Мэнгэ нь голлосон Н.Номтойбаяр

Хэдэн жилийн өмнө МН-25 дугаар сувгаар “Амьдралаа гэж” гэдэг нэртэй нэвтрүүлэг гардаг байв. Тэр нэвтрүүлгийг загвар зохион бүтээгч Н.Соёлмаа хөтөлдөг байсан юм. Нэг бүсгүй утсаар холбогдоод “Би ганц хүүтэй. Юугаар ч дутаалгүй элбэг хангалуун өсгөсөн. Гэтэл хүү маань одоо намайг маш их зовоож, хамаг л үл бүтэх зүйлийг хийж байна” хэмээн хоолой нь зангиран ярихад хөтлөгч “Дутааж өсгөх ёстой байсан юм” гэж хэлж билээ. Яг үүн шиг өнөөдөр ийм мөнгө олчихвол би маргааш тийм зүйлд зарцуулна гэсэн зорилготой, мөрөөдөлтэй байсан бол магад өнөөдөр Н.Номтойбаяр дуртай нэгний амны “угаадас”, архины ширээний ардах ярианы хачир болохгүй байсан биз. 


Н.Номтойбаяр шиг муу хүн алга гэж нийгэм даяараа шуурч байна. Бүр үйлийн үр нь ирж байна гэж амнаас ам дамжин шуугицгааж байх юм. Атал УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдоод буй Нямтайширын Номтойбаяр гэх нөхөр үнэхээр муу, үзэшгүй муухай араншинтай хүн юм уу гэхээр “эрийн хуйх” ч юм шиг.  Гэхдээ, нэр холбогдсон хэргүүдээс нь харахаар “но”-той нөхөр мэт. Үгүй ядаж, хүмүүний хорвоод ганц олдох аав, ээж, охин дүүгийнхээ нэрийг саараар дуудуулж явах түүнд ямар байдаг бол, өөрийг нь тойрсон хэл аманд түүний сэтгэл хэр нялхардаг бол гээд түмэн асуулт надад байна.

Ерөөс бүхнийг мөнгөөр худалдаж авч болно, доллартай бол хэнийг ч аргандаа оруулж чадна гэж бодсон сэтгэхүй, бэлэнчлэх сэтгэлгээ, хандлага түүнийг эвдсэн мэт. Тэр төрийн өндөр албан тушаалыг, төрийн сайдыг, төрийн төлөөллийг, газрыг, хүнийг гээд бүгдийг мөнгөөр шийдчихнэ гэж явцуурснаас өнөөдрийн хүн бүхний дургүйцлыг хүргэсэн Номтойбаяр гэх нөхрийг бий болгожээ. Түүнд биеэ зовоож ажил хийж, мөнгө олох шаардлага байсангүй. Өсөхөөс идэр нас хүртэл нь бүгд бэлэн байв. Хүний хорвоогийн нэг өнгө, нэг замнал, нэг үзэгдэл, нэг араншин, нэг тохиол энэ аж. 
Тэр улс төрд Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд болж 2012 оны сонгуулийн өмнө орж ирсэн. Салбараа мэддэггүй гэж баалуулж байсан цаг саяхан. Үнэндээ дэд сайдын алба түүний улс төрд орох эхний гишгүүр байв. Төд удалгүй 2012 оны сонгуулиар УИХ-д нэр дэвшиж, өдгөө хоёр дахь удаагаа Дорнод аймгаас сонгогдож, төр түшилцэж байна. Улс төрд шинэ, сул гишүүн байхдаа чуулган, Байнгын хорооны хуралд төдийлэн байр сууриа илэрхийлдэггүй, намын “ах” нарынхаа амыг харсхийж өдөр хоногийг өнгөрөөдөг байсан бол 2016-2020 оны парламентад тэр тэс өөр хүн болсон. Улстөрчийн хувьд ахиж дэвшсэн гэсэн үг л дээ. Мөн энэ хугацаанд Ж.Эрдэнэбатын Засгийн газар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар жил гаруй хугацаанд ажиллаж, салбарынхаа болон хувь улстөрчийнхөө хувьд байр сууриа уран яруугаар өгүүлчихдөг зориг суусан. Бүр намын даргынхаа өөдөөс зоригтой дуугардаг, асдаг, шатдаг аагтай, омогтой, иртэй, баяртай нэгэн болж хувирав. 

ХАМГААЛАГЧАА ЦАГААЧЛАХАД ХҮРГЭСЭН ҮҮ

Улстөрчийн хувьд энэ байх асуудал ч улс төрд илэрхийлж гаргасан араншингаа, ааг омгоо ойр тойрныхондоо гаргаж, тэр нь нийгмийн сэдэв болов. Хамгийн эхлээд хамгаалагчаа дарамталж, Монголд амьдрах аргагүй болгосон гэх мэдээлэл бий. Түүний бие хамгаалагчаар ажиллаж байсан Б.Батзориг гэгч “Номтойбаяр бусдад авлига өгсөн, машиныхаа гаалийн бүрдүүлэлтийг хуурамчаар хийсэн, энд тэнд зодоон цохион хийсэн” гэх мэтээр энд бичихэд ичмээр мэдээллийг ч хэлж байв. Уг мэдэгдэл цацагдах үед хамгаалагч нь Монголын хил давсан байсан гэдэг. 

МУНЗУЙ ХОЧИТ Г.НЯМДОРЖ ИНГЭЖ ЯРИВ

Мунзуй хочит Г.Нямдорж гэх хүн Н.Номтойбаярын талаар “УИХ-ын эрхэм гишүүн Н.Номтойбаяр 2013 оны есдүгээр сарын 25-ны өдөр олон нийтийн газар танхайрч иргэн Д.Баттулгыг хутгалсан гэдэг нь тогтоогдсон. Үүнийг би биш хууль хяналтынхан тогтоогоод эрүүгийн хэрэг үүсгэн Н.Номтойбаярыг яллагдагчаар татсан. Тэгээд хонь бүрэн, чоно цатгалан гэдэг шиг бүгдийг нь хэрэгсэхгүй болгоод хаячихсан нь прокурор шүү дээ. эрх мэдэл, мөнгөтэй хүнд хууль хяналтынхан хэрхэн үйлчилдэг болохыг олон түмэн харлаа. Хүн хутгалсан, олон нийтийн газар танхайрсан хэргээр ял эдэлж байгаа 1800 гаруй хүн байдаг юм байна. Яг Н.Номтойбаярын үйлдэлтэй адилхан. Тэгэхээр прокурорын газраас тэдгээр залуусаас уучлалт гуйгаад суллах эрхзүйн орчин бүрдэж байна гэсэн үг” хэмээж байсан юм. 

БУЛГАНЫ ЗАМ ДЭЭРХ ОСОЛ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг, Уньт багийн “Дондогийн булаг” гэх газарт хүн дайрч, амь насыг нь хөнөөсөн гэх мэдээлэл гарсан. Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор “Сайд машинаа өөрөө барьж явсан гэнэ. Хурдтай давхиж явахдаа эсрэг урсгалаар явж байсан мотоцикльтой хүнийг мөргөсөн байна. Н.Номтойбаяр талийгаачийн ар гэрийнхэнд осол гарсан гэдгийг хэлэлгүй нуужээ” гэх мэдээлэл ар араасаа цувран гарч байсан цаг саяханн. Ослын талаар Н.Номтойбаяр Төрийн ордонд мэдээлэл хийж, “Талийгаач согтуугаар мотоцикль унаж яваад осол гаргасан. Түүнд анхан шатны тусламжийг цаг алдалгүй үзүүлж, эмнэлэгт хүргэсэн боловч маргааш нь нас барсан” хэмээн мэдэгдсэн. Ингээд энэ хэрэг тэгсхийгээд намдаж, замхарсан юм.

Г.БАТХҮҮ АГСАНТАЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГ

Г.Батхүү агсны амь хохирсон хэргээр ташаа мэдүүлэг өгсөн гэж хуулийн байгууллагад яллагдагчаар татагдсан тухайгаа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнгөрсөн сард мэдэгдэл хийв.  
Тэрбээр “Тус хэрэгт миний бие яллагдагчаар татагдаагүй. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд Г.Батхүү агсны хэрэгт холбогдуулж худал мэдээлэл цацсан байна билээ. Хэрэгт ажиллаж байгаа прокурортой албан ёсоор уулзсан. Энэ хэрэгт холбогдуулан одоогоор хэнийг ч яллагдагчаар татаагүй байгааг дуулгасан. Миний бие энэ хэргээр гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэтэл намайг хоёр удаад нь худал мэдүүлэг өгсөн гэж яллагдагчаар татсан байна билээ. Учир нь манай өрөөнд архи уусан байхад, уугаагүй гэж зориуд худал мэдүүлсэн гэсэн. Талийгаач манай өрөөнд архи уугаагүй, ходоодноос нь олдсон архи миний өрөөнд байсан архитай ижил байсан эсэхийг шалгаагүй байна. Харин шүүх шинжилгээний дүгнэлтээр тархинд цус харвасан гэсэн байна билээ. Шүүх шинжилгээний дүгнэлт УИХ-д ч ирсэн” гэсэн юм. Энэ хэрэг өнөөг хүртэл эцэслэгдээгүй байгаа билээ. 

АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ШИЙДВЭР

АТГ-аас түүнийг яллагдагчаар татсан тогтоолд, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ХНХ-ын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа, Засгийн газраас баталсан  276 дугаар тогтоолд тусгасан “нэг төсөлд 5 сая төгрөг хүртэлх” гэснийг зөрчсөн гэж үзжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас төслүүдийг эргэн төлөлтгүй хэрэгжүүлэхээр шийдвэрлэж улсад 3.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэсэн байна. Уг нь хоёр жилийн хугацаатай эргэн төлөгдөх зохицуулалттай юм. Гэтэл төсөл сонгон шалгаруулаагүй, хуурамч хурлын тэмдэглэл бичиж шийдвэр гаргасан, бүлэглэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал бий болгосон гэж яллагдагчаар татах тогтоолд тусгажээ. 
Тэрбээр энэ талаар “Тухайн тогтоолд нэр дурдагдсан хүмүүстэй зохион байгуулалттай хэрэг үйлдээгүй. АТГ-ын тогтоол ор үндэслэлгүй намайг гүтгэсэн. Нотлох баримтууд бүгд надад бий. Хуулийн байгууллага дутуу ажилласан. АТГ-ын ур чадварын асуудал уу, улс төр байсан уу гэдэг нь цаг хугацааны явцад илэрнэ" хэмээв.

БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДАЛ

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хууль тогтоох байгууллагад хандаад буй юм. Хуулийн дагуу уг асуудлыг 48 цагийн дотор УИХ хэлэлцэх ёстой ч Халдашгүй байдлын дэд хорооны хурлын ирц бүрдэхгүй хэд хонож байна. 
Энэ талаар тус дэд хорооны дарга Ц.Нямдорж “Прокурор Их хурлын бүрэлдэхүүн байна уу, үгүй юү гэдгийг анзаарч байж асуудлаа ярих ёстой шүү дээ. Прокурорын байгууллага Их хуралтай асуудлыг ярьж Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд нь байна уу, үгүй юү гэдгээ судалж байж асуудлаа оруулж ирэх ёстой байсан. Д.Лүндээжанцан байхгүй байхад асуудлаа оруулж ирсэн. Адгасан юм прокурорын талаас гарсан. Үүнээс болж 48 цаг гэдэг дээр асуудал үүсээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Их хурлын удирдлага прокурорын байгууллага хоёр 48 цагийн дотор шийдвэрлэх асуудлыг гарцаа харж оруулж ирэх ёстой байсан. Тэртээ тэргүй намаржингаа яригдсан асуудал. Тэр тооцоогоо хийх хэрэгтэй байдаг” гэснээс өөр дорвитой хариулт өгөөгүй.
Харин Н.Номтойбаяр дэд хорооны хурлыг нээллтэй явуулах хүсэлт гаргаад байгаа. Энэ асуудалд Ц.Нямдорж “Үүнийг Н.Номтойбаяр мэддэггүй юм. Хүсэлт ирүүлж болно. Хүсэлтийг дэд хороонд танилцуулна. Н.Номтойбаярын саналыг уншина. Нээлттэй явуулах боломжгүй. Прокурор нь нууц гэсэн бичиг ирүүлчихсэн. Ийм асуудлыг дандаа нууцаар хэлэлцдэг. Цаана нь мөрдөн байцаалтын нууц гэж бий. Н.Номтойбаярын саналыг гишүүдэд танилцуулна. Дэд хороо, Их хурал, хуулийн байгууллага ч тэр бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг шийднэ” хэмээв. 
Н.Номтойбаяр өнгөрсөн хугацаанд хуруу, хошуугаа хүргээгүй зүйл цөөн болжээ. Намын нөхөд нь ч эхнээсээ нүүрээ буруулж эхэлсэн гэх. Түүний улс төрийн карьер энд хүрээд ч өндөрлөхийг үгүйсгэхгүй. Эх орон, эцэг эх хүнд ганц л заяадаг гэдэг үгийг тэр зүрхэндээ, тархиндаа суулгачихвал их ээ амар жимэр амьдрах мэт санагдах. Хүний нийгмийн араншин бүр өөр өнгөтэй юм даа. 

Үндэсний шуудан

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen