ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД ТОДРОХ ДОЛОО ХОНОГ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД ТОДРОХ ДОЛОО ХОНОГ

 

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди нар тус тус дараалан нэр дэвшиж тасралтгүй найман жил Ерөнхийлөгч хийж байсан. Тэгвэл Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр мөн л хоёр удаа нэр дэвшиж байсан. Гэхдээ тэрбээр өмнөх хоёр Ерөнхийлөгч шигээ үргэлжлүүлэн суудалдаа үлдэж чадаагүй. Түүнийг 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдорж өвдөг шороодуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажилласан. Ц.Элбэгдоржийн хувьд 2013 АН-ын ҮЗХ-ээс 100 хувийн дэмжлэг хүлээж Ерөнхийлөгчийн  сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулснаар П.Очирбат, Н.Багабанди нарын буухиаг үргэлжлүүлж байв. Харин ирэх дөрвөн жилд Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчээр хэн сонгогдох бол.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болоход хоёрхон сарын хугацаа үлдлээ. УИХ-д суудалтай намууд ирэх сарын 6 -ны дотор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулж, зарлах ёстой. Тиймээс  ирэх амралтын өдрүүдэд МАН, АН, МАХН-ынхан удирдах төвшиндөө хуралдаж, нэр дэвшигчээ тодруулах нь. Одоогийн байдлаар сөрөг хүчнээс дотоод сунгаанд оролцохоор Д.Дорлигжав, Б.Баабар, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Г.Батхүү, Л.Болд, З.Энхболд, Х.Баттулга, Р.Амаржаргал нарын нэр дуулдаж буй бөгөөд тэднээс хэнийг нь Ерөнхийлөгчид өрсөлдүүлэхээ тэд VIII Их хурлаараа шийднэ. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх сонирхолтой АН-ынхан уулзалдсан ч тодорхой шийдэлд хүрээгүй тухай эх сурвалж мэдээлж байна. Харин энэ долоо хоногийн сүүл гэхэд тэд дээрх хүмүүсээс хэнийг нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх Ерөнхий хар зургаа гаргасан байх ёстой.

Харин эрх баригч хүчин хэнийг нэр дэвшүүлэх вэ? МАН-ынхны зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг "нам шийднэ” гэсэн товчхон хариултыг өгсөөр байна. МАН-ын хувьд Ардчилсан намынхан шиг нам дотроо сунгаа энэ тэр гэлгүй нэг өдөр хуралдаад асуудлаа шийдчихдэг. Намынхаа Удирдах зөвлөлөөс оруулж ирсэн нэрсийг Бага хурлаараа санал хураалтын журмаар шийддэг. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуульд Бага хурлаараа дөрвөн хүний нэр оруулж ирсэн ч Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин нарын оноо тэнцэн дахин санал хураалт явуулахад Б.Бат-Эрдэнэ илүү санал авч нэр дэвшиж байв.

МАХН-д парламентад цор ганц суудал авч ирсэн нь О.Баасанхүү гишүүн. О.Баасанхүү гишүүний парламент дахь эрдэнэ мэт суудал МАХН-д Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх тийз авчирсан. МАХН-ынхан өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Удвалыг нэр дэвшүүлж, анхны эмэгтэй нэр дэвшигч гэх "алдар”-ыг түүхэнд үлдээсэн. МАХН-ынхан энэ удаа хэнийг нэр дэвшүүлэх нь одоогоор тодорхойгүй.

Ямартай ч хуулийн дагуу нэр дэвшигчдийг тодруулах хугацаа 10 хоногийн дараа буюу тавдугаар сарын 2-оос эхэлнэ. Тодруулбал, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана гэж хуульд заасан. Тиймээс МАН, АН, МАХН энэ удаагийн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ ирэх арав хоногийн дотор тодруулж, Сонгуулийн ерөнхий хороо тавдугаар сарын 2-6-ны өдрүүдэд нэр дэвшигчийг албан ёсоор бүртгэж авах юм.

Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэсний дараа ажлын тав хоногийн дотор буюу тавдугаар сарын 17-ний дотор  нийтэд мэдээлэх юм. Харин нэр дэвшигчийг бүртгэхгүй байх үндэслэл байхгүй бол нэр дэвшигч тус бүрт тавдугаар сарын 27-ны өдөр үнэмлэх олгох учиртай. Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн марафон энэ долоо хоногт идэвхжих нь ээ.
П.ГОО
Оллоо.мн
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen