Харь улсад ДОМОГ болсон Хамаг Монголын гүнжүүд

Харь улсад ДОМОГ болсон Хамаг Монголын гүнжүүд

 

Харь улсад домог болсон Хамаг Монголын гүнж нар тун олон бөгөөд тэдгээрийн анхдагчид нь Чингис хааны Хожин, Алага, Алалтун, Цэцэйхэн, Толой нарын таван охин бөлгөө. Чингис хаан өөртөө дагаар ирсэн томоохон аймаг ханлигуудтай эв найртай харилцах, олон овог аймгийг өөртөө нэгтгэн захирч байх үүднээс өөрийн сурвалжит гүнж охидыг овог аймгийн удирдагч нарт хатан болгон өгч байсан нь Монгол төрийн бат найдвартай оршин тогтнох алтан аргамжийн хэлхээс болж байлаа. Харь улсад бэр болж очсон хаан Чингисийн охид "Бэхи” хэмээх эрхэмлэн дууддаг хүндэтгэлийн цолтой байж. Тиймээс Уйгар, Перс болон Европ, Азийг холбосон торгоны замын түүхэнд Хожин бэхи, Алага бэхи, Алалтун бэхи, Цэцэйхэн бэхи, Толой бэхи нар тодрон гарсан түүхтэй бөгөөд Персийн түүхч Рашид Ад-Дин "Чингис хааны охидын тухай домог, өгүүлэл маш олон бий " гэж өгүүлсэн байдаг. Зарим түүх бичлэгт Чингис хааныг Хожин, Алага, Алалтун, Цэцэйхэн, Түмэлүн, Толой нарын зургаан охинтой байсан гэж тэмдэглэжээ. "Лу Алтан товчид” өгүүлэхдээ "Богд эзний Бөртгөлжин гоо хатнаас Зүчи, Цагаадай, Өгөөдэй, Тулуй хэмээх дөрвөн хөвгүүн буюу бас Алаха бэхи, Алалтун бэхи, Цэцэйхэн бэхи хэмээх гурван гүнж төрсөн бөлгөө” гэсэн бол Өвөр Монголын эрдэмтэн Сайшаалт "Чингис хааны товчоон” номондоо "Бөртэ хатан Хожин, Алага, Алалтун, Цэцэйхэн, Түмэлүн нарын таван охинтой” гэж тэмдэглэжээ. Энд Толой бэхийг ор тас орхисон байх аж. Энэ тухай нэгэн түүхч өгүүлэхдээ "Бид Чингис хааныг долоо ч юмуу, найм ч юмуу, чухам хэдэн охинтой байсныг нь хүртэл сайн мэдэхгүй үлджээ. Түүх тэдний араас хаалгаа хааж, олон зуун жилийн тоосонд ул мөр нь арилан балартсан байна. Монгол хатад дэндүү өвөрмөц, ойлгоход ч, тайлбарлахад ч дэндүү хэцүү хүмүүс байж. Чингис хааны охидын нэр ус үе дамжин бидэнд ирэхдээ Хятад, Перс, Армен, Орос, Турк, Итали гээд тэдний түүхийг бичсэн янз бүрийн орны хүмүүс яаж дуудаж байснаас шалтгаалан нэр, цол алин болох нь мэдэгдэхгүй холилдож толгой эргүүлэм олон дуудлагатай болсон байдаг. Эх сурвалж бүрт охидын тоо ялгаатай байна. Нууц товчоонд Чингис хаан Бөртэ хоёр түүхэн их эргэлтийн он болох 1206 онд найман хүргэнтэй байсан гэж тодорхойлсон байдаг. Монголын түүх бичигчид ба эрдэмтэд хэдэн үе дамжуулан тэмдэглэл бичих зуураа Чингис хааны охидын нэрсийг нэг нэгээр нь гээсээр иржээ.

18-р зууны Буддист түүхчдийн үед Чингис хааны охидын тоо нэг болтолоо цөөрч, сүүлдээ тэр охины нэр нь дараа дараагийн үнэнийг гуйвуулсан түүхийн тэмдэглэлд огт дурдагдахаа больсон юм” хэмээжээ. Мөн өөр нэг түүхч "Чингис хаан эзэнт гүрнээ өргөжүүлэхийн тулд шинээр эзэлсэн улс орноо хэн нэгнээр удирдуулах хэрэгтэй байв. Гэвч түүний хөвгүүд архи уухдаа гаргууд, дайн тулаанд тааруу, мэдлэг чадвараар дульхан байсан бөгөөд Чингис хаан хөвгүүдээсээ илүү охидоо удирдах чадвараар давуу болохыг таньж, эзэнт улсаа хилээс чанагш засан тохинуулах илүү чухал үүргийг охиддоо ноогдуулж, тэдэнд эзэнт гүрнийхээ нэлээд чухал хэсгийг үлдээсэн. Чингис хааны үйл хэргийн туршид хөвгүүдийнх нь гүйцэтгэсэн үүрэг нэлээд хязгаарлагдмал, сул зогсонги байсан бол охидынх нь үүрэг тун их, тэдний нас нэмэгдэж, бие нь өсч, мэдлэг туршлага нь арвижих тусам үүрэг нь улам нэмэгдсэн” гэж өгүүлсэн бол "Монголын их хатдын нууц түүх” хэмээх ном бичсэн Америкийн зохиолч Жак Уэтерфорд "Чингис хаан хөвүүдээсээ илүү охиддоо итгэж, тэдэнд илүү их үүрэг хариуцлага үүрүүлж байжээ. Ингэх үндэслэл байв. Хөвгүүдээс нэг нь ч түүний сэтгэлд хүрсэнгүй. Тэдэнд Их улсыг амжилттай удирдан авч явах ухаан билэг бүү хэл ядахдаа эцэг шигээ гарамгай жанжин ч байсангүй. Цагаадай цочмог, бодолгүй түргэн зантай байсан бол Өгэдэй архинд хэт орж, улс орноо бэхжүүлж, хөгжүүлэхээсээ илүү хэт үрэлгэн загнаж байв. Тулуй хэдийгээр эцэг шигээ баатар зоригт, сайн жанжин байсан ч ах Өгэдэйгээсээ ч илүү архинд орж, сүүлдээ архиндаа түлэгдэж үхжээ. Ахмад хүү Зүчи эцгийгээ амьд ахуйд бие барсан. Чингис хааныг гүр их улсаа байгуулахад хатад, эмэгтэйчүүдийн хувь оролцоо үлэмж их байлаа” гэж онцолжээ. Ер нь Чингис хаан өөрийн охид хүүхнээ гадны улс оронд бэр болгох замаар өгч гадаад зөрчилдөөнийг шийдвэрлэх, ялагдсан овог аймгийн охидоос хөвгүүддээ хатан болгон өгч ураг барилдах зэргээр дотоодын зөрчилдөөнийг шийдвэрлэх дипломат аргыг чадварлагаар хэрэглэдэг байж.

Жишээ нь аливаа асуудлыг үзэсгэлэнт царай төрх, өр нимгэн сэтгэлээрээ зөөллөн уяраах увидас бүхий эмэгтэй хүнийг харь улсад илгээх дипломат аргыг Чингис хаан ухаарсанаар Хэрэйдийн Жаха Хамбугийн охин Сорхогтанийг хүү Тулуйдаа авч өгч, Мэргидийн Худугийн охин Дөргэнийг хүү Өгэдэйдээ авч өгч ураг барилдахын сацуу их охин Хожин бэхийг Ихирэс овогтон Буту ханд, Алага бэхийг Онгуд аймгийн удирдагч Алахуш тегинд, Цэцэйхэн бэхийг Ойрадын Худуга бэхийн хүү Иналчид, Алалтун бэхийг Уйгарын Идүүд ханд, Толой бэхийг Харлагийн Арслан ханд тус тус хатан болгон өгч улс дотроо ялсан, ялагдсан хүмүүсийн хооронд өс санах, яс үндэс, ураг төрлөөр гадуурхах аливаа зөрчлүүдийг үгүй хийж, Монгол гэдэг нэг л үндэстэн байх ёстой гэсэн үзэл санааг Хамаг Монголын нийт ард олонд төлөвшүүлж чадсан байдаг. Түүхэнд урьд өмнө эмэгтэйчүүд хэзээ ч тийм олон хүнийг гартаа оруулан захирч, тийм том газар нутгийг эзлэн сууж байсангүй. Аль нэг овог аймгийн удирдагч нар Чингис хааны хүргэн болно гэдэг ихээхэн нэр хүндтэйгээс гадна дарамттай, адаглаад л их, бага хатан авах эрхгүй байж. Чингис хаан ч охидоо тэдэнд бэр болгож өгөхдөө өмнөх эхнэрийг нь хүчээр салгадаг, хэрвээ хүргэн хүү хааны охиныг гомдоож бага хатан авах юмуу, салж сарнихад хүрвэл толгойгоо хяргуулах хэцүүхэн тавилантай байсан бөгөөд энэ нь ертөнцийн талыг эрхшээж асан агуу их эзэн хааны сүр хүч байлаа.

ТЭМҮҮЛЭН ХАТАН ХИЙГЭЭД ЦЭЦЭЙХЭН БЭХИ

Чингис хаан эмэгтэйчүүдийг худалдаж, наймаалцахыг хуулиар хориглосон нь гэрлэлттэй холбоотой овгийн заншлыг халах анхны чухал алхам болсон бөгөөд аажмаар хэд хэдэн ийм өөрчлөлт хийснээр өөрийн охидын, цаашлаад мандан бадарч буй улс гүрнийхээ хэмжээнд нийт эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг өөрчилж чадсан байдаг. Харь улсад "Бэхи” болж очсон Чингис хааны охид тухайн улс орныг захирдаг байснаар Европ, Азийг холбож асан торгоны зам нэг үе Чингис хааны охидын гарын аясаар найган ганхаж байсан түүхтэй. Чингис хаан, Бөртэ Үжин нар охидоо хар багаас нь уужим тэнүүн ухаан бодолтой, ёс журамыг сахигч, өвөг дээдэс, эцэг эхийнхээ сургаалийг хүндлэн дагадаг, төрийн хэргийг бүхнээс дээгүүрт тавьдаг болгон хүмүүжүүлсэн байх бөгөөд харь улсад бэр болж очиж буй гүнж нартаа Чингис хаан, "Хатагтай хүнд гурван эр бий Анхны эр нь алтан төр, түүний дараах эр нь ариун нэр, түүний дараах эр нь авсан эр мөн билээ. Алтан төрийг хатуужин дагавал Ариун нэр бэлэн болно Ариун нэрийг бэхэлбэл Авсан эр ангид үл одно” гэж сургамжилдаг байж.

1207 онд Чингис хаан Ойрадын Худуга бэхийн хүү Иналчид өөрийн охин Цэцэйхэн бэхийг хатан болгож өгөхдөө, "Эрт босч, орой хэвт, Өдөр шөнө нэгэн сэтгэлээр хатууж, Амны ухаан билгээ тогтоо, Эс сурсан мууг энд тавьж од. Ойрад иргэнээ сэлбэн холбон соёрхогтун” гэж сургамжилсан байдаг. Чингис хааны охидоос харь гүрэнд гүнж болж очоогүй, өөрийнхөө хайр сэтгэлээр эр нөхрөө сонгосон ганц хүн нь Түмэлүн юм. Түүнийг бэхи гэж дуудаагүй нь ийм учиртай. Уг нь түүнийг Салжиуд аймгийн удирдагч хатнаа болгохоор Чингис хаанд санал тавьж, инжинд нь олон зуун агт бэлэглэхээр тогтсон байв. Гэвч Түмэлүн хаан эцгийнхээ залуу баатар Тогочуртай хайр сэтгэлийн холбоотой байснаар Чингис хаан дурлалт хосуудад арга буюу буулт хийж Салжиуд аймгийн удирдагчийг хоосон буцаасан байдаг. Хожим 1221 онд Түмэлүн баатар эр Тогочурынхаа хамт Персийн эсрэг дайнд мордсон байх бөгөөд эр нөхрөө дайны талбарт үрэгдэхэд өөрөө цэргээ удирдан Персийн Нишапур хотыг үнсэн товрог болгож байсан түүхтэй. Чингис хааны дөрөв дэх охин буюу Харлагийн Арслан хааны гэргий болж Кидан улсад очсон Толойн тухай түүх сударт тун бага тэмдэглэгджээ. Гэхдээ түүний тухай уран зохиолын халил мэр сэр байдаг.

Жишээ нь түүхч Ш.Насанбатын "Харлаг улсыг хазаарлан захирагч Толой бэхи” өгүүлэлд "Толойг хааны шадар дайчин нөхөд, овог аймгийн хунтайж нар шохоорхон харж, зарлиг хүргэх нэрийдлээр тэдний гадуур явах дуртай байв. Гэвч тэрбээр их хааны танхил охины хувьд наашаа харсан бүхний өөдөөс олзуурхсан өнгөөр ханддаггүй, дотроо хайр санааг хүндэтгэн үзэж, түүнд баясах сэтгэлийн хүчтэй байсан тул чавхдаст хөгжим өөрөө оролдон сурч, сэтгэлийнхээ гүнд утга санааг бодон, мөрөөдөлд автан явдаг байв. Үлэмжийн ухаалагаар аливааг сэтгэн, байн байн бодолд автан байдаг гэдгэрдүү гоолиг нуруутай Толой охиндоо хаан эцэг, хатан эх нь нэн хайртай болохоор түүнийг аливаа эрдэмд тэгш боловсруулахыг хичээж, анхаарал халамж тавьдаг байв” гэж өгүүлсэн байдаг.

АЮУЛТ ДАЙНЫГ УХААЛАГААР ЗОГСООСОН АЛАГА БЭХИ

Чингис хааны охидоос Алага бэхи, Алалтун бэхи, Түмэлүн нар өөрийн биеэр цэрэг удирдан эрмэг хурц морин дэлэн дээр ирт сэлэм далайгаад харь улсыг төвхнүүлж явсанаараа алдартай. Харин Цэцэйхэн бэхи, Толой бэхи нар ордоны хатан ухаанд бусдаасаа илүү мэргэшиж, хаан язгуурт бүсгүй хүний зүй ёсны байр суурийг чадамгай сахидаг байснаараа онцлогтой. Онгуд аймагт бэр болж очсон Алага бэхи нь Монголын тэгш өндөрлөг нутгаас гарч Хятадын суурин соёл иргэншилд монгол удирдлагыг хэрэгжүүлсэн Боржигон аймгийн анхны хүн гэдгээрээ түүхэнд үлджээ. Алага бэхи нь төрийн хэрэг захирах чадвартай, цэргийн эрдэм хосолсон хаан угсааны эрхэмсэг гүнж байсан бөгөөд "Монгол-Татарын бүрэн тэмдэглэл” хэмээх бүтээлд түүний тухай "Өдөр бүр ном уншиж, эмэгтэйчүүд хэдэн мянган хүнээр сувилуулна. Аливаа дайн гарах ба цавчих алалдах явдлыг биеэр шийдвэрлэнэ” гэж бичсэн байх аж. Үүгээрээ Алага бэхи "Төр захирагч гүнж” гэж алдаршжээ. Чингис хаан түүнийг 1207 онд Онгуд аймагт гүнж болгон илгээхдээ, "Харайхад минь хөл болж, Хазайхад минь түшиг болж, Халтирахад минь тах болж, Халамж тус хүргэхээ, Хайрт Алага минь мэдтүгэй” гэсэн алдарт сургаалаа хайрласан байдаг.

Үнэхээр ч хожим Алага бэхи эцгийнхээ хурааж цуглуулсан улсад халамж тусаа өгч, басхүү өөрөө халтирахдаа эцгээсээ тусламж хүсч байлаа. Чингис хаан говийн өмнө орших өргөн уудам соёл иргэншилт хаант улсууд руу хаяагаа улам тэлж, энэхүү хүнд хүчир үйлст Алага бэхи монгол цэргийг бүх саад тотгороос гэтэлгэж чадсан гавъяатай хүн. Эхийн ухаан, эцгийн сургаалыг баримтлан өсч хүмүүжсэн Алага бэхи Онгуудыг захирах болсоноор монгол цэргийг хоол, хүнс, сэлгээний мориор хангах, өмнө зүгийн овог, аймгийн дайралтаас эцгийнхээ улсыг хамгаалж, улмаар Монгол үндэстэн тал нутгаа Азийн түүхэн дэх хамгийн том газар нутаг болгон өргөжүүлэн тэлсэн их байлдан дагуулалтын анхны алхмыг хийсэн ухаант хатан бөлгөө. Харамсалтай нь түүнийг Онгуд улсад цэрэг удирдан хол ойрыг төвхнүүлэн ид хүчээ авч байх үед эр нөхөр Алахуш тегинийх нь салж сарнисан хатад түүнд өширхөж төр самууруулах үймээн дэгдээснээр Алахуш тегин алагдаж, улмаар энэхүү дайн самуунаас Алага бэхи хэсэг албат иргэдээ авч дутаасан байх бөгөөд тариачин хятадуудаар цус сэлбэсэн түрэг овогтнууд ийнхүү ертөнцийн талыг эрхшээж асан Чингис хааны эсрэг аймшиггүйгээр тэрслэх нь тэр. Эцэст нь Алага бэхи хаан эцэгтээ элч илгээж, цэргийн дэмжлэг авсанаар самуун дэгдээсэн онгудууд хэцүүхэн байдалд оржээ. Хамаг Монголын их цэрэг тэднийг орвонгоор нь хүйс тэмтрэх байсан ч ухаант гүнж Алага бэхи уйтаж дүрэлзсэн хаан эцгээ урьханаар ятган сэнхрүүлж цус урсгасан дайн тулааныг зогсоож байсан түүхтэй. Хэрвээ түүний оронд Нишапур хотыг үнсэн товрог болгосон Түмэлүн хатан байсан бол онгуд нар газрын хөрснөөс арчигдах байлаа.

Ухаалаг хатан Алага бэхийг гадна дотны түүхчид дүгнэхдээ "Их Монгол улсыг харийн довтолгооноос хамгаалж, харь дайсныг хөөн зайлуулах хаалт болж байснаараа Алага бэхи бол дундад эртний Монголын түүхэнд чухал байр эзлэх хүн билээ. Түүний удирдаж байсан Онгудын нутаг Чингис хааныг Хятадын олон эзэнт улсыг байлдан дагуулахад бааз болж өгөв. Уйгарын хаант улс түүнд Торгоны замд тавьсан хяналтаа чангатгах боломж олгов. Чингис хаан охидоо Монголын эзэнт гүрний алтан цацал мэт дөрвөн зүг, найман зовхист тараасан нь учиртай. Охид нь цацал мэт одож, зорьсон сууринаа хүрмэгц эх монгол нутгаа тойрон халхлах хуяг бамбай болдог байжээ. Тэд Онгуд, Уйгар, Харлаг, Ойрадын хаант улсыг захирч, улсынхаа хилийг тодруулан тэмдэглэж дөрвөн талаас нь хамгаалав. Чухам эндээс л Чингис хаан охидоороо хуяг бамбай хийж дэлхийг байлдан дагуулжээ...” гэж үнэлсэн байх аж. Ер нь эрт цагт зарим улс орон үзэсгэлэнт бүсгүйчүүдийг харь улсад гүнжээр илгээхдээ тэднээр давхар тагнуулын үүрэг гүйцэтгүүлдэг байж. Ялангуяа 11-12-р зууны үеийн Хятадын Сүн, Тан улсын тагнуулчид үйл ажиллагаагаа жинхэнэ урлагийн хэмжээнд хүргэсэн байдаг. "Хүннү нарын нүдийг урвуулахын тулд хээнцэр хувцас, тэрэг сүйх тэдэнд өгөх хэрэгтэй. Хүслийг нь урвуулахын тулд сайхан сууц, татвар эмс өгөх хэрэгтэй. Тэднийг дагаж иртэл нь ухааныг нь урвуулан эзэн хаан тэднийг дайлж цайлан дарс, хоолоор дайлах хэрэгтэй”. Энэ бол эртний Хятадын таван урхи. Нүүдэлчдийн хүчирхэг гүрнийг эрхшээлдээ оруулахын тулд ямар арга зохистойг Хятадын эзэн хаан Гао Цзу зөвлөх түшмэлээсээ асуухад өөрийн гүнжийг Модунд өгөхийг зөвлөөд "Модун амьд байхдаа таны хүргэн чинь байх болно. Түүнийг үхсэний дараа таны гүнжийн хүү буюу ач хүү чинь Шаньюй болно. Ийм маягаар Хүннүг аажмаар дайн хийлгүй мөхөөж болно” хэмээжээ.

Үнэхээр ч Хан улсын хааны өгсөн гүнжээс төрсөн хүүхдүүд Лю овогт хэмээн Гао Цзу хааны овгоор овоглох болж, яваандаа хаан ширээний төлөө Модуны монгол, хятад хатадын үр удмын хооронд тэмцэл гарах болсон байна. Эртний улс орнууд тухайн цаг үедээ тохирсон олон янзын тагнуулын арга хэрэглэдэг байсан бөгөөд жишээ нь хятадууд итгэлтэй боолынхоо толгой дээр нууц мэдээгээ шивээд үсийг нь ургасны дараа харилцах хүн рүүгээ явуулдаг байж. Эрт цагт амьд цэцгээр чимэглэсэн ганган шляп духдуулсан нэгэн үзэсгэлэн төгөлдөр эмэгтэй Хятад орноос алсыг зорин морджээ. Гэтэл түүний малгайн гоёмсог цэцгэн дотор торго нэхдэг хүр хорхой байсан гэдэг. Ингэж л хятад торгоны нууц задарсан түүхтэй. Манай монголчуудын хувьд "Заншлаач” хэмээх тагнуулын уламжлагдсан арга барил, угсаа намтартай. Ямар ч байсан харийн улс орны хаад ноёдод эхнэр болгон өгч байсан охид хүүхнүүд тагнуулын үүрэг гүйцэтгэдэг байж. Жишээ нь Сүн улсын хаанд Хубилайгаас эхнэр болгон илгээсэн Эсүн гүнж байна. Түүний илгээсэн мэдээллүүд Сүн улсын цэрэг хаашаа хөдөлж буй, ван жанжинууд нь хоорондоо хэр зэрэг эв түнжинтэй эсэх талаарх нарийн нууцуудыг агуулж ирдэг байжээ.

АХАН ДҮҮСИЙНХЭЭ ГАРТ АМЬД ҮРЭГДСЭН АЛАЛТУН БЭХИ

1207 онд Уйгарын Идүүд хан их эзэн Чингис хааны сүр хүчийг эрхгүй биширч, улмаар цаашид улс орноо амар амгалан байлгах үүднээс Чингис хаантай ураг барилдахаар шийдэж өөрийн элчээ илгээхдээ "Үүл арилж гэгээн наран тодорсон мэт, мөс хайлж тунгалаг мөрөн урссан мэт. Чингис хааны нэр алдрыг сонсоод маш их баясав” гэсэн үг дайж явуулжээ. Төдөлгүй тэр Чингис хааны зөвшөөрлөөр түүний Алалтун гүнжийг хатнаа болгож авахаар болж. Тэгэхдээ тэр гар хоосон ирсэнгүй. Хар булган дах, цагаан морь тэргүүтнийг бэлэг болгон барьж "Чингис хаан соёрхвоос алтан бүсийг чинь горхиноос барьж, ариун дээлийг чинь үртэснээс олж, тавдугаар хөвүүн чинь болж хүчээ өгье” хэмээжээ. Чингис хаан хариуд нь "Чамд охиноо өгье. Миний тавдугаар хөвүүн болтугай. Алт, мөнгө, сувд, тана, хоргой хээт оёмол, торго уурсыг авч иртүгэй” гэхэд Уйгарын Идүүд "Хаан таны соёрхолыг хүлээж авав” хэмээгээд дараахан нь алт, мөнгө, сувд, тана, хийгээд хоргой торгыг авдар авдраар нь авчирч өгсөн гэдэг билээ. Учир нь Уйгар улс нь тухайн үед алдарт "Торгоны зам”-ыг хянаж байсан улс. Өнөө цагт бол Чингис хааныг үзэсгэлэнт охидоороо бизнес хийдэг сүрхий хүн гэж ойлгож болохоор байна. Түүхч Ш.Насанбат Алалтун гүнжийн тухай өгүүлэхдээ "Алалтун бэхийн захирсан Уйгарын хаант улс Чингис хаанд торгоны замд тавьж буй хяналтаа чангатгах боломж олгожээ. Алалтун бэхийн чармайлтаар монголчууд торгоны замд ийм хяналт тавьж чадсанаараа өөрсөддөө маш их хэрэгтэй байсан худалдааны бааз суурийг бий болгохын зэрэгцээ Хятадад орж гарч буй худалдаанд хяналт тавих цэргийн давуу талыг бас олж авч чадсан байна. Хятадад амьдарч байсан Алага бэхи Иракийн мал, мөн Сибирьт байсан Цэцэйхэн бэхи дүүгийнхээ ангийн арьснаас хувь хүртэж, Алалтун бэхи Хятадын торгоны үйлдвэрлэлийн талыг эзэмшиж, бас тэд бүгд Алалтун бэхийн эзэмшлийн Уйгарын баян бүрдээс дарс авч байв.

Ийнхүү Чингис хааны охидын удирдсан харилцан хамааралдсан хаант улсуудын ачаар монголчууд бараа таваар, мэдээллийн илүү хурдан эргэлтэнд суурилсан дэлхийн хэмжээний шинэ тогтолцоог бүрдүүлэв” хэмээжээ. Чингис хаан ч ёстой сүрхий охидтой байж дээ. Тэдний тухай түүх сударт өгүүлэхдээ "Чингис хааны охид байгаагүй бол Монголын эзэнт гүрэн оршин тогтнож чадахгүй байх байжээ. Чингис хаан амьдрал тэмцлийнхээ эхэн үеэс л түүний байгуулж байгаа шиг ийм том гүрнийг нэг удирдагч дангаараа удирдаж чадахгүй гэдгийг ойлгон мэдэрч байлаа. Урт удаан оршин тогтнохын тулд харилцан бие биеэ нөхөх үүрэг гүйцэтгэдэг удирдлагын өөр өөр төвүүдтэй байх шаардлагатай байв. Тэрбээр хөвгүүддээ байлдан эзэлсэн их гүрнийг нь хамгаалан авч үлдэнэ гэж найдаж чадалгүй охиддоо илүү итгэх болсон бөгөөд охид нь Торгоны зам дагуу Хойд Хятадаас Дундад Азийн нутгаар тархан байрласан хаант улсуудыг захирч байлаа” гэж тодотгожээ. Харамсалтай нь Чингис хаан болон Өгөдэй хааныг нас барсаны дараа Чингис хааны сэргэлэн охидод бага сага аюул учирсан байдаг. Юуны түрүүнд Өгөдэйн их хатан Дөргэний талын хүмүүс Чингис хааны охидын нутаг руу дайрч давшилж, цаашлаад энэ нь хаан язгуурт эмэгтэйчүүдийн эсрэг дайн болж нөхцөл байдал сүрхий доройтжээ. Ингэснээр Дөргэний талын хүмүүс Алалтун бэхид "Өгөдэй ахыгаа хорлосон” гэдэг ял тулгаж цаазаар аваачжээ. Дараагийн үед нь тэдний үеэлүүд буюу Чингис хааны ач нар, их хааны үлдээсэн тэнцвэртэй эрх мэдлийн тогтолцоо руу, улмаар түүний охидын удам руу давшилсан байх жишээтэй. Энэ тухай нэрт нийтлэлч Б.Номинчимэд "Чингис хааныг тэнгэр болсоны дараахан Алалтун бэхи ах Өгэдэйн хүмүүст алуулав. Хоёр жилийн дараа Алага бэхийн өв залгамжлагч Нэгүдэй амь үрэгдэв. Түүнээс удалгүй Цэцэйхэн бэхи гэнэтхэн амь эрсдэж, дараа жилийн зун Ойрад түмний охид бүсгүйчүүдийг бүгдийг нь хэрцгийлэн хүчирхийлээд эрхэндээ оруулжээ. Бүр бүсгүйчүүдийн эсрэг аян дайн шахуу юм болсон байна. Чингис хааныг тэнгэрт хальсанаас хойш арав хүрэхгүй жилийн дотор түүний охин ургийнхан ийнхүү хамаг эрх мэдлээ ах, дүү нартаа алдав, амь эрсдэв” гэж өгүүлжээ. Ямартай ч Чингис хааны охид бэр болж очсон улс орноо гардан удирдаж, эр нөхрөөсөө илүү эрх дарх эдэлдэг байсан нь түүхэн үнэн бөгөөд энэ нь "Монголын нууц товчоо”-нд Хэрэйдийн Тоорил хааны хүү Нялха Сэнгүмийн хэлсэн "Миний ураг тэднийд очвол ямагт хатавчинд хоймор харж суух болно. Харин Чингисийн ураг бидэнд ирвэл хойморт сууж хатавч харах болно” гэсэн үгийн бодит биелэл байлаа.

ЭЗЭН ЧИНГИСИЙН ГУЧ ОХИН ЭРГЭНЭ ГҮНЖ

Их Монгол улсын түүхэнд чухал байр суурь эзэлсэн хатад эмсийн дундаас Чингис хааны гуч охин Эргэнэ хатан яах аргагүй онцгойрдог юм. Энэ хатны нэрийг түүхэн сурвалж бичгүүдэд Эргэнэ, Ургана, Уркена, Оркына гэх зэргээр тэмдэглэсэн байдаг бөгөөд тэрбээр Чингис хааны охин Цэцээхэний хүү Барбөхийн охин буюу яах аргагүй эзэн Богд Чингисийн мах цусны тасархай гуч охин нь байв. Эргэнэ үзэмж төгс, гоо үзэсгэлэнт нэгэн байснаас гадна багын цовоо сэргэлэн, эелдэг найрсуу зантай байсан тул Чингисийн хоёрдугаар хүү Цагадай ихэд таалдаг байсан гэдэг. Тийм ч учраас өөрийн ууган хүү Мүтүгэний хүү Хархүлэгт эхнэр болгон авч өгөөд бүх бэрүүдээсээ онцгойлон үзэж "Эргэнэ бэр” хэмээн дотночлон дууддаг байсан тухай түүхэнд тэмдэглэгджээ. Цагадай хаан өөрийнхөө дараа Хархүлэгийг хаан ширээнд суулгах ёстой хэмээн амьд ахуйдаа гэрээсэлж угсаа залгамжлагчаараа тодруулж байсан тул 1242 онд Цагадайг нас барахад түүний гэрээслэл ёсоор Эргэнэ хатны нөхөр Хархүлэг Цагадайн улсын эзэн болж суурийг нь залгамжилжээ. Хархүлэг улсаа 1242-1246 он хүртэл дөрвөн жил захираад байтал Өгөдэй хааны хүү Гүюг 1246 онд Их Монгол улсын хаан болмогцоо "Хүү нь байхад ач нь яахин улсаа захирч болох билээ” гээд Хархүлэгийг хаан ширээнээс зайлуулж, Цагадайн хүү Есөнмөнхийг хаан болгосон байдаг. Ингээд Есөнмөнх 1251 он хүртэл Цагадайн улсын төр барьж байлаа. Харин 1251 онд Гүюг тэнгэрт хальж Их Монгол улсын хаан ширээ Өгэдэйн удмаас Тулуйн удамд шилжиж Мөнх их хаан болсноор Цагадайн улсын хаан бас солигдоход хүрсэн бөгөөд энэ цагаас эхлэн Эргэнэ хатны нэр Их Монгол улсын хатан хаадын түүхэнд зүй ёсоор орж ирсэн байдаг юм.

Мөнх их хаан болмогцоо өөрийн дотны нөхөр Хархүлэгт хаан ширээг эргүүлэн өгчээ. Гэвч Хархүлэг Цагадайн улсын эзэн суух гэрэгэ зарлигийг Мөнх хаанаас авч, Есөнмөнхийн ордны зүг явж байх замдаа Алтайн орчим таалал төгсч, үүний улмаас Мөнх хаан ахин зарлиг гаргаж Хархүлэгийн орыг түүний хүү Мубарак шахад шилжүүлжээ. Энэ үед Мубарак шах дэндүү балчир байсан тул засгийн эрхийг Хархүлэгийн бэлбэсэн эхнэр Эргэнэ авахаас өөр аргагүйд хүрч тэрбээр 1251 онд Цагадайн улсын төрийн эрхэнд гарч ирсэн түүхтэй. Эргэнэ хатан өөрийн эр нөхрийн үхэлд Есөнмөнхийг буруутгаж байсан учир юуны өмнө нөхрийнхөө шадар ноён сайд Хабаш Амид болон бусад ноёд цэргийн хүчээр Есөнмөнхийг баривчлан Алтан ордны хаан Бат руу явуулжээ. Гэвч Бат хаан Есөнмөнхийг хэсэг зуур өөрийн дэргэд байлгаж байгаад эргүүлэн нутаг руу нь буцаажээ. Тийм бөгөөс Эргэнэ хатан түүнийг ахин хаан ширээний төлөө тэмцэж балчир хүүг нь хөнөөж мэднэ гэж хаширлаж, мөн эр нөхрийнхөө өш хонзонг авах үүднээс хөнөөж орхисон гэдэг. Үүнээс болж Цагадайн улсын ард иргэд Эргэнэ хатанд таагүй хандах болсон бөгөөд тэрбээр нутаг дэвсгэрээ нийтэд нь захирч чадахгүйд хүрсэн учир ихэнхи хэсгийг нь Тулуй болон Зүчийн удмынхан эрхшээх болсон байна. Тэд мөн Өгөдэйн улсын газар нутгийг ч эрхшээж байлаа.

Тулуй болон Зүчийн удмынхан ийнхүү ах дүүгийн газар нутгийг хувааж авсанаар Чингис хааны удмынхан хоорондоо эвдрэлцэх үүд хаалга нээгдсэн ч гэж үздэг юм. Мөнх хаан, Бат хаан хоёр Их Монголын эзэнт гүрний газар нутагт ингэж ноёрхоод зогсохгүй Өгөдэй болон Цагадайн удмын балчир хүүхдүүдийг их хааны ордонд хүмүүжүүлэх нэрээр эцэг өвгөдийнх нь эзэмшил нутгаас салган хүчийг нь сааруулж байсан явдал ч бий. Эдгээр балчир хөвгүүд бүр хожим Хубилай хааны үед л өвөг эцгийнхээ эзэмшил нутагт очиж суух эрхтэй болсон гэдэг. Гэхдээ Эргэнэ хатан Зүчи болон Тулуйн удмынхан дотор нэр хүнд сайтай байжээ. Тийм ч учраас Мөнх эзэнт гүрний хаан ширээнд сууж байх үед буюу 1251-1260 он хүртэл балчир хүүгийнхээ оронд Цагадайн улсыг дангаар захирч эмгэнэлтэй хүндхэн үеийг даван туулж улс орныхоо гал голомтыг авч үлдэж чадсан байдаг. Чингис хааны гуч охин Эргэнэ хатан хэзээ ямагт төрийн эрх ашгийг дээдлэн, ёс заншлаа эрхэмлэн, холч мэргэн ухаанаар улсаа захирч байсан учраас алтан ургийнхан дунд ихэд нэр хүндтэй нэгэн байжээ. Түүнээс гадна түүний эгч нар болох Аригбөхийн хатан Илчигмиш, Хүлэгү хааны хатад болох Кубак, Өлзий нар ч мөн ёсыг сахигч, ухаалаг сэцэн хатад байсан гэдэг. Харамсалтай нь тэдний тухай тоймтой тодорхой зүйл түүхэнд үлдэж хоцорсонгүй ээ.

ХАЙДУ ХААНЫ ОХИН "ХОТОЛ ЦАГААН” ГҮНЖ

Монголын эзэнт гүрний Хайду хааны охин, Чингис хааны тав дахь үеийн удам угсааны Хутулан буюу "Хотол цагаан” гүнж гоо үзэсгэлэнтэйгээс гадна биерхүү, хүч чадалтай нэгэн байсан тул эрийн гурван наадмын төрөл болох бөх, хурдан морь, нум сум харвах тэмцээнд хүч бяраа үздэг байж. Мөн тэрбээр баатар эрсийн морьт тулааныг ихэд сонирхдог байжээ. Энэ ч утгаараа "Бөх гүнж буюу Хотол цагаан гүнжийн домог” хэмээх эрт цагийн нэгэн бодит явдал түүхийн шарласан хуудаснаа дурайтал үлдсэн байдаг. Хутулан гүнж нэг эхээс цувж төрсөн арав гаруй ахтай байсан бөгөөд тэрбээр хүдэр чийрэг ах нартайгаа ноцолдон өсч, тэднийг хүч бяраар дийлэхийн тулд багаасаа л тэдэнтэй өрсөлдсөөр иржээ. Тэгээд нас биед хүрмэгцээ наадам тэмцээнд оролцож, мөн эцэг Хайду хааныхаа цэргүүдийг удирдан тулаанд орж хэд хэдэн удаа ялалт байгуулсанаар Монголын овог, аймгуудын дунд нэр нь цуурайтах болсон байна. Ер нь ганц Хутулан гэлтгүй эртний монгол охид моринд гарамгай, хар багаасаа л нум сум харвах сургуулилт хийдэг байж. Олон арван баатар эр түүнтэй амьдралаа холбохыг санаархаж байсан ч Хутулан гүнж "Надтай барилдаад намайг давсан хүнтэй л би сууна” гэж ам гарчээ. Гэвч түүнийг давах эр гарч ирсэнгүй. Хайду хааны хувьд Хутулан гүнж хамгийн хайртай хүүхэд нь байжээ. Энэ үүднээс Хутулан гүнжид атаархагчид "Бөх гүнж хаан эцэгтэйгээ эр эмийн ажил хийдэг” гэсэн цуу дэгдээсэн байна. Тиймээс Хутулан гүнж хаан эцгийнхээ нэр төрийг сэвтээхгүйн тулд баатар эрсийн дундаас хамгийн итгэлтэй сайныг нь сонгож гэрлэсэн түүхтэй. Түүний эцэг Хайду хаан Хятадын соёл бүхий тансаг амьдралыг илүүд үзсэн Хубилай хааны бодлоготой төдийлөн санал нийлдэггүй байсан бөгөөд Хутулан гүнж ч эцгийнхээ үзэл бодлын дагуу суурин амьдралыг ойшоодоггүй байж.

Хубилай хааны дэргэд олон жил суусан Италийн жуулчин Марко Поло болон Ираны түүхчид Хутулан гүнжийн талаар дээрхи сурвалж бичгийг үлдээсэнээр 18-р зууны үеэс Европт Азийн нэгэн энгүй хүчтэй бөх гүнжийн тухай яриа дэгдсэн байна. Тиймээс Францын эрдэмтэн зохиолч Франсуа Питис де Ла Крой Хутулан гүнжийн тухай зохиол бичиж, үүндээ түүнийг Алтан хааны 19 настай Турандот хэмээх турк охины дүрээр дүрсэлсэн байдаг. Уг зохиолд Хутулун гүнжийн бөх барилдаж даваад эр нөхрөө сонгох хүсэлтийг гурван янзын оньсого болгож өөрчилжээ. Хутулан гүнжид унасан бөхчүүд мөрийнд тавьсан адуугаа алддаг байсан бол жүжгийн зохиолд Турандоттой суухыг хүссэн эрчүүд гурван оньсогыг тааж чадахгүй бол амиа өгдөг. Уг зохиол мэндэлсэнээс хойш зуу гаруй жилийн дараа Италийн хөгжмийн зохиолч Ж.Пуччини Азийн гүнж гэгддэг "Турандот” хэмээх алдарт дууриа туурвижээ. Гэхдээ уг дуурийн гол дүр Турандот нь эрт цагийн Хутулан гүнж шиг хүч чадалтай, баатарлаг эмэгтэй бус өөрөөсөө дорд гаралтай эр хүнтэй суухаас татгалзаад хайртай хүнээ насан туршдаа хайж яваа бардам эмэгтэй билээ. Нэг ёсондоо Хутулан буюу монголчуудын хэлж заншсанаар Хотол цагаан гүнжийн домог нь хөгшин Европын урлаг соёлд бардам эмэгтэйн түүх болж үлдсэн билээ. Ер нь Хотол цагаан гүнжийн үед манай Монголын их хаадын үр удам болох үзэсгэлэн төгс олон арван гүнж төрөн гарсан байдаг. Тэдний зарим нь харь улсын хаан, вангуудад бэлэг болж очдог байж. Энэ тухай УБИС-ийн багш, БНСУ-ын Данкууг их сургуулийн профессор Р.Чүлтэмсүрэн нэгэн сонирхолтой баримт дэлгэж байсан билээ. Жишээ нь 1219 онд Монголын жанжин Хабжин, Cолонгосын жанжин Жо Чун нарын манлайлсан цэргүүд Cолонгосын нутагт үймээн дэгдээж байсан Киданы хулгай нарыг хамтын хүчээр даран сөнөөжээ. Тэгээд тэд ялалтаа тэмдэглэх үедээ "Бидний хоёр улс үүрд ах дүү байж, үр сад маань энэ өдрийг түмэн үед бүү умартаг” гэж андгай тангараг өргөөд Хабжин жанжин дөчин нэгэн монгол цэргийг солонгос хэл сурагтун хэмээн Солонгост үлдээжээ. Энэхүү ах дүүгийн барилдлага яван явсаар Хубилай хааны гүнж Хутагт бэхи, Хубилай хааны хүү Чингимийн ууган хүү Гамалийн охин Будшилэн, Есөнтөмөр хааны охин Инилжгинбал, Хубилай хааны тав дахь удмын Бортөмөрийн охин Нүнчиг зэрэг үзэсгэлэнт монгол бүсгүйчүүд төр улсын өндөр ёслолын хүрээнд Солонгосын үе үеийн хаад вангуудын хатан болж байсан түүхтэй.

ХОРИ БУРИАДАД ГҮНЖ БОЛЖ ОЧСОН БАЛЖИН ХАТАН

Монголын эртний хатдын дотроос Хори Буриадад гүнж болж очсон Балжин хатны түүх нэлээд өвөрмөц юм. Буриадын домгуудад өгүүлснээр бол өвөг дээдсээ Хиад боржигоны нэгэн адил Бөртэ чоно, Гоо марал гэнэ. Ер нь аль ч түүх судрыг нь сөхөөд харвал "Бөртэ Чоно, Гоо маралаас угшилтай Хоридой мэргэн хэмээх хүү нь Баргажин-гуа гэдэг хатантай байжээ” гээд л цааш хөвөрнө. Монголын нууц товчоонд ч бас "Хорилардай мэргэн Баргажин гуа нэрт хатантай билээ. Тэдний охин Алунгоо болно” гэж бичигджээ. Монгол овог аймгууд нэгдэхээс өмнө Баргажин төхөмд нутагласан Түмэд аймаг нь Хори овгийнхонтой нэгдэн аж төрж байв. Энэ үеэс тэднийг Хори-түмэд гэх болжээ. Баргажин төхөм нь одоогийн Оросын Буриадын нутаг буюу Байгаль нуур орчмын хэсэг бөгөөд энд 12-13-р зуунд Төгөлус, Булгачин, Хэрэмчин аймгууд нутаглаж байгаад 1207 онд ойн иргэдийн хамтаар Монголын их нэгдэлд элсэн оржээ. Гэхдээ зарим нь Чингисийн эсрэг босч явсан удаатай. Чингис хаан Хятадыг дайлаар мордох үед Хори-түмэдүүд хааны ордонд бослого гаргаж, их эзний итгэлт анд Борохулыг хөнөөсөн байлаа. Үүнийг Чингис хаан сонсоод ихэд хилэгнэж Дөрвөдийн Дөрбэй Доншинд Хори-түмэд аймгийг байлдан дагуулахыг зарлиг болгожээ. Ингээд Хори-түмэд иргэдийг эзэлсэний дараа Зүүн түмэдийг нь Борохулын гэр бүлийн мэдэлд өгч, Хори-түмэдийг одоогийн Хөх хотын зүүн хойд тал руу Өвөр Монголын нутагт шилжүүлэн нүүлгэсэн байдаг. Домогт Балжин хатны түүх намтар энэ л үеэс эхэлжээ. Түүний аав ээж нь Ордос, Хөх хот

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen