Б.Цэдэн Иш генералын дурсгалын самбарыг Сансарын тунельд байршуулна

 

Дэслэгч генерал Бодонгууд Базарын Цэдэн-Иш (1906-2009)

Монгол Улсын гавьяат хуульч (1979), Хөдөлмөрийн баатар (2006-02-27. №40, 100 насныхаа ойн босгон дээр дээрх алдар цолыг хүртсэн), XX зууны манлай хилчин, Буриад Улсын хил хамгаалалтын гавьяат ажилтан (2006) Б.Цэдэн-Иш нь Чита мужийн Агын үндэсний тойргийн Алхана гэдэг газар 1906 онд төрсөн. 1918 онд монголд нүүдэллэн ирж, 1923 онд Баяндун сумын харьяат болжээ. 1927 онд Хөх Ишгэнтэйн хилийн цагдаа, харуулын даргаар томилогдон ажилласан, тэр үеэс хилийн цэрэгт алба хаах эхлэл нь тавигдсан. Тэрбээр Баяндун сумын нарийн бичгийн дарга, Дашбалбар сумын дарга, Улз хошууны нягтлан бодогч зэрэг албыг 1927 оноос хашиж байгаад 1931 онд цэргийн албанд татагдаж Ардын Армийн холбооны тусгай хороонд бичээч, эх зохиогч, салааны захирагч, штабын даргын туслахын албыг гүйцэтгэжээ. Тэрбээр Бүх Цэргийн Хилийн Цэргийн Штабт томилогдон, газрын даргын нарийн бичгийн дарга, 1938-1941 онд дотоодын Хамгаалахын Газрын төв сургуульд хичээл ангийн эрхлэгч, штабын дарга, 1941-1945 онд Н.В.Фрунзийн нэрэмжит Цэргийн Академид суралцан төгсөөд 1945-1950 онд Хязгаарын ба Дотоодын Цэргийн Хэрэг Эрхлэх Газрын тасаг хэлтэс, штабын даргаар ажиллажээ. МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1950 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн хурлын 38/67 дугаар тогтоолоор Гадаад Яамны консулын хэлтсийн даргаар томилогдон, дипломат албанд шилжсэн байна. Цэдэн-Иш нь 1956 онд БНМАУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны элчин зөвлөхөөр томилогдон ажиллажээ 1958 онд Худалдааны Яамны сайдын 164 дүгээр тогтоолоор Гадаадын Жуулчдыг Үйлчлэх Газрын даргаар ажиллах хугацаандаа "Улаанбаатар зочид буудал”-ыг ашиглалтад оруулжээ. Монгол, Хятадын хилийн асуудал маш хурцаар тавигдаж байсан 1960 онд ГЯЯ-даа эргэн ирж, хэлтсийн даргын эрхтэйгээр өмнө зүгийн хилийн байдлыг шалгах, улмаар хилийн хэлэлцээрт бэлтгэх чухал албыг хаших болсон. Монгол, Хятадын хилийн хэлэлцээр Улаанбаатарт 1960 оны 10 дугаар сард эхэлж хоёр улсын хилийн дагуух нийт 30 хэсэг газрын 17321 км2 газар нутгийн асуудлыг хэлэлцээд 5007 км газрыг Хятадын саналаар, 12314 км2 газрыг Монголын саналаар тус тус гэрээ байгуулж, 1975 оны 10 дугаар сарын 9-ны өдөр НҮБ-д албан ёсоор бүртгүүлэн олон улсын баталгаатай болгожээ. Монгол улс ингэж өмнө зүгийн хилээ тодотгон тогтоож байгуулагдсаны дараа хойт зүгийн хилийн асуудлыг ээлжит зорилт болгов. Цэдэн-Иш нь 1970-1976 онд НАХЯ-ны орлогч сайд, Хязгаарын ба Дотоодын Цэргийн Хэрэг Эрхлэх Газрын даргын алба хашиж байх хугацаандаа Монгол Зөвлөлтийн хилийн хэлэлцээрийг 1975 оны 7 дугаар сард Чита хотноо хийж хилийн шугамыг тодотгох асуудлыг хэлэлцжээ. Хоёр улсын хилийн дагуух 145 хэсэг газрын 695.65 км2 нутаг дэвсгэрийг Монголын талд, 109 хэсэг газрын 120.6 км2 газрыг Зөвлөлтийн саналаар тохиролцон 1976 онд хилийн гэрээ байгуулж батламжийг нь Москва хотноо солилцсон байна. Ингэж Монгол улс хил хязгаараа бүхэл бүтнээр баталгаажуулах стратегийн чухал ач холбогдолтой ажлыг Цэдэн-Иш гардан явуулсан нь түүний гавьяа мөн. 1976-1979 онд НАХЯ-ны сайдын хилийн асуудал эрхэлсэн зөвлөх, хилийн комиссын зөвлөх, хилийн түүх судлах группийн даргаар ажиллаж байв. Тэрбээр улсын хил хамгаалах байгууллагыг зохион байгуулж, бэхжүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлэгч, хил хамгааллын түүх судлалын үндсийг тавигч гэж зүй ёсоор үнэлэгддэг. Монголын хилийн талаар дорвитой судалгаа хийж "Төрөлх нутгийн төө газрын төлөө” (1976) , "Монгол улсын хил хязгаар бүрэлдэн тогтсон түүхэн тойм” (1983) сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Түүний эх орондоо байгуулсан гавьяаг төр засгаас өндрөөр үнэлж түүнд дэслэгч генерал (1972), онц бөгөөд бүрэн эрхт элчин цол, Сүхбаатарын одонгоор 3 удаа, байлдааны ба хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, цэргийн гавьяаны одонгоор 2 удаа, алтан гадас одонгоор 2 удаа, ялалтын болон ойн медалиудаар шагнасны дээр гавьяат хуульч, хөдөлмөрийн баатар цолыг хүртээжээ. Мөн ЗХУ-ын байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор 2 удаа бусад улсын одон медалиар шагнагджээ.


Б.Цэдэн Иш генералын дурсгалын самбарыг 2016.09.17-нд  10-12 цагийн хооронд Сансарын тунельд  байршуулна. 99140645 хүү Ц.Энхжаргал.

Бичлэг холбоос http://www.youtube.com/watch?v=OL7Xon_j5zM

https://www.facebook.com/photo.php?fbid=10154993998766729&set=a.10151881985111729.1073741825.599026728&type=3&theater

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen