М.Энхсайхан:Олигарх Х.Баттулгад илгээх захидал

Ерөнхий сайд асан М.Энхсайхан 2007 оны 8 дугаар сард УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байхдаа "Өнөөдөр" сонинд одоогийн Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж дараах захидлыг нийтлүүлж байжээ. 

Монголын нийгэм олигархижиж, Монголд олигархийн дарангуйлал тогтох аюул нүүрлэж байгаа тухай хэн хүнгүй ярьдаг болж. Би үүнтэй санал нэг байдаг бөгөөд тийм болгохгүйн төлөө өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно.

Ухаантай нь дуугаа хурааж, эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй харааж зүхсэн хүмүүсийн дуу хоолой хүчтэй болсон энэ цаг үед гэнэт нэгэн “ухаантан” бий болсон нь Баттулга Та билээ. Ухаантан гэж цоллох шалтгаан нь УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга бичиж байна гэсэн хөмсөг гарчигтайгаар Таны нэрээр үе үе төлбөртэй “том том” өгүүлэл өдөр тутмын зарим сонинд гарах боллоо. Үг хэлэх эрх чөлөөтэй боловч үгийн үзүүр хааш чиглээд байгааг ажвал олигархиудын дайн хүчтэй дэгдэх нь.

Олигархиуд төрийг гартаа авахыг санаархаж, нийгмийн бухимдлыг зохиомлоор дэгдээхэд чиглэсэн өгүүлэл бичиж, элдэв хөдөлгөөнийг санхүүжүүлж, тэдэндээ нэр нүүрээ алдахгүйн тулд “онол”-ын үндэслэл мэт ядмаг өгүүллүүд Таны нэрээр гарч байгаад олны анхаарлыг хандуулах цаг болжээ.

Та саяхан “Архи зарах нь алсын хараа биш” гэсэн ээлжит төлбөртэй явуулгаа хийжээ. Ингэхдээ ухаантай юм бичээд байгаа шүү гэдгээ нотлох гэж бичлэгээ алсаас “Forbes сэтгүүл өнгөрсөн долоо хоног дэлхийн хамгийн баян хүнээр Мексикийн иргэнийг тодруулсан тухай хэлээд Монгол Улс маань “14 гэр бүлийн хяналтад орох цаг айсуй” хэмээн олон түмнийг айлгажээ.

Цааш нь анхны Ерөнхийлөгч П.Очирбатаас авахуулаад өнөөгийн Ерөнхийлөгч Н.Энхбаярыг оролцуулан бүгдийг “бут авч”, Таван толгой, тусгаар тогтнол гээд, “буян Жагаа гэх “хөдөлмөрч” цолтой эр, Д.Идэвхтэн, Ж.Оджаргал, Батж.Батбаяр гээд өөрөөсөө бусдыг олигархи гэсэн байна. Ингэхдээ Таван толгойн хувьцаа эзэмшигчээр Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Шадар сайд М.Энхсайхан байдаг мэтээр зогсоо зайгүй хийсэн гүтгэлгээ давтлаа.

Ийм явуулгын зорилго нь Баттулга ажаа олигархи биш юм байна, олигархуудтай тэмцэгч “цогтой баатар” нь Халтмаагийн банди Баттулга юм байна гэж хүмүүст итгүүлэх гэсэн хэрэг. Энэ явуулга чинь бүтэхгүй. Үүнийг хөрөнгө мөнгөөр хийдэггүй юм. Ард түмэн тийм гэнэн биш ээ.

“Өдрийн сонин”-д эмч Б.Болдсайхан “Шантажаар амьдрагсад” гэсэн нийтлэлдээ Таны тухай тун оновчтой хэлснийг иш татъя. “Хууль бус аргаар амархан олсон асар их мөнгө, спирт архины наймаа, гурван банкинд байгаа харилцагчдын мөнгийг хяналтгүй зарцуулж байгаа боломжиндоо сагаж Монголын ард түмний түүхэн сонголтыг мөнгөөр засварлах гэж оролдож байгаа, Үндсэн хуулийн суурь зарчмуудыг уландаа гишгэсэн, хувь хүнийхээ хувьд ч жудаг, нэр төргүй үйлдэл хийж буй Х.Баттулга, Л.Гүндалай нарын ёс зүйгүй авирлаж буй асуудлыг…” зохих байгууллагууд нь авч хэлэлцэхийг шаардсан байсан. Хэн нэгэн нь ингэж бич гэж Болдсайханд заагаагүй байхаа хэмээн найдаж байна.

Манайд мөнгөтэй хүн болгон цаанаа “но”-той гээд хэлчихэд нэг их буруутахааргүй байгаа. Дөнгөж дөнгөнөөсөө салсан социалист ухамсартай хүмүүс анхны хуримтлалаа ёс бусаар олсон байдаг нь Орос болон олон оронд тохиолддог. Хэн яаж мөнгөтэй болсон тухай яривал ёстой хачин юм яригдах.

Өөрийг чинь монгол сайхан охидыг Хятад, Сингапурт олон арваар нь биеийг нь үнэлүүлж, сүүлд нь худалдаж, Синга, Солонгосын бизнесмэнүүдийг хулхидан байж анхны хуримтлалаа хийсэн тухай ярьдаг. Үнэнд бараг нийцэх биз ээ. “Энержи ресур”-ийнхэнд итгэх арга байхгүй гэсэнтэй адил Танд ч бас итгэх арга байхгүй. Тэр тусмаа монгол эмэгтэйчүүдийн хувь заяагаар тоглосон байж мэдэх хүнд бүр ч итгэж болохгүй. Нүглээ наминчлан буян үйлдвэл сайнсан. Монгол төрөөр тоглохыг, Монголын төр рүү иймэрхүү этгээд асаж байгааг зүгээр харж болохгүй санагдаад байгаа юм.

Таны хэлж ярьж, хийж, санхүүжүүлж байгаа зүйл чинь жинхэнэ олигархийн үйлдэл болоод байна. Хөрөнгө мөнгөтэй хүнийг л заавал олигархи гэж ойлговол эндүүрэл гэж би нэг бус удаа хэлж байгаа. Мөнгөндөө дулдуйдаж, хөрөнгө мөнгөний төлөө улсаа ч худалдахад бэлэн хүмүүсийг олигархи гэж хэлбэл зохистой байгаа юм. Гудамжны хувьсгал хийхийг санаархах, хувийн компаниа хүртэл Италийн мафийн тухай алдартай “Загалмайлсан эцэг” кинонд гардаг Женко нэрээр нэрлэсэн хүнээр монголчууд бид улсаа удирдуулах болж байна уу. Энэ зорилгоо гүйцэлдүүлэх гэж МоАХ-ны нэрийг бамбайгаа болгож байгаа чинь бүр ч эмгэнэлтэй.

Хариуцлагатай ардчиллын тухайд

Ардчилал хариуцлагатай байх ёстой гэж миний бие УИХ дээр саяхан ярьсан юм. Ардчилал бол дур зоргоор авирлах явдал биш. Тэр тусмаа батлагдаж, нотлогдоогүй мэдээллээр улс төрийн шоу хийж, хэн нэгнийг гүтгэн доромжилж, чөтгөр шулам болгох явдал биш юм аа. Ийм байдал нь гэмт хэрэгтнүүдэд өгөөш төдийгүй, улс төрийн аллага болох урьдач нөхцөл болдог тухай би сануулсан юм. С.Зоригийн аллага Ц.Элбэгдорж огцорч есөн сар үүрэг гүйцэтгэгч нэр хэмээн дээр дооргүй эх захаа алдаж байсан орчинд үйлдэгдсэнийг эргэж санах хэрэгтэй. Бид сургамж аваагүй л байна.

Баттулга Та нийтлэлдээ “М.Энхсайхан Үндэсний шинэ намын хурал дээр “Бид бүр олон хятадыг оруулж ирэх хэрэгтэй. Нэг монгол хүнд арван хятад оногдож байвал сая сэтгэл амарч болно гэж албан ёсоор мэдэгджээ. Энэ үгс нь сонины шарлаж амжаагүй хуудсуудад тодхон бий. Өөрийгөө “үндэсний үзэлтэн” гэж зарладаг энэ хүн аль үндэсний төлөөх үзэлтэн болохоо үйл ажиллагаа, үг хэлэээрээ нотолсоор байна” гэж дэмийрчээ.

Миний хэлж ярьснаас тийм үг хэзээ ч олдохгүй. Харин таны зохион байгуулсан гүтгэлгийг хэвлэсэн 2007 оны долдугаар сарын 20-ны “Маш нууц” мэтийн сониноос олж харж болох юм. Иймэрхүү гүтгэлгийг нь уншсан, цөс нь хөөрсөн уншигчдаас 57 санал ирсний найм нь намайг егүүтгэх хүслээ илэрхийлсэн байна. Түүний дотор нэг зарлал гарсныг нь шууд танд хүргэе.

Сэтгэгдлүүд:

…29. KILLER (86.21.72.185) 2007.07.21, 2:43
М.Энхсайханыг алах захиалга авна. Утас 99981221. Хаана нь буудуулахаа захиалж болно. Зүрхэнд нь юм уу, духанд нь хаана ч байж болно.

Баттулга Таны хариуцлагагүй бөгөөд санаатай үйлдлийн чинь үр дагавар энэ буюу. Та зорилгодоо хүрэхийн тулд захиалга өгөх чинь л үлдсэн байна. Сэтгэцийн гажигтай хүмүүс аливаа нийгэмд байдаг ч би цэрэг, цагдаа, тагнуул гэж дүвчигнэсэнгүй. Элдэв хамгаалалт гэж бодсонгүй байдгаараа л байж байна.

Ардчилал хариуцлагатай байх ёстой юм. Хариуцлагатай байна гэдэг нь улс төр нотолгоотой баримтад тулгуурласан байх ёстой юм. Хариуцлагатай байна гэдэг нь улс төрчид, тэр тусмаа УИХ-ын гишүүд нь үгээ цэгнэсэн бодсон байхыг хэлж байгаа юм. Хоосон хардалт сэрдэлт, гүтгэлэг төрийн ажлыг цалгардуулаад байгааг олж харах цаг болсон байгаа юм.

Миний бичсэн “Би үндэсний үзэлтэн” нийтлэлийг Х.Баттулга гишүүн үзээгүй нь илт байна. Уул нь монгол хэл дээр бичсэн юм сан. Уул нь юм боддог ухаантнуудад зориулж бичсэн юм сан. Нэг удаа ч болов уншчих. Хэрэг болдоггүй юмаа гэхэд намайг арай өөрөөр харахад чинь туслах байлгүй. Юун “Форбс” сэтгүүл. Тэр чинь англи хэл дээр гардаг. Таны нийтлэл “Форбс” сэтгүүлийн өнгөрсөн долоо хоногийн дугаарт” гэж эхэлсэн ч Таныг тэр сэтгүүлээ уншаагүй гэдэгт би мөрий тавихад ч бэлэн байна. Сургаар юм бичих ухаантны шинж биш ээ.

Таван толгой, тусгаар тогтнол мөн үү

Х.Баттулга та нийтлэлдээ “Миний хэлэх гээд байгаа гол зүйл бол Таван толгой бол Тусгаар тогтнол” гэж томорчээ. Үнэхээр тийм л юм бол Таван толгойг олж нээхээс өмнөх цусаа, хөлсөө урсгаж байсан ахмад үеийнхэн ямар юмны төлөө яваад байсан болж таарч байна аа? Үнэхээр тийм л юм бол Таван толгойг тойруулаад хэдэн цөөн цэргээ зогсоочихье, ингэлээ гээд тусгаар тогтнол баталгаатай болох юм уу?

Тусгаар тогтнолоо хадгалан бэхжүүлэх асуудал бүхий л үеийн монголчуудын амьдралын утга учир байсан биз ээ. Тусгаар тогтнол гэсэн энэ эрхэм ойлголт хүн бүрээс эхлэх учиртай гэж бодож байна. Тусгаар тогтнол гэдэг бол монгол хүн өөрөө юм. Монгол хүнийг монголоор нь байлгах эх орон, түүх, соёл, ёс заншилгүйгээр, ертөнцийн хүмүүсийн хэнээс нь ч дутахгүй амьдруулах нийгэм, улс төр, эдийн засгийн орчингүйгээр тусгаар тогтнолын тухай яриа утгагүй.

Тархи толгойд нь монгол төр оршин тогтнохоо больсон хүмүүс тусгаар тогтнолыг хамгаалахгүй. Сайн, муу ч гэсэн монгол төрийг дээдэлж, шударгажуулан, бэхжүүлэх явдал бол миний яриад байгаа үндэсний үзлийн гол санаа юм. П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр нарыг муу хүн гэж хэлж чадахгүй. Тэд цөм Монголын ард түмнээс сонгогдсон Монгол төрийн тэргүүн байсан, одоо ч байгаа хүмүүс. Үүнийг л умартвал тусгаар тогтнол хувь хүний дотор устаж эхэлж байгаа хэрэг. Тусгаар тогтнолыг нь устгахын тулд төрөө гэдэг монголчуудын үе дамжсан үзлийг нь устгах хэрэгтэй болно. Харамсалтай нь Та төрд итгэх итгэлийг алдруулах, төрийн хүнийг үндэслэлгүйгээр гүтгэх ажиллагаа хийж байгаагаараа үндэснийхээ эсрэг жинхэнэ олигархи үйлдэл хийж байгааг ухамсарлахыг хүсч байна.

Таван толгойн хувьцааг би эзэмшдэггүй. Үүнийг би мянга мянга дахин давтая. Монгол Улсын Ерөнхийлөгч ч үүнд хамаагүй гэдэгт би итгэж байгаа. Харин ч улсын хөрөнгөөр геологи хайгуул хийсэн Таван толгой мэтийн ордуудыг төр нь бүхлээр нь эзэмшвэл яасан юм гэсэн санааг гаргаж хүний, өөрийн намынхандаа чичлүүлж байгаа хүн нь Ерөнхийлөгч юм шиг санагддаг. Ерөнхийлөгч Н.Энхбаярын энэ санааг би зөв гэж бодохгүй байгаа ч үнэхээр Таван толгойн лицензээс хувь хүртдэг хүнээс өөрөө өөрийнхөө өмчийг төрд авья гэх санаа гарах болов уу даа. Ихэд эргэлзэж байна.

Томоохон орд газруудыг олон түмний төлөө, тэдний амьдрал ахуйг дээрдүүлэхийн төлөө ашиглах ёстой гэсэн үзэл бодолтой явдгаа дашрамд хэлье. Монголд хэдэн арван Оюу толгой, Таван толгой бий гэдэгт би ерөөсөө эргэлздэггүй. Ус үзээгүй гутал тайлж, уул үзээгүй хормой шуув гэгчээр эрчимтэй хөгжлийнхөө гараан дээр олигархиудын зодооноос болж асуудал гацвал үүнээс илүү нүгэл гэж байхгүй биз ээ.

“Өөрийгөө фронт гэж нэрлэсэн Арслан гэгч ганц хүн, Ард түмний нам гэж нэрлэсэн гурван хүн, Эрс шинэчлэл гэж нэрлэсэн дөрвөн хүн, Ардчилсан холбоо гэж нэрлэсэн таван хүн зэрэг арван хэдэн хүн Монголын ард түмний нэрийг барин, өөрсдийгөө иргэний нийгмийг төлөөлж байна гэж зарлан захиалагчдаасаа ч, дайруулж буй компаниудаас ч шантааж хийн хэдэн төгрөг олж амьдрах болсон нь Монголд хөгжиж эхэлж байсан иргэний нийгмийн хяналтын тогтолцоог бусармаглан, иргэдийн сэтгэлийн галыг бөхөөж, иргэний идэвх гаргахаас сэжиглэн зайлах болгож байгаа нь бас нэгэн эмгэнэл” гэж “Өдрийн сонин”-д бичсэн үгс юутай үнэн санагдана вэ.

Бөх хүн бүдүүн өвсөнд гэсэн үг бий. Худал хуурмаг юмны оройд “онолч” нь болж харагдах хэрэггүй гэдгийг МоАХ-ны ерөнхийлөгч, олигархи Х.Баттулгад чин сэтгэлээсээ зөвлөж байна.

Эцэст нь хэлэхэд, Таны хийж байгаа төлбөртэй гүтгэлгэд чинь төлбөртэй хариулт өгөөд байх бололцоогүй бөгөөд нэхэмжлэлийг Танд илгээх болно.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд М.ЭНХСАЙХАН

2007 оны 8 сарын 13                                                                                                       

Өнөөдөр сонин 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen