Эрх баригч намынхан маань ирэх сонгуульд байнд ч үгүй банзанд ч үгүй юм болох вий дээ

Энэ удаагийн УИХ-ын нөхцөл байдал их л сонин уур амьсгалтай болчихлоо. Учир юу вэ гэвэл эрх баригч МАН-ынхан маань намынхаа гишүүдийг янз бүрийн хэрэгт яллаж, гутамшиглаж байна. МАН анх сонгуульд ялж гарч ирээд маш олон сайхан амлалт үүрэг авч ард түмнийхээ төлөө морь нохой мэт зүтгэнэ гэж ярьж байсныг хэн бүхэн санаж байгаа байх. Хамгийн сонирхолтой нь МАН-ынхан дотор олигтой лидер огт байдаггүй юмуу ямар учиртай юм бүү мэд, очиж очиж У.Хүрэлсүх гэдэг болхи эрийг Ерөнхий сайдаар томилчихож билээ. Гэтэл нөгөөдөх нь Засгийн газар удирдаж байгаа нь энэ гээд гээд ёстой л холион бантан хутгаж орхисон.

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх энэ цаг үед монгол улс дэвшилж дээшилсэнгүй, харин ч муу нэртэй, луу данстай хямарсан улс болж байгааг өдгөө та бид бүгдээрээ харж байна. Ерөөс У.Хүрэлсүх гэгч хэн бэ? гэдэг нь өөрөө их сонин асуулт. Хагас дутуу боловсролтой, эдийн засгийн талаар ёстой “А” ч байхгүй, хэл ус ч мэдэхгүй нэг тийм бүрхэг сонин эр. Уул нь хүмүүс МАН-д ам сайтай байсан цаг саяхан. Тиймдээ ч тэд өнгөрсөн сонгуульд хол илүү санал авч засаг удирдахаар болсон байх. Гэтэл юу болов? Өмнөх сонгуулиар ялж гарч ирсэн МАН улс орныхоо эдийн засгийг сүйрлийн ирмэгт аваачих дээрээ тулж байна. Эдийн засаг хямарлаа, үүнийг дагаад инфляци огцом өслөө, улсынх нь данс нэмэгдсэнгүй, гадаад өр нэмэгдлээ, улс орон уналтанд орлоо. Нөгөө эдийн засаг сайжруулна гээд байсан хаана байна? Бүгд худал байжээ.

Ингээд бодохоор МАН гэдэг улс төрийн хүчин маань өөрөө намын хувьд төлөвшиж байр сууриа олсон улстөрийн байгууллага мөн үү гэдэг нь эргэлзээтэй санагдаж байна. Харамсалтай нь сонгууль тулсан энэ цаг үед У.Хүрэлсүхийн Засгийн газар эдийн засгаа сайжруулж, сайн сайхан болгож чадна гэдэг нь юу л бол. Хамгийн гол нь өнгөрсөн хугацаанд МАН улс орныг удирдаж авч явах ямар ч чадваргүй нам гэдгээ ард түмэнд бодит утгаар нь харууллаа. Улс төр судлаачид, жирийн иргэд ч тэгэж дүгнэж байна. Гэтэл одоо УИХ-ын ээлжит сонгууль хаяанд тулчихаад байна. Яг үүнийг хүлээж байсан юм шиг сөрөг хүчин болох АН-хан өдгөө сонгуульд бэлтгэлээ базааж эхэллээ.

Бусад намууд ч сонгуульдаа эрчимтэй бэлтгэн ханцуй шамлаж байна. Мөн үүний зэрэгцээ ирэх сонгуулиар бие дааж нэр дэвшигчдийн тоо урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр ихэсэх нь тодорхой болов. Нөгөө урлагийнхан, нөгөө нүцгэн шалдан, дуулдаг, хуурддаг хүмүүс, бөхчүүд УИХ-д хүчээ үзэхээр дайрч эхлэх нь бас тодорхой боллоо. Нөхцөл байдал ийм байгаа болохоор ирэх 2020 оны сонгууль ихээхэн өрсөлдөөнтэй болох байх хэмээн ард иргэд битүүхэндээ тааварлацгааж байна. Харин нөгөө худал яригчид МАН-ынхан маань яадаг бол? Дахиад л худал хуурмаг юмаа ярьж, хороо найруулаад байвал тэд ч ёстой л нөгөө “байнд ч үгүй банзанд ч үгүй” гэдэг шиг л болох байх гэж бодож байна.

Ж.Батдорж

Эх сурвалж: BOLOD.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen