Чамлахаар чанга атга

Чамлахаар чанга атгаГерманы Дюссельдорфд болсон жүдо бөхийн "Их дуулга” тэмцээнээс монголын баг тамирчид дөрвөн хүрэл медальтай ирлээ.
Тийм ээ дөрөвхөн хүрэл медаль. Чамлам санагдаж байгаа биз. Тэгвэл чамлахаар чанга атга гэдэг үгийг саная. Яагаад гэхээр энэ тэмцээнд 70 гаруй орны 500 бөх зодоглосон гэхээр дэлхийн аваргын хэмжээнд ойртсон гэхээр байгаа юм.
Шагналын сан 100 мянган ам.доллар. Энэ нь бас орон орны тамирчдыг даллан дуудсан биз. Нөгөө талаар Монголын баг, тамирчдын бүрэлдэхүүн голдуу шинэ залуусаас бүрдсэн байсан. Тиймдээ ч тэдний дундаас медальтнууд тодорсон нь яах аргагүй амжилт байлаа.
Дэлхийн аварга Г.Болдбаатар, гавьяат тамирчин Г.Одбаяр, тивийн аваргын алт, мөнгөн медальт Ц.Наранжаргал, Азийн аварга Д.Алтансүх, дэлхийн залуучуудын аварга Ө.Дүүрэнбаяр нарын шилдгүүд тэнд олигтой барилдаж чадаагүй байхад тив, дэлхийн тэмцээнд тийм ч олон удаа оролцож байгаагүй залуучууд цойлон гарч ирснийг тэмдэглүүштэй л дээ.
Томчуудын алдааг залуу бөхчүүд засаж чадлаа гэж ч хэлж болох. Хүрэл медаль хүртсэн Л.Энхрийлэн дөнгөж 18 настай бол Б.Эрхэмбаяр, Б.Ганхайч нар 20 гарч яваа өсөх ирээдүйтэй тамирчид юм. "Сүлд” спорт хорооны тамирчин, ОУХМ Л.Энхрийлэн тун богино хугацаанд амжилт нь өсөж байна. Тэр ДАШТ, өсвөрийн Азийн АШТ-ий мөнгөн медальтай, "Чингис хаан” гранпригийн аварга гээд оролцсон тэмцээн бүхнээсээ медаль авч байгаа юм.
Саяын тэмцээндээ хэсгийн аваргын төлөө барилдаанд Их Британийн бөхөд дийлдсэн ч дагах барилдаанд Японы бөх, дэлхийн аварга Удака Нэе, медалийн төлөө барилдаандаа ОХУ-ын бөх Анастасия Конкина нарыг цэвэр ялсан байна. Тэгвэл 63 кг-д өнгөрсөн жил гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэгийг ялж шуугиулсан Б.Ганхайч  бас л чанга бөх гэдгээ харуулж медалийн төлөө барилдаанд олимп, дэлхийн аварга Т.Трстенякийг өмнөх даваанд ялсан Кубын бөх М.Карвахалыг илүүрхэн орхиж "Их дуулга” ангиллын тэмцээнээс анхны медалиа авч байгаа нь энэ юм.
Тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн тамирчид дундаас мөн л залуу тамирчин Г.Алтанбагана (90 кг) хүрэл медалийн тавцанд зогсож чадлаа. Ингэснээр манай баг дөрвөн хүрэл медаль хүртэж, V байрт дөрвөн бөх, VII байрт хоёр бөх жагссан амжилтаар 71 орноос 16-д орлоо. Тэгэхээр залуу жудочдын амжилтыг үнэлэхээс аргагүй ээ.
Өмнө нь Х.Цагаанбаатар, С.Ням-Очир, П.Лхамдэгд, Г. Болдбаатар нар түрүүлж, Д.Сумъяа, М.Уранцэцэг, Ц.Мөнхзаяа нар мөнгөн медаль хүртэж мөн олон жүдоч хүрэл медаль авч байсанд хүрсэнгүй гэж чамлаад ч яахав. Залуу жүдочиддоо урам өгөх нь чухал болов уу. Нэг үгээр хэлэхэд тэд багийнхаа алдартнуудаа ардаа орхиж шүү дээ.

 

Д.Надмид

Эх сурвалж: "Зууны мэдээ сонин"

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen