ТУЗ-ийн дарга нь Хятадад баривчлагдаад буй “Саутгоби Ресурс” –ын 500 сая ам.долларын зээлийн түүх!

"Саутгоби Ресурс” компанийн ТУЗ-ийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Б.Аминбөхийг  БНХАУ-ын Rizhao хотын хорих төвд  залилангийн хэргээр саатуулсан тухай мэдээлэл анхаарал татаж байна. Түүнийг баривчилсан шалтгаан нь 2009 оны арваннэгдүгээр сард БНХАУ-ын  төрийн өмчит  "China Investment Corporation” компаниас 500 сая ам.доллар зээлсэн асуудалтай холбоотой байж магад гэсэн мэдээлэл байна. Гэхдээ бүрэн тодорхой мэдээлэл биш гэдгийг тодотгох нь зөв биз ээ. Ямартай ч   түүнийг "Саутгоби Ресурс” компанийн удирдлагынх нь хувиар өмнөд хөршид баривчлаад байгаа нь компанийн үйл ажиллагаа, мөнгө зээлийн асуудалтай холбоотой байхыг шууд үгүйсгэх аргагүй юм.

Хятадад баривчлагдсан гэх Б.Аминбөх гэж хэн бэ? гэдэг асуултад хариу өгөх нь  зөв биз.

"Саутгоби Ресурс”-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд гүйцэтгэх захиралБ.Аминбөхийн талаар компанийнх нь  веб сайтад дараах зүйлийг өгүүлжээ.  

Ноён Аминбөх Саусгоби компанийн ТУЗ-ийн дарга болон Гүйцэтгэх Захирлаар 2017 оны 7 сарын 5 –аас томилогдон ажиллаж байна. Тэрээр Саусгоби компанийн ТУЗ-ийн гүйцэтгэх бус гишүүнээр 2015 оны 8 сарын 6-нд томилогдож байсан ба компанийн ТУЗ-ийн гүйцэтгэх гишүүн болон Гүйцэтгэх захирлаар тус тус томилогдон ажиллаж байсан юм. Мөн тэрээр одоо ӨМӨЗО-ны Алшан аймгийн худалдаа аж үйлдвэрийн холбооны дэд дарга болон Канад улс дахь Өвөрмонголын бизнес эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгчийн албан тушаалыг тус тус хашиж байна. Ноён Аминбөх нь нүүрсний уурхайн чиглэлээр мэргэшсэн бөгөөд нүүрсний худалдаа, зах зээл, олборлолт, ложистик, бизнес хөгжил болон Хонг Конгийн биржид бүртгэлтэй нээлттэй компаниудад тавигдах шаардлагуудын талаар арвин мэдлэг туршлагатай юм. Тэрээр Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Хятад болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Нейшнл Юнайтед Ресурс Холдинг Лимитед ("NUR") компанийн ТУЗ-ийн гүйцэтгэх гишүүнээр ажиллаж байсан. Үүний өмнө ноён Аминбөх БНХАУ болон Монгол Улсад нүүрсний худалдаа эрхэлдэг Өвөр Монголын Эжина Жин Юун Кун Тай Индустриал Девелопмент компанийн ТУЗ-ийн дарга, Ерөнхийлөгчийн албыг хашиж байв. Мөн ноён Аминбөх БНХАУ-ын Өвөр Монголд байрлах нүүрсний уурхай бүхий Өвөр Монголын Ронг Чун Коал компанийг эзэмшиж удирдаж байв.

Ноён Аминбөх Бээжингийн Технологийн Дээд сургуулийн Инженерийн удирдлагын бакалавр зэрэгтэйхэмээн түүнийг танилцуулжээ.

За мөн  энэ дашрамд "Саутгоби Ресурс-ын 500 сая ам.долларын зээлийн түүхийг нь эргэн сануулахад илүүдэхгүй юм. Тэгэхийн тулд   "Саутгоби Ресурс компанийн үүх түүхийг ярих хэрэгтэй болж байна.

"Айвенхоу  Майнз Монголия Инк”  компани 2007 оны наймдугаар сард  нүүрсний эрэл, хайгуул хийх өөрийн охин компани болох  "Саусгоби Сэндс” ХХК-ийг манай улсад байгуулсан юм.  Үүнээс хоёр сарын өмнө буюу 2007 оны  зургадугаар сард  олон улсын бирж дээрээс мөнгө босгох зорилготойгоор "Саутгоби Ресурс” компанийг байгуулсан байдаг.

Улмаар  "Саутгоби Ресурс” нь "Саусгоби Сэндс”-ийн Монгол дахь  нүүрсний ордууд дээр тулгуурлан Торонто,  Хонгконгийн биржүүд дээр хувьцаа гарган арилжаалж эхэлсэн түүхтэй. Тэгэхээр "Саутгоби Ресурс” ч бай,  "Саусгоби Сэндс” нь ч бай Оюутолгойн "загалмайлсан эцэг” хэмээн өөрийгөө өргөмжлөх шахдаг  Р.Фрийдландын "Айвенхоу” –гоос угшилтай  юм.

Саусгоби сэндс ХХК-ийн тухайд эргэн өгүүлэхэд   Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос 320 орчим км, нийслэл Улаанбаатар хотоос 950 км зайд Гурвантэс сумын нутаг дэвсгэрт оршдог  Овоот толгой нүүрсний орд газарт 2008 оноос эхлэн олборлолт явуулж байгаа  бөгөөд  Овоот толгойн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэд бүтэц бүрдүүлэх, нүүрс боловсруулах үйлдвэр барих зэрэг ажлыг хийж хэрэгжүүлнэ гэсэн тодотголтойгоор 2009 оны арваннэгдүгээр сард БНХАУ-ын  төрийн өмчит  "China Investment Corporation” компаниас 500 сая ам.доллар зээлсэн байдаг.

Өөрсдөө л зээл гэж тайлбарладаг болохоос угтаа бол  500 сая ам.долларын төлөөс нь   "Southgobi Energy Resources” компанийн хувьцааны 29,9 хувь. Нэг ёсондоо Хятадын төрийн өмчит санхүүжилтийн корпораци  500 сая доллараар ийм хэмжээний хувьцааг нь авч Монголын нүүрсний баялагт хүрэх өмнөд хөршийн эрмэлзэл  тодорхой хэмжээнд биелэлээ олсон харагдаж байсныг эргэн сануулъя.

Ер нь бол тухайн үед зээлсэн гэхээсээ худалдсан гэх ойлголт  илүү зохицож харагдаж байсан. Ямартай ч  500 сая ам.доллар нь зөвхөн Монголд зарцуулагдаж, Овоот толгойн уурхайн үйлдвэрлэлтэй холбоотой тал талын ажлууд урагшилж байх учиртай.  Тэд ингэж л ойлгуулсан. Тэгж л Монголын нүүрсийг баталгаа болгосон байдаг.

Харин 2011 онд "Саутгоби Ресурс” компанитай холбоотой бас нэг мэдээлэл анхаарал татаж эхэлсэн юм. Юу гэхээр   Саусгоби Сэнд ХХК-ийн удирдлагууд  Хятадын  компаниудын төлөөллүүдтэй, голчлонсанхүүгийн хүмүүстэй нь  уулзах нь олширсон талаар баттай эх сурвалжууд хэлж байсан. Бизнесийн шугамаар хэн ч хэнтэй ч уулзаж болох ч, Хятадуудын зүгээс Саусгоби Сэнд ХХК-ийн уурхай, лицензүүдийг, ерөөс "Саутгоби Ресурс” ХХК-ийг   худалдаж авах тухай мэдээлэл гарах болсон нь хэдийнэ нууцлалаа алдаж, хятадууд өөрсдөө тэр санаагаа илэрхийлэх сонирхолтой байгаа талаар яригдаж байсан юм.

Тэгвэл энэ мэдээлэл хэсэг хугацааны дараа батлагдсан. Тодруулбал,  нэрээ Turquoise Hill Resources болгон сольсон Ivanhoe Mines болоод БНХАУ-ын төрийн өмчит Чайналко компанийн охин компани Чалко-гийн  хооронд явагдсан хэлцлийн тухай мэдээлэл тодорсон билээ.

Тэдний хооронд үргэлжилж байсан худалдааны хэлцэл ёсоор бол Чалко Ivanhoe Mines дахь "Саутгоби Ресурс”-ын хувьцааны хяналтын багцыг өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авах байсан. Тийм зүйл болвол  South Gobi Sands буюу Өмнийн говийн элс ХХК-ийн мэдэлд байж ирсэн Овооттолгой,  Сүмбэр-Билүүт,  Заг Сүүж зэрэг нүүрсний ихээхэн нөөцтэй ордуудаа хятадын төрийн өмчит компанийн мэдэлд шилжүүлэн, үлдээх асуудал бодит зүйл болох байсан.

Учир нь Саутгоби Ресурс компани нь Сингапурт бүртгэлтэй SGQ Coal Investment Pte. Ltd компанийг 100 хувь эзэмшдэг. Харин SGQ Coal Investment Pte. Ltd компани нь Монгол Улсад бүртгэлтэй South Gobi Sands буюу Өмнийн говийн элс компанийг 100 хувь эзэмшдэг юм.

Тэгэхээр өдгөө удирдлага нь Хятадад баривчлагдаад буй "Саутгоби Ресурс” компанийн өнгөрсөн жилүүдийн мэдээллүүдээс цухас өгүүлэхэд ийм байна.

Э.Болорхажид

http://www.hunnu.mn/a/88103

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen