Агуу хайр бүхнийг ялдгийг тэд харууллаа

Хувь тохиол уу, тэдний агуу хайр уу, чин зүрхнээсээ Ц.Сарнай өөрөө хүссэн, итгэсэн болохоор тэр үү, донор болоход шаардагдах бүх үзүүлэлт нь гурван өдрийн турш хийлгэсэн шинжилгээний хариугаар маш сайн тохирч, түүгээр ч барахгүй элэгний хэмжээ нь хүртэл хангалттай том байж таарчээ.

Хөгжмийн зохиолч Н.Чинбатын хагалгааны дараах эмчилгээ дууссан тухай мэдээлэл хэд хоногийн өмнө гарч коронавирусээс үүдэж айдас, түгшүүрт автах болсон монголчуудад бага ч гэсэн баяр нэмэв. Хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн энэ тухай “Баяртай мэдээ дуулаад баяртай байна аа! Хөгжмийн зохиолч Б.Чинбатын хагалгааны дараах эмчилгээ дуусчээ. Миний бие Солонгост гурван сарын өмнө хийсэн элэг солиулах хагалгаанд очиж оролцсон юм. Ц.Сарнай маань баярлаж талархсанаа илэрхийлжээ. Би эмч хүн, миний ажил шүү дээ. Харин Ц.Сарнай монгол бүсгүй, ханийн агуу их хайраараа донор болж, элгээ хувааж, нөхрийнхөө алтан амийг аварлаа. “Хос зүрхийг хайрлая” хандивын аян өрнүүлж, нэгэн залуу монгол өрх, уран бүтээлчийн сайхан хос элэг бүтэн үлдэхэд тусалж дэмжсэн элэг нэгт монголчууддаа л маш их баярлалаа" хэмээн бичсэн удаатай.

Харин өөрийн элгээ хувааж, нөхрийнхөө алтан амийг аварсан Ц.Сарнай тэдэнд тусалж, дэмжсэн нийт монголчууддаа баярласан сэтгэгдлээ илэрхийлсэн нь саяхан. Тэрбээр “Миний амьдралын минь утга учир, түшиг тулгуур, хайрт хань минь наддаа, гурван сайхан охиндоо, ээждээ, эгчдээ, найз нөхдөдөө, Монголын ард түмэндээ эрүүл саруул болон ирэх энэ л гайхамшигт хагалгаа, эмчилгээ та бүхний минь туслалцаа, оролцоо, сэтгэлийн дэмжлэггүйгээр үнэхээр биеллээ олохгүй байсныг би биеэрээ гэрчлэн төлж барамгүй ач тусад тань хязгааргүй ихээр баярлаж гэр бүлийнхнийхээ өмнөөс гүнээ талархан, хүндэтгэн ёсолъё” гэжээ.

Элэгний дорон гэдэг хүссэнээр олддог зүйл биш. Олдлоо ч тухайн өвчтөнд таарах магадлал нь бага. Ийм нэгэн эгзэгтэй, эрсдэлтэй нүүр тулахаар Б.Чинбат эхнэр Ц.Сарнайгийн хамт БНСУ-ыг зорьсон юм. Цаг мөч, хором бүр амь настай нь холбогдож байсан болохоор тэрхүү хүнд үеийг туулахаас өөр сонголт тэдэнд байсангүй. Ардаа үлдсэн гурван сайхан үрээ бодож, элэг бүтэн амьдралынхаа төлөө хамтдаа зовлонгоо туулахаар сүүлийн найдвараа тээн ийн зорьсон хэрэг. Энэ үед Ц.Сарнай дүү рүүгээ залгаж, эгчийнх нь элэг таараасай гэж өдөр бүр сүүгээ өргөөд залбираад байгаарай хэмээн гуйж байсан гэдэг.

Амьдралынх нь түшиг тулгуур болсон ханийнхаа хүнд өвчинтэй нүүр тулж буйг харсан Ц.Сарнай өөрийн биеийн эд эрхтэнээс хуваагаад ч болтугай хамтдаа тэмцэхээр зориг шулуудан, хатуу ч гэсэн энэ хорвоог хайраар зөөллөж босохоор ийн шийдсэн хэрэг. Хувь тохиол уу, тэдний агуу хайр уу, чин зүрхнээсээ Ц.Сарнай өөрөө хүссэн, итгэсэн болохоор тэр үү, донор болоход шаардагдах бүх үзүүлэлт нь гурван өдрийн турш хийлгэсэн шинжилгээний хариугаар маш сайн тохирч, түүгээр ч барахгүй элэгний хэмжээ нь хүртэл хангалттай том байж таарчээ.

Цаанаа битүүхэн айдастай ч хүсэж хүлээсэн, тэр өглөө Б.Чинбат, Ц.Сарнай нар БНСУ-ын эмнэлэгт өөр, өөрсдийн өрөөнд биеэ бэлдэцгээж, сэтгэл санаагаа тайвшруулж бясалгалаа хийж дуусаад явах цаг болжээ. Энэ үед Ц.Сарнай хурц гэрлээс нуугдан хөнжилөө нүүрэн дээгүүрээ бүтээгээд явсан гэдэг. “Хайрт минь юу бодож яваа бол?” “Айж байгаа болов уу?” “Ингээд л энэ өдөр ирлээ шүү дээ”, “Бүх юм сайхан болж өнгөрнө өө”. “Бид унтаад сэрэхэд хань минь эрүүл сайхан элэгтэй болж олон жилийн зовлонгоосоо ангижрана шүү дээ” зэрэг олон арван бодол Ц.Сарнайгийн толгойд эргэлдэх зуур мэс засалд орох хүлээлгийн өрөөнд нэгэнт ирсэн байв. Хурдхан хайртыгаа олж харъя гэж өндөлзтөл эсрэг талд нь Б.Чинбатыг авчирсан байлаа. Чинбаа энэ үед “Хоёулаа бүхнийг даваад гарна аа” гэж хэлж байгаа мэт эхнэр рүүгээ зөөлөн харцаар инээмсэглэжээ. 10 гаруй цаг үргэлжилсэн хүнд хагалгаа амжилттай болж Б.Чинбат, Ц.Сарнай нарын гэр бүл, найз нөхөд нь гэрэлтэй сайхан мэдээ сонсох нь тэр. Хүн бүр баярын нулимс унагаж байсан нь өчигдөрхөн мэт. Бурхан гэж байдаг бол ёстой л “Алаг сайхан үрсийнх нь заяа түшнэ ээ” гэсэн хүн бүрийн ерөөл тэрхэн мөчид байсан нь биеллээ олсон нь энэ байв.

Гэхдээ элэг шилжүүлэн суулгах хагалгаа тийм ч амар зүйл биш. Хагалгаа хийлгэсэн өдрөөс гам барихаас эхлээд олон бэрхшээл тэдний өмнө тулгарсан ч шантарч, халаглах шалтгаан тэдэнд байсангүй. Өнгөрсөн гурван сарын хугацаанд хүнд бэрхшээлтэй асуудалтай олон удаа нүүр тулж, нэмэлт эмчилгээнүүд хийсээр байв. Ингэж явсаар нэг мэдэхэд цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч өмнөх сул байсан үеэ бодоход бие нь илүү сайжирч, тогтворжиж эхэлжээ. Гэвч элэг солиулсан хүн дархлаа дарангуйлдаг эм ууж дархлаагаа унагадаг учир дэлхий даяар газар авч буй вирусээс хол байж өөрийгөө болон бусдыг хамгаалах бас нэгэн сорилттой тэд тэмцэж суугаа ч нэг л өдөр бүрэн эдгэрээд босоод ирнэ гэсэн гэгээлэг хүсэл хүн бүрийн сэтгэлд өдөлж байгаа нь нууц биш.

Амьдралын гол утга учир болсон хайртай хань, гэр бүлээ элэг бүтэн үлдээх гэж хүний нутгийг зорьж, хатуу ч гэсэн гашуун үнэнтэй нүүр тулж яваа тэдний ард хамаатан садан, найз, нөхөд, элгэн садан монголчууд бүгдээрээ тэнгэртээ залбирч, сэтгэлдээ сүсэглэж явна. Тийм ээ, Монголын сор болсон нэгэн бүлийг хамгаалж үлдэх гэж, Чинбаагаа алтан тайзан дээр нь эргэн авчрах гэж, зүрх сэтгэлээс нь ундран гарч, үзэгчдийн сэтгэлийн чавхдасыг хөндөж уяран хайлуулдаг, хөөрөн догдлуулдаг, бахдаж омогшуулдаг олон арван бүтээлээ улам ихээр туурвиасай гэж Монголын ард түмэн чин сэтгэлийн хандив өргөсөөр байгаа нь үүний илрэл. Хамгийн гол нь, агуу хайр бүхнийг ялдгийг тэд харуулсан тэднийг аав, ээж, ах, дүү, анд нөхөд, үзэгч, сонсогчид, Монголын ард түмэн бүгдээрээ эрүүл энх болоод эх орондоо ирэхийг тэсэн ядан хүлээж буйг энэ ташрамд дурдах хэрэгтэй.

https://www.n24.mn/

 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen