Төрийн ордон баригдсан түүх

Төрийн ордон баригдсан түүх

 

БНМАУ–ын засгийн газар 1930 онд барьсан хоёр давхар байшинд /одоогийн Боловсролын их сургуулийн төв байрны доод хоёр давхар/ байрлаж байв. Энэ байшинд Улсын бага хурал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, хянан байцаах газар, зохион зааварлах хэлтэс, Улсын төлөвлөгөөний комисс байрлаж байсан бөгөөд БНМАУ–ын Засгийн газрын Ерөнхий сайд Хорлоогийн Чойбалсан, түүний нэгдүгээр орлогч Ч.Сүрэнжав, Улсын Бага Хурлын дарга Г.Бумцэнд нар энд ажиллаж байжээ.
Энэ байшин тухайн үеийн Төр, засгийн төв аппаратын өсөн нэмэгдэж байсан орон тоо, ажлын шаардлага хангахгүй болсноос гадна нийслэл хот байгуулалтад байршлаа олоогүй, төвөөсөө хазгай Сэлбэ голын эрэгт байлаа.
Ийм үед төрийн шинэ ордоныг хотын төв талбайн хоймор хэсэгт бариулахаар шийдвэрлэж ЗХУ–аас тусламж гуйхаар болжээ. Энэ тухай Ч.Сүрэнжав гуай, "Монгол Улсын Засгийн газрын ордон бариулахыг би санаачилж, Чойбалсанд хэлсэн юм. Чойбалсан түүнийг маш зүйтэй гэж дэмжээд намайг Москва руу явуулсан юм. Би Москвад очоод К.Е.Воршиловтай уулзаж "Монголын Засгийн газрыг ордонтой болгох санаатай байна. Намайг Чойбалсан явууллаа” гэхэд Воршилов намайг их уриалагхан хүлээж аваад бэлэн зураг үзүүлж энэ зургаар ордноо бариулвал зүгээр юм биш үү гэсэн. Би, "Тиймээ зүгээр юм байна” гэж хэлээд уг зургийг авчирч Чойбалсанд танилцуулсан. Засгийн газрын ордонд бариулах комисс томилж, комиссын даргаар намайг тавьсан юм.” гэв.
ЗХУ–аас авчирсан төрийн захиргааны барилгын бэлэн зургийг Засгийн газрын комисс нягтлан үзээд Монголын нөхцөл байдал, уламжлалд тохируулан зарим өөрчлөлт хийлгэжээ. Үүнд Монгол инженер Б.Мотоо, уран барималчин С.Чоймбол нар их үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэд барилгын хаалга, эмжээр, багана зэрэгт Монгол хэлбэр маяг оруулжээ.
Ордны барилгын суурийн ажил 1947 оны дөрөвдүгээр сард эхэлжээ. Уул барилгын ажлыг ордны барилгын дарга Лэгцэгийн Гончиг /ахлах дэслэгч/ Улсын барилгын хэрэг эрхлэх ерөнхий газрын нэгдүгээр орлогч хурандаа Д.Гончиг, мөн газрын орлогч Д.Жанцансамбуу, Улсын төлөвлөгөөний комиссын барилгын хэлтсийн дарга Ж.Агваанлувсан, зөвлөлтийн мэргэжилтэн Порпинов нар барилгын ажил эхлэхээс ашиглалтад ортол хариуцан гүйцэтгэжээ.Ордны барилгын баруун хэсгийн суурийн ажлыг японы олзлолдсон 300 цэрэг гүйцэтгэж 1947 оны аравдугаар сард нутагтаа буцжээ. Дараа нь засан хүмүүжүүлэх газраас 4000 хоригдлыг гэрээгээр, иргэдээс 400 ажилчдыг хөлсөөр авч ажиллуулж 1948 оны өвөл суурийн ажлыг дуусгажээ. Гэтэл 1949 оны зун тааз нь тавигдаж дууссан барилгын модон хэсгүүд нь шатаж зөвхөн төмөр, туйпуу хэсгүүд нь үлдсэн байна. Энэ тухай уул барилгын хариуцан бариулж байсан ахмад барилгачид Д.Жанцансамбуу гуай дурсан ярихдаа,"Д.Гончиг /сүүлд барилгын яамны сайд болсон/ бид хоёр барилгын нурсан хэсэг дээр гараад бууж чадахгүй дүүжингээр бууж байлаа. Барьсан хэсэг шатсаны дараа барилгачдыг жигдрүүлж дотоодын 300, Монголд ял эдлэж байсан гадаадын 500 иргэн, 400 хөлсний ажилчин гээд, бүгд 1200 хүн ажиллаж ордны барилгын ажлыг дуусгасан юм” гэв.
Барилгын ажилчид голдуу мэргэжлийн хүмүүс байсан бөгөөд сантехникийн мэргэжилтнээр ЗХУ–ын Федренко, цахилгааны мэргэжилтнээр мөн ЗХУ–ын Чембелюк түүнийг дагалдаж Даржаагийн Чойдог /сүүлд гавьяат барилгачин болсон/ нар ажиллажээ.
Уран барималчин С.Чоймбол ордны барилгын зураг баримал чимэглэлийг хийж хожим нь төрийн шагнал хүртжээ. Ордны барилгын тоосгыг Улаанхуаран, Ганц худгийн задгай тоосгоны үйлдвэрээс, шохойг Цагаан булгаас, суурийн чулууг Туул голын урд талын араас авч бэлтгэжээ. "Ордны чулуун суурь нь 4 метр зузаан тавигдсан тул ордныг долоон давхар өндөрлөх даацтай, хөрсний усгүй, IY зэргийн хайрган хөрстэй” гэж ахмад барилгачин Д.Жанцансамбуу, Ж.Агваанлувсан нар тодорхойлж байв. Ордны барилгын шил, төмөр, будаг материалыг ЗХУ-аас Цагаан эргээр /одоогийн Сүхбаатар хот/ дамжуулан авч байжээ.
Төрийн ордын шинэ барилга 4 жилд баригдан 1951 онд ашиглалтад оржээ. БНМАУ -ын Сайд нарын зөвлөлийн 1951 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн 130 дугаар тогтоолоор томилогдсон комисс 1951 оны арванхоёрдугаар сарын 30 -ны өдөр Засгийн газрын ордныг ашиглалтад хүлээж авсан актад гарын үсэг зуржээ.
Засгийн газрын ордны шинэ барилгад 1951 оноос багтаж Улсын Бага Хурал, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, зохион зааварлах хэлтэс, хянан шалгах газар, Намын төв хороо, "Үнэн” сонины газар, Улсын төлөвлөгөөний комисс, Шүүх яам, Хэвлэл утга зохиолыг хянах газар, Зохиолчдын эвлэлийн хороо шинээр нүүн байрлажээ.
Ордны шинэ байрны 3 дугаар давхрын нүүрний гол хэсэг одоогийн Соёмбот танхимын хэсэгт Х.Чойбалсан /Ерөнхий сайд/ мөн давхрын зүүн урд талд Ю.Цэдэнбал /МАХН -ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга/ ордны 2 дугаар давхрын зүүн урд хэсэгт Г.Бумцэнд /Улсын Бага Хурлын дарга/ мөн давхрын баруун урд талд Ч.Сүрэнжав /Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд/ нар байрлажээ.
Засгийн газрын ордны урд талын голын хаалгаар ордонд ажиллагсад, ар талын хаалгаар удирдлагууд нэвтэрдэг, тэдний машиныг ордны аркад тавьдаг байжээ.

147554760457f311d4eb6d4

147554760757f311d736ff1

147554760257f311d27f0f4

147554763357f311f1d7793

147554763657f311f43a101

147554764257f311fab47e1

147554767257f31218b2979

147554765657f3120803347

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen