Өвчин даамжраад байвал гадаадад байгаа 190 мянган иргэнээ татаж л таарах байх даа

Сүүлийн жилүүдэд монголчууд гадны орныг зорьж ажил хөдөлмөр эрхэлдэг болсон. Бүхэл бүтэн нэг аймгийн хүн амтай тэнцэх иргэд гадаадад оршин сууж байна. Гадаад харилцааны яамны судалснаар дэлхийн 80 гаруй улс оронд 190 орчим мянган монгол иргэн сурч, ажиллаж байна. Ажиллаж, сурч байгаагаас үл шалтгаалан тэд ажлыг гололгүй хийж, эх орондоо байх ижий, аав, элгэн саднаа тэжээдэг.

Харамсалтай нь энэ цаг үед коронавирус гэх цар тахал гарлаа. Дэлхийн дийлэнх улс оронд тархаад буй энэхүү цар тахал цагаачлан амьдардаг монголчуудад тун хүндээр тусч байна. Гол шалтгаан нь тухайн орнуудад хатуу хөл хорио тогтоож, гадны битгий хэл дотоодын иргэд нь цалин, орлогогүй болж байгаа юм. Сургуулиуд хаагдсанаас болж оюутнууд тэтгэлэггүй, цагийн ажил хомсдсоноос болж хэрэглээнийхээ мөнгийг ч олж чадахгүйд хүрчээ. Цалин мөнгөгүй болсон ч төлдөг төлбөрүүд нь хэвээр байгаа учир хүндрэлүүд үүсч эхэлсэн нь мэдээж. Өртөг өндөртэй хотуудад амьдарч байгаа хүн ямар ч орлогогүй бол орон байр, идэж уух хоол хүнсээ зохицуулна гэдэг тун бэрх. Гудамжинд гарсантай ямар ч ялгаагүй гэчихэд хилсдэхгүй. Дээрээс нь цар тахал тусах аюул алхам тутамд нь отож байгааг хэлэх үү. Ийм л хүнд үед тэд эх орноо гэхээс өөр яах билээ.

Засгийн газраас тодорхой шийдвэрүүд гарч тусгай үүргийн онгоцоор эхнээс нь зөөж л байна. Энэ өвчин даамжирсаар байвал иргэдээ татаж л таарах байх. Авчирлаа гэхэд байр сав, хоол хүнснээс эхлээд хүндрэл үүсэх шинжтэй байна. Хөл хорионд байлгах хугацааг 21 хоног болгож сунгачихсан байдаг. Халдвартай иргэн ирсэн бол эмч, сувилагчдын хүрэлцээ юу болох вэ гээд асуудлууд ургаж таарна.

Гэхдээ бидэнд нэг давуу тал бий. Бидэнд гэр байгаа. Бид гаднаас ирсэн монголчуудаа жижиг дөрвөн ханатай гэр бариад хөдөө хээр тусгаарлачихаж болно. Тэднийг хотоос зайдуу Төв аймгийн шинэ нисэхийн урд талын хөндийд буулгачихъя. Урин цаг наашилсан энэ үед үүн шиг амархан зүйл үгүй. Хамгийн гол нь зардал багатай. Таван гэрийн дунд нэг ахлагч гаргаж, худаг ус нь ойр, 00-ийн асуудлыг байгальд хоргүй байдлаар шийдэж, ариутгаад байхад тийм ч хэцүү биш. Юм хөгжсөн энэ үед гэрүүд рүү худгаас ус татчихаж болно. Хэдэн гэрийн дунд палатка босгоод шүршүүр хийчихэд болохгүй гэх зүйлгүй. Хөл хорионд орсон иргэдийн гэрээс хоол хүнсний тодорхой хэсгийг нь авчруулж, эдийн засагтаа дэм болох ч боломжтой.

Палатка босгосон ч болно л доо. Гэхдээ хамгийн зөв сонголт жижиг дөрвөн ханатай гэр. Манайхан гэрийг төрөл, төрлөөр нь үйлдвэрлэдэг. Засгийн газар үндэсний үйлдвэрлэгчдийгээ уриалаад, хамтраад арай хямд төсөр үнээр дөрвөн ханатууд худалдаж авч болж байна. Дэм дэмэндээ гэдэг хойно энэ хэцүү цаг үед үндэсний үйлдвэрлэгчид ч үнэрхээд байхгүй биз. Айлуудаас гэр түрээсэлсэн ч болж байна. Буцаагаад өгөхдөө ариутгаад цэвэрлээд л өгнө биз. Амралтын газар, дэн буудлын үнэ ханшнаас наана тусна уу гэхээс илүү гарахгүй нь лавтай. Гадаадаас ирж байгаа хүмүүсээс байр савны үнэ хөлс гээд бараг сая төгрөг хурааж авч байгаа. Жижиг дөрвөн ханатай гэр бараг сая төгрөг шүү дээ. Нэг хүнд нэг гэр бариад өгсөн ч болохоор харагдаж байгаа биз дээ.

Ингээд ирсэн иргэдээ 10, 10 мянгаар нь байрлуулаад хуаран босгочихож болно. Ийм маягаар зардал чирэгдэл ч багатайгаар хүмүүсээ байрлуулах байр сууцаа шийдчих боломжтой харагдаад байх юм. Мэдээж гэр хоорондын зай талбай, ариутгал, хөл хорионы дэгийг сахих зэрэгт тус тусын байгууллагууд нь гойд анхаарах нь чухал.

Ийм л Монгол ахуйдаа ойртуулсан, монголчууд л мэддэг, зөвхөн тэд л тэсэж чадах, хямд төсөр хөл хорионы хуаран байгуулмаар байна. Хүний нутагт эх орноо царайчилж суугаа олон мянган монголчуудаа авчрахдаа ингэж боломж нөөцөө ашиглаж, ухаан сүвэгчилж тусгаарламаар байна. Өөр бид яах ч билээ.

Бид нүүдэлчин ард түмэн. Гэрт амьдрана гэдэг бидэнд шинэ содон зүйл биш. 100 хүрэхгүй жилийн өмнө л бид дээр, дооргүй таван ханатдаа тухалж байсан шүү дээ. Тусгай үүргийн онгоцоор ирж байгаа хүмүүсийн нас дийлэнхдээ 30-40-ийн хооронд хэлбэлзэх биз. Тэдний ихэнх нь гэрт амьдарч үзсэн л байж таараа. Ер нь ч тэгээд хүний нутгийн их хотын завгүй амьдралд нухлуулж, борви бохис хийх чөлөөгүй амьдарч байсан тэдэнд тооноор хөх тэнгэрээ тольдож, амар амгаланг мэдэрч суух шиг жаргал хаана байх вэ.

Яахав, гэрт амьдарч үзээгүй залуу үеийн төлөөллүүдэд 00, шүршүүрээс эхлээд таалагдахгүй зүйлс гарч ирэх л биз. Гэлээ ч ахмад үеэ дагаад сурч, дасаж л таарна. Ямар насан туршдаа хөдөө хээр дөрвөн ханатад амьдруулах гэж байгаа биш. Амьд гарахын төлөө бол 20 хоногт энэ байтугайг л тэвчинэ шүү дээ, таминь ээ. Хэн ч амьдардаггүй шинэ нисэх маань байна, хэдэн цагаач монголчуудаа байтугай дэлхийн бүх хүнийг байрлуулчихаж болохоор том тал нутаг ч бидэнд байна. Хэдэн мянган жил амьдарч ирсэн гэр сууц маань бэлэн байна. Унааны асуудал хүнд бол тухайн нутгийн онгоцыг хөлслөөд ч болтугай хүмүүсээ зөөгөөд ирэх боломж бидэнд бий. Иймэрхүү байдлаар энэ нүсэр ажлыг зохион байгуулбал зардал чирэгдэл, аюулгүй байдал зэргийг хямд төсөр байдлаар давж гарч болох мэт санагдах юм. Эрх баригчид үүнийг тунгааж үзэх буй за.

 

О.Ариунцэцэг

Эх сурвалж: Өдрийн сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen