Нутгаасаа гадныхныг биш эхлээд тархинаасаа хогоо цэвэрлэе

Нутгаасаа гадныхныг биш эхлээд тархинаасаа хогоо цэвэрлэе

 

Бид үндэс угсаа, жалга довны үзлээр дотроо хүртэл талцан хуваалцдаг болохоор гадныхныг ад үзэх нь аргагүй гэлтэй. Ингэхдээ "Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэсэн захиасыг лоозон болгож, хавьтсан ойртсон болгоныг нүд үзүүрлэх болсон. Өвөг дээдсийн алтан сургаалийг бид үггүй дагах учиртай. Гэвч цээж дэлдэн ихэрхэх бидний монголчуудын "үзэл”-ийн тухай ойлголт нэг л ташаа яваад байх шиг. Та үндсэрхэг үү, үндэсний үзэлтэй юу гэдгээ мэдэх үү?

 

Энэ үзлийн тухай, эх оронч гэж хэн бэ гэсэн ойлголтын тухай онолыг энд нурших гэсэнгүй. Харин бидэнд гадныхнаас түрүүнд гай болж байгаа тэр л зүйлд анхаарлыг тань хандуулах гэсэн юм. Тэр бүхэн бидний тархинд хур хог болон овоорсоор байгааг сануулахыг зорьсон юм.

Бидэнд олон дайсан бий.

Газар нутагт минь шунан тачаадах тэр харийнхан бүгд бидний дайсан гэж туйлшрах нь өрөөсгөл юм. Улс орны эдийн засаг, соёл, боловсрол, ер бусад бүхий л салбарт даяаршлын үрийг тарьж, улмаар үрээ үндэслүүлэн соёолуулж, бүр нахиалан цэцэглүүлсэн гадаадын олон эерэг хамтрагчид байгааг дурдах хэрэгтэй. Манай ихэнх залуусын хамгийн ихээр үзэн яддаг өвөрлөгчдөөс бидний хийхгүйг хийж, голсныг гогдож яваа хүмүүс ч байгааг хүлээн зөвшөөрөх учиртай.

Тэгвэл хамгийн хамгийн тодотголтой урд хөршийнхнөө илүү аюулт заналт дайсан бидний дотор байна. Энэ бол архидалт, намчирхал, залхуурал. Монголчууд архи согтууруулах ундааны хэрэглээгээрээ Азид дөрөвдүгээрт орж байна гэж ДЭМБ мэдэгдсэн. Дэлхийн ихэнхи оронд жил

д нэг хүнд ногдох архины хэмжээ 8-9 литр болоход үндэсний хэмжээнд аюул учирч байна гэж үздэг бол манай оронд нэг иргэнд жилд 2015 оны байдлаар 7,2 литр архи, 25.3 литр шар айраг ногдож байгаа гэнэ. Энэ оноос хойш тийм ч хол зөрүүтэй өөрчлөлт гараагүй л болов уу.

Ингээд бид архин дундуур хөвөөд манарч байх хооронд дээгүүрх нь эгэл түмнээ ашиглан хэдэн хэсэг болгон талцуулж, тасчин хувааж, манай танай, хүний өөрийн гэх нь улам даамжирч байна. Аргачлал нь ч улам нарийсч байгааг зарим юм мэдэх хүмүүс хэлэлцэж байна. Гурван сая гаруйхан хүн амтай Монголчууд улс төрийн 28 намтай. Нам болгон нь гишүүдтэй байж таарна. Төр барьж байгаа хоёр нь "олгой хагаравч тогоондоо” гэдэг мэргэн үгийн утгыг алдагдуулж, "томчууд” нь байнгын хэрүүлтэй, нударга зөрүүлээстэй, эсвэл шивнээстэй, ардаа тохироостой болсон. Тэднээс ичих булчирхай нь хүртэл ичээд явчихсан байх. Тиймээс улс төрөө бид намаас цэвэрлэх хэрэгтэй болж байгаа юм.

Удаах дайсан бидний яг өөрсдийн тархин дотор байна. Хэзээнээсээ Монголчууд бэлэнчлээд сурчихсан гэж хүмүүс ярьдаг. Сурсан занг сураар боох цаг нь болсон гэдгийг өнөөдөр бидэнд олон зүйл гэрчлээд байсаар байтал тал шигээ уужуу гэдэгтээ бат итгэлтэйгээр хойш суусаар тартагтаа тулах нь. Аливаа улсын хөгжлийн үндэс нь дотоодын ажиллах хүч. Тухайн улсын хүн амын 80 хувь нь ажилчин анги байж гэмээ нь улс орон өөдлөн дэвжиж, хөгждөг гэдэг. Тэгвэл бид үүний яг урвуу хамаарлаар явж байна. Бидний 80 хувь нь дээд боловсролтой. Диплом өвөртлөөд л шууд дарга болохыг санаархсан ажилгүйчүүдийн тоо өдрөөс өдөрт өссөөр байгаа нь эмгэнэл. Ажил голно, цалин голно. Улс оронд хийх юм их байна. Цаг хугацаа хүлээхгүй. Дэлхий агшин хормоор шинэчлэгдэн хөгжиж байна. Гэтэл манай ажил гологсод элдэв шалтаг заан хойш суусаар. Үүнийг бас залхуурал ч гэдэг. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2018 оны гуравдугаар сарын эцсийн байдлаар 34.2 мянга байна. Энэ оны эхний улиралд гэхэд ажилгүй 18.1 мянган иргэн шинээр бүртгүүлсэн байгаа юм. Үүний цаана бүртгэлгүй хэчнээн иргэд байгааг мэдэхгүй. Ажилтай байлаа ч цалингийн бараанаар сураг алдардаг хүмүүс манайд харин олон бий. Хором бүрээр хэмжигдэн үнэлэгдэж буй ажлаа цаг хугацаанд нь гүйцэлдүүлэхийн тулд тэднийг орлох найдвартай хэн нэгэн хэрэг болох нь гарцаагүй. Ингээд л нөгөө ад үзээд байдаг хужаа нар орыг залгах болно. Тэдэнд хоол, тамхи байхад л ажлыг "шожигнуулдаг” гэх юм билээ.

Монголд сэтгэл гэдэг зүйл л дутагдаад байгаагийн илрэл энэ. Үүнээс гарах олон арга байж болно. Жишээ нь, төр, ард түмэн юун түрүүнд дээд боловсролоос илүүтэй ажилчин ангийг бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулж, улмаар улс төрөөс ангид бүлгийг бий болгох шаардлагатай. Энэ нь чинээлэг дундаж давхаргыг бий болгох боломжийг ч олгох эерэг талтай. Үүний тод жишээ нийгэмд бий.

МСҮТ-үүд ажилчин бэлтгэж эхэлсэн ч, эндээс гарсан иргэд мөн л ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байгаа нь тэдний үйл ажиллагаанд дүн тавих үйлдэл болж харагддаг. Тэгэхээр энэ асуудалд ч анхаарлаа хандуулж, хяналттай болгоход илүүдэхгүй.

Ингээд хөдөлмөрлөөд ирэхээр архидан согтуурах ч завгүй болно. Үүнийг дагаад нийгэмд гарах аймшигт хэргүүд, элдэв гэмт хэргүүдийн гаралт ч буурах зэргээр олон эерэг талууд урган гарч ирнэ.

Энэ бүхний эцэст бид ажлыг гололгүй, улс орныхоо, улмаар ар гэр, үр хойчийнхоо төлөө чин сэтгэлээр ирэх хэдэн жил гар нийлэн хөдлөхөд өнөөдөр болохгүй, бүтэхгүй, чадахгүй юм гэж байхгүй. Бид хөдлөөд эхлэхийн цагт ажилгүйдэл багасч, тэр хэрээр гаднаас ирэх ажиллах хүчний цуваа ч цөөрч бид эх орондоо эзэн шиг эзэн суух боломж бүрдэнэ. Ингэсэн цагт бид өөрсдийгөө үндэсний үзэлтэн хэмээн бахархалтайгаар хэлж болно. Тэр цагт өвөг дээдсийн захиасыг ч батлан хамгаалах чадал тэнхээтэй болно. Түүнээс биш бусдаас өөрсдийгөө тусгаарлан, зөвхөн бид, эх орны минь хилийг хэн ч давж болохгүй гээд цээжээ дэлдээд байвал бид жинхэнэ үндсэрхэг гэдгээ харуулахын хамт гадуурхагдсан нэгэн үндэстэн болж хог шиг хаягдан үлдэх эрсдэлтэй.

Харин бид үндсэрхэг үзлээ наад зах нь худалдан авалтаар харуулж болно. Түүнчлэн гудамжаа бохир харагдуулахгүйн тулд хогоо хаяхгүй байхаас бидний үндэсний үзэл эхэлнэ. Тэгэхээр бид хамгийн түрүүнд цэвэрлэгээг өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй юм. Тархин дахь хогоо цэвэрлэж жинхэнэ Монгол хүн болсон цагт биднийг харийнхан орлож үл чадна.

Энд нэгэн зүйлийг дурдахад, янз бүрийн тодголтой "Монгол” гэж өөрсдийгөө нэрлэсэн бүлгэм, хөдөлгөөний залуус, хамт олон харийнхныг сүрдүүлэхээс өөр яг эх орондоо нэмэртэй, улсын хөгжилд тустай ямар хөдөлмөр эрхэлдэг нь сонирхол татдагийг нуух юун.

Магад уншигч Та бичигч намайг "ихэд амархан юм шиг бодож байна” гэж шүүмжилж болох. Дээр дурдсан бүхэн зөвхөн сэтгэлээс үүдэлтэй гэдгийг ухан болгооно биз ээ.

Undesten.mn
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen