Хүчирхийллийг шийдэх цорын ганц зам: Монголчууд өөрсдийгөө судалъя

 
 
Ч.ҮЛ-ОЛДОХ 

"Чингисийн Монгол.Тэнгэрлэг заяатай ард түмэн” хэмээн бид цээжээ дэлддэг. Чингис хаантай хамт дэлхийн талыг эзэлж явлаа гэх нь холгүй,  мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг бурна. Боорчи, Мухулай, Зэв, Зэлмэ гээд есөн өрлөг, хүлэг баатруудын дайнд  өөрсдийгөө  тавьж хөөргөнө. Эр зориг, эрэмгий дайчин байдал,  дорой буурай, өнчин  нялхаст  дээрэлхдэггүй, ах  захаа  хүндэлж, ард олноо ачилдаг, хэлснээсээ  буцдаггүй, зорьсноосоо няцдаггүй үнэнч шударга гүндүүгүй занг  нь бахдахын  сацуу өөрсдийгөө тийм гэж рекламдана. Гэтэл өөрсдөө монгол хүний тэр зан төлөв, хүн чанараас асар хол гээгдчихжээ. Чухамдаа Чингисийн Монгол биш болчихож. Тэрийгээ огт ухаардаггүй, өөр рүүгээ өнгийж харах дургүй. Хажуугаас нь хүн хэлбэл, өөрийгөө өмөөрч өчнөөн юм болно. Өнөөдөр Чингисийн Монгол хүчирхийллийн  орон болжээ. Монгол эрчүүдийн 97 хувь  нь  гэр бүлийн хүчирхийлэл  үйлддэг гэж  Олон улсын эрхзүйн хөгжлийн байгууллага  судалгаа гаргав. Энэ бол хууль хяналтын байгууллагад мэдэгдэж, шүүхээр шийдүүлсэн хавтаст хэргээс авсан тоо.  Далд хэлбэрт бугшсан гэр бүл, ураг төрлийн, бэлгийн, бие махбодийн, сэтгэл санааны хүчирхийлэл тоогоо алджээ. Саяхан "Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан амьдралын боломжгүй айл өрхийн хүүхдүүдийг баярлуулахаар гэр хороололд  өвлийн  өвөө болж очихдоо  орсон айлынх нь аавууд хүчирхийлэгч болчихсоныг  олж харсан байна. Охин хүүхдийнх  нүд айдастай, эхнэр нь хүлцэнгүй, хөвгүүд  нь өлөн  зэлмүүн ийм л  байдал түүнийг угтаж.Учрыг  тандвал  эцэг нь охиноо  байнга  хүчирхийлдэг, эхнэрээ дарамталж, хөвгүүдээ зоддог  болохыг ойр хавийнхан нь мэдээлжээ. ХЭҮК-ийн тайланд 2015-2017 онд 298 хүүхэд хүчирхийлэлд өртсөнийг  дурдсан. Ой, зургаан сартай нярайгаас өгсүүлээд 13 хүртэл насны охид аавдаа, хойд эцэг, хойд эцгийн хүү, авга болон нагац ахдаа хүчирхийлүүлсэн хэрдхийм мэдээлэл олон нийтэд ил боллоо. Бага насны охидыг хүчирхийлж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, амь насыг нь хэрцгийгээр хөнөөсөн хэрэг хот, хөдөөгүй гарсаар байна.  Нөгөө дэлхийн талыг эзэлж явсан Чингисийн монголчууд энэ юм гэж үү. Энэ чинь тэнгэрлэг заяатай  ард түмэн  мөн үү?

Хойд хөрш маань "Орос хүн гэж хэнийг хэлэх вэ” нэртэй таван боть гаргасан байдаг. Урд хөрш өөр рүүгээ хандсан, өөрсдийгөө толинд харсан "Муухай Хятад хүн”-ээс эхлээд олон арван бүтээл, хятад хүний талаарх маш олон судалгааг хийж, түүнийгээ баримталж ирсэн. Японууд ч өөрсдийгөө маш сайн судалсан, хатуу ёс дэгтэй, аливаад тэр зарчмаа баримталдаг улс. Тэдний хэн нь ч хөрш зэргэлдээ улс орноо, хүн ардтай нь судалчихсан. Жишээ нь, монголчуудтай харилцахад юу анхаарах вэ, тэд ямар зан чанартай вэ гэдгийг газрын зураг шиг зурчихсан тэрийгээ баримталж, гадаад харилцаа, хөрөнгө оруулалтыг урагшлуулахын тулд Монгол судлалд багагүй хөрөнгө хаяж ирсэн нь нууц биш.

Тэгвэл Чингисийн Монгол гэж хэн бэ. Монгол хүн гэж хэнийг хэлэх  вэ. Энэ асуултын мөрөөр ШУА-ийн хаалгыг тогшиж, эрдэмтдийн судалгаа, шинжилгээний бүтээлүүдийг сөхөж үзэв. Эртний хүн судлал, түүх-археологи-антропологийн судалгаанд  Төв-Азийн цээжинд нутаглаж ирсэн монгол төрхтөн намхан нуруутай, хавтгай царайтай, намхан хамартай, бахим чийрэг  биетэй, дайн тулаанд гавшгай  гэхчлэн тодорхойлолтууд хөвөрнө. Угсаатны зүй судлалд монголчуудын газар нутгийн тархац,  үндэстэн, ястны соёл,  зан заншил, монгол хүний генийн талаарх мэдээллүүд байгаа ч яг  монгол хүн хэн бэ гэдэгт  нарийн дэс дараалалтай суурь судалгаа  алга. Анагаах ухааны талаас монгол хүний биеийн хөгжил, зарим эрхтэний бүтэц гэхчлэн  шинжлэх ухааны  нээлтүүдийг хийсэн нь тухайн салбарт хамаатай судалгаа юм. Эртний ном зохиолоос үзвэл   Инжинашийн "Хөх судар”-т

"Монгол хүний  зан нь хэдүй чигч шулуун боловч сэтгэл нь атгагхагтай, зан нь цухал, явдал нь цөлс. Аж төрөх нь  түгдэг тагдаг, харанхуй бурангуй, хэлэлцэх нь хэрцгий догшин, оморхог бардам. Байдал нь болхи бүдүүлэг, сүрхий муухай, явдал нь огт бод бат үгүй, тэнэг омгорхог баахан байвч урт хол зүрх сөс үгүй. Хүч маш сайн бөгөөтөл өнө удаан зориг тамиргүй. Ёслол дүрэм, цээр ичгүүр хэмээгчийг нэгмөсөн мэдэхгүй. Хэдүй уул талын араатан жигүүртэн ба хүн амьтны морь мал нь боловч догшин долгин, зэрлэг тэрс. Энэ мэтэд, одоо чухам энэ өмнө тивийн тэргүүн нэгэн авшгүй гээгдсэн газар бөгөөд хүн нь мөн болшгүй жигшмээртэй. Тэргүүн нэгэн худалч бардам, цөлс, итгэлгүй амьтан буюу. Тийнхүү манай энэ тэнэг мунхаг монгол, үнэхээр хүний доторх адгуус мэт маш жигшүүртэй хүн бөгөөд биеэс нь адгуус хонь ямааны үнэр гарч, салхин доор өнгөрсөн хүн бөөлжин цухалдмуй, үнэхээр халж баршгүй зэвүүрэлтэй муухайн туйлд хүрсэн нь бус уу " гэж тодорхойлжээ.

Монгол хүний менталитет буюу унаган төрхийг нэлээд эртний үеэс философийн үүднээс судалсан, нөгөө талаас орчин үе рүү нэлээд хандуулж судалсан  хүн бол доктор Н.Хавх гэдгийг судлаач Д.Ганхуяг тэмдэглэсэн  нь бий. Жишээ нь, доктор Н.Хавх монгол хүний сайн талуудыг нь "нэг чигт шударга шулуун гүндүүгүй байдал, бусдыг хуурч мэхлэх, залилах явдалгүй бат үйл, бусдыг тэтгэх болон бусдаас харж хүлээж хүсэх хиргүй тунгалаг сэтгэл, ах зах дээд хүмүүст үзүүлэх сэтгэлээ дагасан хүндэтгэл, бусдыг сэтгэлээрээ шууд мэдрэн таних онцгой чадвар, өрөвч зөөлөн харимтгай сэтгэл, бусадтай хиргүй цагаан сэтгэлээр харьцах харьцаа, сэтгэл санааны их эрч хүч, эрмэлзэл тэмүүлэл” хэмээсэн байна.  Харин муу талуудыг  "өрх гэрийн хүрээнд ураг төрлийн хүмүүсийн харьцаагаар бий болсон хязгаарлагдмал үзэл бодол нь өөр хүрээлэлд таарч тохирохгүй болоод ирэхлээр хямралын байдалд илүү хэмжээтэй орно, түүнээс гарахын тулд тэр үедээ тархи толгойгоо эрч далайцтай ажиллуулна, ухаан бодлоо сийлнэ, тэр хэрээр хурдан түргэн хямралаас гарах арга замыг олно, харин энэ хооронд үе үе туйлширна, өрх гэрийн хүрээнд төлөвшин бий болсон тэр сайн талыг үзэл бодол, шинж, унаган төрхөөсөө огцом эрс ухарч, бусдыг дуурайн, тэднийг аялдан дагаж хошуурна, эс дагагсадыгаа хавчиж шахна, овжин зальтай, хуурч мэхлэх, итгэл алдуулах, хувиа хичээх явдлыг чухалчлан сонирхоно, залуус нь эцэг эх, ахмад үетэйгээ, эхнэр нь эр нөхөртэйгөө эвдрэлцэж, тэд нь ч үр хүүхэд, залуу үе, эхнэртээ итгэх итгэлээр тааруу болно” гэж дүрсэлжээ. Түүний дүгнэлт Хятадын эртний сурвалжууд, гадаадын жуулчид, тухайлбал, Марко Поло, Плано Карпини, Гильом де Рубрук нарын аян замын тэмдэглэл, гадаадын эрдэмтэд тухайлбал, академич М.И.Майский нарын олон эрдэмтдийн зохиол бүтээлд тодорхой дурдсан дүгнэлттэй  үндсэндээ давхцдаг тухай ч тэрээр бичсэн нь бий.

Социализмын үед  гаргасан ганц нэг ном, бүтээлд соиацлизмаас коммунизмыг бүтээх тухай номлохдоо үнэнч шударга,  арвич хямгач, өмч хөрөнгийг нүдлэн хамгаалагч байх гэхчлэн   уриа лоозон дэвшүүлж ирсэн бол  монгол хүүхэд ах захаа хүндэлдэг, дуулгавартай, ном, эрдэмд шамдах тухай заасан илтгэл, тэмдэглэл, онол арга зүйн бүтээлүүд байдаг аж. Социализмын үед бас чиг коммунизм байгуулах зорилттой, түүний төлөө социалист өмчийг хайрлан хамгаалдаг, үнэн ч шударга, ажилч хөдөлмөрч гэхчлэн зан чанарыг зааж төлөвшүүлж байж. Тэр нь тухайн цагтаа таарч тохирч байсан болохоос өнөөдөр тэр цаг үе ард хоцорсон.

Монголчууд  1990 онд ардчилсан хувьсгал хийж, хэмжээгүй эрх чөлөөтэй боллоо хэмээн сэтгэж ардчиллыг  дураараа дургих гээд эсрэгээр нь ойлгочихсон.  Ардчилал чөлөөт нийгэмд  шилжсэн  гээд  тэр нийгэмд монгол хүн ямар байх тухай, түүний үнэт чанар, зан  байдал, хэрхэн биеэ авч явах, харилцаа, хандлага зэргийг тодорхойлсонгүй.  Ийнхүү өнөөг хүртэл монголчууд өөрийн хэн болохыг таниагүй явж  ирэв. Өөрийгөө таниагүй хүн үр хүүхдийнхээ хэн  болохыг, яаж харилцахаа  мэдэхгүй шүү дээ. Өнөөдөр  Монгол Улсын хүн амын  нэг сая гаруй нь буюу 35.8 хувийг  0-18 насны хүүхэд, залуус эзэлдэг ч  "Монгол хүүхэд гэж хэн бэ” гэдгийг тодорхойлсон судалгаа алга. Харин үр хүүхдээ хүчирхийлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан тоо баримт л өдрөөс өдөрт өссөөр байна.

Саяхан л  Чингисийн Монгол гэж цээжээ дэлдэг байсан монголчууд өнөөдөр хүчирхийллийн орон болчихлоо. Чингисийн монголчууд гэж хэн бэ, ямар хүмүүс байв. Өөрсдийгөө толинд харъя, хэн болохоо судалъя.Бидний өмнө байгаа хүчирхийллийг шийдэх цорын ганц арга зам нь  монгол хүнээ  судлах юм.  Та хэн бэ, би хэн бэ, монголчууд хэн юм бэ?

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen