Хотын багийн түгжрэл бууруулах төлөвлөгөө LTR

 

Хотын багийн түгжрэл бууруулах төлөвлөгөө LTR

 

Манай улсын нийт хүн амын тал хувь нь буюу 1.49 сая гаруй хүн нийслэлд оршин сууж байна. Харин улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн 64 хувь, ДНБ-ий 64.6 хувь нь мөн л нийслэлд төвлөрч байгаа юм. Тэгвэл нийслэлчүүдэд утаа, хөрсний бохирдлоос эхлээд тулгамдаж буй олон асуудал байгаа ч 87 хувь нь түгжрэлийг нэн даруу шийдвэрлэхээ илэрхийлжээ.

 

Судалгаагаар хотын авто замын 78 хувь нь түгжрэлтэй. Авто замын хөдөлгөөний хурд 13 км/цаг, оргил цагт 8.9 км/цаг байгаа. Арван жилийн өмнөхтэй харьцуулахад гол авто замуудын сүлжээний даац гурав дахин хэтэрсэн. Мөн Улаанбаатар хотын оршин суугч дунджаар өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөж байна. Түгжрэлээс болж алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг, байдал энэ хэвээр байвал 2025 он гэхэд энэ тоо 24 их наяд болох тооцоо гарчээ. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Нийт тээврийн хэрэгслийн 54.1 хувь нь Улаанбаатар хотод авто замын хөдөлгөөнд оролцож байгаа. 2021 оны хоёрдугаар сард Улаанбаатар хотын хэмжээнд тулгамдаж буй асуудлын талаар нийслэлийн төвийн зургаан дүүргийн 400 орчим  мянган иргэдийн дунд судалгаа явуулсан. Судалгаагаар хотын иргэдийн дунд тулгамдаж буй гол асуудлаар замын түгжрэл, нийтийн тээврийн хүрэлцээг нэрлээд, судалгаанд оролцогчдын 85 хувь нь авто замын түгжрэлийг яаралтай шийдвэрлэх ёстой гэж үзсэн. Дэлхийн стандарт 10 км/цагийг тэг зогсолт гэж үздэг. Тиймээс Улаанбаатар хотын хөдөлгөөн тэг зогсолтын хэмжээнд ирээд байна. Зам байгууламж болон зорчих хөдөлгөөн хамгийн муу буюу сүйрлийн түвшинд байна” гэлээ.

 

Сүйрлийн хэмжээнд хүрсэн зам дээр тэг зогсолт хийсэн өнөөгийн нөхцөл байдлаас гарах мастер төлөвлөгөөгөө хотын дарга өчигдөр Засгийн танхимд танилцуулав. Түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийн зорчилтыг 33 хувь, явган болон дугуйн зорчилтыг 3-5 дахин нэмнэ. Ингэснээр түгжрэлийг 17-22 хувь бууруулна. Тодруулбал, 2021-2022 онд багтаан 98 км явган хүний зам, 149 км дугуйн зам тавихаар төлөвлөж байгаа.

 

Тэгвэл энэ удаагийн түгжрэлийг бууруулах шийдлээр LRT буюу хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх боломжтойг нэрлэлээ. Энэ талаар Хотын дарга “Дунд хугацаанд хотын төвийн төвлөрлийг сааруулах зорилгоор томоохон зах, худалдааны төвүүдийг нүүлгэхээр уулзалт хийж байна. Мөн автомашины даатгал, хураамжийг бүсчилсан байдлаар тогтоох, дагуул хотууд болон Богдхан төмөр замыг байгуулах ажил судалгааны түвшинд байна. Түүнчлэн багтаамж ихтэй нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх ажлын хүрээнд LRT буюу хөнгөн галт тэрэгний байгууламж, бүтцийг судалж байгаа. Монгол Улсын хэмжээнд босоо болон хэвтээ тэнхлэгт олон улсын шаардлагад нийцсэн хөнгөн галт тэргийг нэвтрүүлэх боломж бий. Тодруулбал, газар доогуур 6.9 км, газар дээрээ буюу Сонгинохайрхан-Баянзүрх чиглэлийн хэвтээ тэнхлэгт 10 орчим км-ийн байгууламж барих тооцоог хийнэ.  Босоо тэнхлэгийг Буянт Ухаа-7 буудал чиглэлд явуулахаар тооцсон. LRT-г нэг чиглэлд зорчих цагаар тооцоход дунджаар 20-30 мянган хүн тээвэрлэх хүчин чадалтай. Хөнгөн галт тэргийг нэвтрүүлснээр түгжрэлийг 17-22 хувиар бууруулах боломж бий. Зураг төслийн ажлыг эхлүүлэхээр бэлдэж байна” гэв.

Мөн байгальд ээлтэй 500-1,000 автобусны парк шинэчлэлт хийх, 290 автобусны зогсоолыг шинэчлэх, 5000 авт машины зогсоолыг шинээр байгуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.20 ПҮРЭВ № 103 (6580)

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen