Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг хоёр салгах нь

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг хоёр салгах нь-Шийдвэрээсээ буцагсад-

Сонгууль бүрийн дараа төрийн алба ташраараа солигдож, халаа сэлгээ хэрээс хэтэрдэг. Улстөрч болгон үүнийг хэлдэг, ярьдаг ч бид засч сайжруулж чадахгүй өнөөг хүрлээ. Бүр нэг намын өмнөх, дараахь Засгийн газар гаргасан шийдвэрээ өөрчилдөг болтлоо Монгол төрөөр тоглож байна.

Ганцхан жишээ Ж.Эрдэнэбатын Засгийн газар Оюуны өмчийн болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын нэгтгэх шийдвэр гаргаж байсныг одоогийн УИХ үг дуугүй дэмжиж баталж өгч байсан цаг саяхан. Тэгвэл У.Хүрэлсүхийн кабинетын үед энэ хоёр байгууллагыг салгахаар нэр бүхий гишүүд хуулийн төсөл санаачилсан байх юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Учрал нарын гишүүд Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь шийдэхээр төлөвлөжээ.

Оюуны өмчийн газрыг УБЕГ-тай нэгтгэх үеэр нэр бүхий хуульчид Үндсэн хууль зөрчсөн шийдвэр хэмээн Цэцэд хандаж байжээ. Өөрөөр хэлбэл, ингэж нэгтгэсэн нь  хууль дээдлэх зарчим болон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэхгүй байна гэж үзэж байж. Гэсэн ч өнгөрсөн жил гаруйн хугацаанд хоёр агентлагийг нэгтгэн ажиллуулж ирсэн. Ингэхэд тамга, тэмдэг, хаяг өөрчлөгдөх, нүүдэл суудал гээд тодорхой хэмжээний зардал, чирэгдэл гарч байв. Одоо дахиад ийм өөрчлөлт хийж, татвар төлөгчдийн мөнгөөр "гараа угаах” үйлдэл хийх гэж байгаа ч хоёр өөр чиг үүрэгтэй байгууллагыг салгах нь олон улсад нэгдэн орсон конвенц болоод хууль тогтоомжийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн явдал гэж төсөл санаачлагчид үзжээ.

Улсын Их Хурлын 2016 оны долдугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэн зохион байгуулахаар болсон нь Парисийн конвенцыг зөрчжээ. Оюуны өмчийн газар оюуны өмч эзэмшигчийн онцгой эрх зөрчигдөхтэй холбоотой гомдлыг шийдвэрлэх зорилготой байгууллага. Харин Улсын бүртгэл улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг үндсэн зорилготой газар. Ийм хоёр өөр чиг үүрэгтэй байгууллагуудыг нэгтгэснээр оюуны өмчийн улсын хяналтын тогтолцоо ойлгомжгүй, түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг дордуулсан, орон тоо бүтцийн хувьд хязгаарлагдмал байдалд хүрээд байгаа аж.

Хуулийн төсөл гурван заалттай бөгөөд оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал, өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудлуудыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяалалд шилжүүлэхээр тусгажээ. Цаашилбал УИХ-ын 2016 оны 12 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг чиг үүргийн хувьд ялгаатай Оюуны өмч, инновацийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар гэж өөрчлөн байгуулахаар заагаад байна.

Ер нь аль ч нам олонхи болсон үедээ хольж сольдог, өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж улс орны ашиг сонирхлыг хойш тавьдаг байдал газар авч байгаагийн нэг жишээ Тахарын албыг байгуулаад эргээд татан буулгасан явдал. Түүнчлэн 2013 онд Боомтын нэгдсэн захиргааны газар байгуулж, төд удалгүй жилийн дараа Гаалийн ерөнхий газарт нэгтгэсэн. Цаашлаад Гаалийн ерөнхий газрыг Татвартай нэгтгэсэн байсныг МАН засгийн эрх авсныхаа дараа буцаагаад салангид болгосон билээ. Одоо салж, нийлэхдээ тулаад байгаа улсын бүртгэлийн газрыг өмнө нь статистиктай нийлүүлж, бас салгаж байсан удаатай.

Ийм жишээнүүд засгийн эрхийг ээлжлэн барьж байгаа хоёр намын хувьд гарч байсан бол МАН олонхи болсон үедээ гаргасан шийдвэрээ жил гаруйн дараа өөрчлөх гэж байгаа нь энэ гэж хэлж болохоор байна.

 
Eagle.mn
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen