Жанжидын жанжин Сүбээдэй баатрын түүх нэгтгэсэнээр

Жанжидын жанжин Сүбээдэй баатрын түүх нэгтгэсэнээр

 

Сүбээдэй баатар болбоос Чингис хааны үнэнч албат, Монголын их төрийн суут жанжин, тактикийн мэргэжилтэн, агуу байлдан дагуулагч байлаа. Тэрбээр 1206 онд Чингис хаан Их Монгол улсыг байгуулахад Мянганы ноён болсон байна. Сүбээдэй баатрын хамгийн том гавъяа бол Бат хааны хамт Европ хүртэлх агуу их байлдан дагуулалт хийсэн нь юм. Энэхүү аян дайнаас өмнө тэрбээр Чингис хааны хамт Хорезмийг эзэлсний дараа Хорезмийн шахыг барьж ирэх даалгавар авчээ. Сүбээдэй баатрын хамт Зэв хамт явсан бөгөөд Чингис хаан явахад нь Шахыг барьсан цагтаа эргэж ирээрэй, явсан газар бүхнээр нэг бүрчлэн хайж, дагаар орсон хотуудыг үл гэсгээж, эсэргүүцэл үзүүлснийг даран сөнөө хэмээн зарлиг буулгасан юм.

Тэд их хааныхаа хэлсэн ёсоор Мухаммед шахыг араас нь нэхсээр замд тааралдсан хот болгоныг байлдан эзлэхийг нь эзэлж, бууж өгөхийг шаардахыг нь шаардаж эзлэн явсааар одоогийн Ираны нутаг дэвсгэр дээр Мухаммед шахад тун дөхөж ирээд байсан ч тэнд 30000 цэрэгтэй тулж бут ниргэв. Энэхүү тулаанаас Шах оргон зайлж Каспин тэнгисийн зүг дутаахад Сүбээдэй мөрийг нь мөшгин явсаар ирэхэд Мухаммед шах Каспин тэнгисийн нэгэн эзгүй арал дээр нэгэнтээ үхсэн байжээ.

Шахыг мөхөөсний дараа Сүбээдэй, Зэв нар Азербайжан, Гүрж, Армен зэргийг эзлэн Кавказын уулсыг давж цааш явсаар Команчуудтай хүндхэн тулаан хийж ялалт байгуулсан ч Команчууд Котян хааныхаа хамт дутаасаар Оросын ван Мстиславыг бараадан очсон байна. Оросууд Команчуудыг ивээлдээ авсан нь тэдний хувьд маш муу шийдвэр болсон бөгөөд Сүбээдэй, Зэв нар Калка голын дэргэд холбоотнуудын 90000 орчим цэргийг өөрийн 20000 орчим цэргээрээ бут ниргэсэн юм. Энэхүү тулаан нь алдарт Калка голын тулаан гэж дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Арга ухаант Сүбээдэй, зоригт Зэв жанжны хамт энэ тулаанаас дутаасан хэсэг дайсныг төдийлөн нэхэлгүй гэдрэг буцахад Ижил мөрний орчим Булгарын хаант улсын цэргүүд тэднийг отож байсан бөгөөд өөрсдөө бут ниргүүлэн Монголын ноёрхлыг хүлээн зөвшөөрснөөр тэдний энэхүү их аян дайн өндөрлөж эзэн Чингис хаантай нэгджээ.
Сүбээдэй жанжин Европ руу 
Сүбээдэй жанжин Чингис хааныг амьд ахуй цагт өөрийн ид хав, жанжин хүний ур чадвараа Богд эзэндээ харуулж, итгэлт хүн нь болсон юм. Түүгээр ч зогсохгүй Европын хилийн орчим агуу байлдан дагууллыг хийснийг бид өмнөх нийтлэлээрээ хүргэж байсан. 1227 онд Их эзэн Чингис хаан тэнгэрт хальсны дараа Өгөдэй хаан Зүрчидийн Алтан улс руу хараагаа чиглүүлж, Тулуй болон Сүбээдэй баатраар энэхүү аян дайнаа толгойлуулсан гэдэг. Энэхүү аян дайн 4 жил үргэлжилж Алтан улсын хаан амиа хорлосноор Их Монгол улс болоод Алтан улсын хооронд 20 гаран жил үргэлжилсэн дайн бидний өвөг дээдсийн ялгуусан ялалтаар өндөрлөсөн юм.
1235 онд Их гүрний нийслэл Хархоринд их Хуралдай болж дотоод болон гадаад харилцааны асуудлыг нарийн хэлэлцсэний дүнд Сүн улс руу цэргийн үйл ажиллагаа явуулах болон Европ руу аян дайн хийх гэсэн 2 чухал шийдвэр гаргасан бөгөөд Европ руу хийх аян дайныг Зүчийн хүү Бат толгойлж, Сүбээдэй баатрыг зөвлөх жанжинаар томилсон нь дэлхийн түүхэнд үлдсэн агуу их байлдан дагууллын эхлэл байжээ.

Дээрх хуралдайгаас нэг жилийн дараа буюу 1236 онд Бат, Сүбээдэй нар баруун зүг цэргээ аван хөдөлжээ. Энэхүү аян дайныг ахмад хөвгүүдийн дайн ч гэдэг бөгөөд Ахмад хөвгүүд өөрсдийн харъяат цэргээ авч явсан төдийгүй эзлэгдсэн Хорезм, Туркменстан, Уйгур зэрэг эзлэгдсэн улсуудаас цэрэг дайчлан авч явсан юм. Энэхүү аян дайнд Сүбээдэй баатар шийдвэрлэх үүрэгтэй оролцсон бөгөөд 1238 онд Оросын томоохон хот Владимир хот болон 14 хотыг эзлээд байв. Энэхүү эзлэгдсэн хотын захирагчид, Оросын вангууд, орон гэргүй болсон Оросын иргэд нэгдэж Монголын эсрэг тулсан ч Мөн л бут ниргүүлжээ.

Үүний дараа Сүбээдэй бат нар Европт нэвтрэн орж Лигниц хотын дэргэд Европын төмөр рыцариуд бүхий маш том армийг бут ниргэсэн бол удалгүй Сайо голын дэргэд Мохигийн хэмээн алдаршсан тулаанд Бела вангийн 65000 цэргийг мөн л бут ниргэсэн юм. Энэ тулаан эхэндээ Монголчуудын хувьд асуудал дагуулж байсан ч Сүбээдэй баатрын эрэлхэг зан чанар энэ тулааны хувь заяаг шийдсэн гэдэг. Учир нь Энэ тулааны эхний тулгаралтад ялагдал хүлээсний дараа Бат хаан тулалдахаас татгалзаж, нэмэлт хүчээ хүлээхийг санал болгосонд Сүбээдэй баатар "Хаан эзэн минь би таныг тулалдуулах эрхгүй ч та миний тулалдах эрхийг хорих ёсгүй” хэмээсэнд Бат хаан зөвшөөрч Бела ванг даран мөхөөсөн гэдэг.
Энэхүү агуу ялалтуудын дараа Сүбээдэй баатар Европыг бүхэлд нь дайлах аян дайны төлөвлөгөөг Бат хаанд өргөн бариад байсан ч Их хаан Өгөдэй нас барснаар нутаг буцахаас өөр замгүй болсон юм.
Сүбээдэй баатрын шийдэмгий зан ялалт авч ирдаг
Бела Вангийн 65000 цэрэгтэй тулгарсан их тулаанд Сайо голыг гатлахад саад учирсан учир Бат хаан Шийдвэрлэх тулаанд орохгүй байхыг санал болгосонд Сүбээдэй баатар эрс эсэргүүцэн: 
"Хаан эзэн минь, Таныг хүчээр тулалдуулах эрх надад үгүй билээ. Гэхдээ миний тулалдах эрхийг хорих ёсгүй" хэмээсэнд Бат хаан зөвшөөрч голыг гатлах аргыг сүвэгчлэн Бела вангийн 65000 цэргийг өөрсдийн 30000 хүрэхгүй цэргээрээ бут цохижээ.

Энэ тулаанаас 7 жилийн өмнө Сүбээдэй баатар Алтан улсыг Тулуйн хамт байлдан дагуулж байсан гэдгийг бид өмнө нь дурьдсан. Энэ үеэр Алтан улсын жанжин Хада, Ваньяан нар ялагдал хүлээн олзлогдсоныхоо дараа Монголд дагаар орохгүй, харин Сүбээдэй баатартай заавал уулзуулж өгөхийг шаардсан гэдэг. Цэргүүд ёсоор болгож Сүбээдэй баатартай уулзуулахад тэрбээр: "Чиний онцгой зориг намайг даллав. Би чамайг нэгэнт харсан болохоор одоо сэтгэл шулуудаж цаазлагднам" хэмээн өгүүлсэн гэдэг. Энэ бол Сүбээдэй жанжины алдар нэр тухайн цаг үедээ хэрхэн цууд гарсныг илтгэж байгаа юм!!!

Сүбээдэй баатрын төгсгөл
Сүбээдэй баатар болон Бат хааны Европ дах аян дайн Өгөдэй хаан тэнгэрт хальсан гэсэн мэдээг авснаар зогссон бөгөөд Сүбээдэй жанжин эх нутагтаа эргэн ирж, нас бартлаа төрийн их сайдаар ажиллаж байжээ. Гүюг хааныг нас барсны дараа 1249 онд Бат хаан Сүбээдэй жанжины Европыг эзлэх төлөвлөгөөний дагуу их байлдан дагуулал хийхээр зэхэж байхдаа насан өндөр Сүбээдэй жанжинг энэ үйл хэрэгтээ авч яваагүй бөгөөд харамсалтай нь Бат хаан өөрөө ч энэ үйл хэргээ үргэлжлүүлж чадалгүй 1255 онд насан өөд болжээ.
Сүбээдэй баатар 1176-1249 он хүртэл 73 насыг наслахдаа Монголын 3 их хаадын төлөө хүчин зүтгэж явсан бөгөөд Өмнөд Хятадаас Европ тив хүртэл Евроазийн их газрыг хөндлөн гулд байлдан дагуулсан юм. Энэ хугацаанд тэрбээр 60 гаруй тулаанд орж, ялагдал гээчийг мэдэрч үзээгүй юм.

Нийтлэгч: Эрх чөлөө

эх сурвалж: zaluu.com

Жанжидын жанжин Сүбээдэй баатрын түүх нэгтгэсэнээр

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen