгүй” талбай дийлэнхийг нь эзэлж байгаа нь гунигтай.

Ялангуяа манайхтай ойролцоо хөгжилтэй улс орнууд хүүхэд, залуусынхаа чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зам талбай, цэцэрлэгт хүрээлэн, гудамжинд хэрхэн ач холбогдол өгч, эрүүл, аюулгүй хийгээд тохитой, боловсон байдалд анхаардаг талаар дурдвал тоочоод барахгүй. Хамгийн наад захын жишээ нь, ямар ч улсын дугуйн, гүйлтийн зам дагуу дугуйгаар явахдаа юуг анхаарах зэрэг аюулгүй ажиллагааны дүрэм журам, таних тэмдэг хаа сайгүй байж байдаг. Тэр ч бүү хэл нохой болон гэрийн тэжээвэр амьтдаа бусдад саад болохгүйгээр хэрхэн салхилуулах талаар зөвлөмж хүртэл өлгөсөн байх нь түгээмэл.

960 га газрыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнх хэмээн өмчилж, эзэмшиж буй тус хүрээлэнгийн удирдлагууд, менежментийн багийнхан сүүлийн жилүүдэд юу бүтээж, хэрхэн ажилласан нь дээрх байдлаас тодорхой харагдаж байгаа биз ээ.

Ш.АРИУНГЭРЭЛ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen