Л.Оюун-Эрдэнэ: Улстөрчид нэг ч вакцин авчирч,нэг ч вакцин үйлдвэрлэж нэмэр болж чадахгүй байж битгий гай бол

Л.Оюун-Эрдэнэ: Улстөрчид нэг ч вакцин авчирч,нэг ч вакцин үйлдвэрлэж нэмэр болж чадахгүй байж битгий гай бол

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нар орон нутаг руу вакцины түгээлтийг эрчимжүүлэх үйл ажиллагаанд оролцлоо.
Өнөөдөр 11 аймаг руу 93,000 тун вакцины тээвэрлэлтийг цагдаагийн хамгаалалттайгаар түгээж  байна. Хөдөө орон нутагт 18-50 насны 808,284 хүн, 50-аас дээш насны 305,950 хүн амьдарч байгаагаас 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулах ажлыг эхлүүлсэн. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс дархлаажуулах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, 2021 оны 7 дугаар сар гэхэд хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдийг бүрэн вакцинжуулж дуусахаар зорьж буй.
 
21 аймгийн хүн амыг ялангуяа 50-аас дээш насныхныг нэн тэргүүнд вакцинжуулахаар 2021 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд 11 аймагт вакциныг дараах байдлаар түгээгээд байна.
 
Үүнд:
 
Архангайд 7,200 тун,
Говьсүмбэрт 4,000 тун,
Өмнөговьд 18,200 тун,
Орхонд 10,000 тун,
Төв аймагт  13,100 тун,
Булганд 14,441 тун,
Сүхбаатарт 8,000 тун,
Хэнтийд 7,200 тун,
Говь-Алтайд  12,800 тун,
Дундговьд  4,400 тун,
Өвөрхангай аймагт  22,000 тунг тус тус хүргүүлсэн.
 
 
Өнөөдөр нэмж:
 
Өмнөговьд 14,000 тун,
Сүхбаатарт 8,000 тун,
Ховд аймаг 13,000 тун,
Архангайд 10,000 тун,
Говьсүмбэрт 4,000 тун,  
Баянхонгорт 10,000 тун,
Хэнтийд 6,000 тун,
Дорноговьд 13,000 тун,
Төв аймагт 6,000 тун,
Дундговьд 5,000 тун,
Дархан-Уулд 4,000 тун нийт 11 аймгийн 18 эмнэлгийн машин, 7 цагдаагийн машинаар 93,000 тун вакцин түгээгдэнэ. Зарим алслагдсан аймгууд руу мөн нэмж илгээхээр бэлтгэж байна.
 
 
Энэ үеэр Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ: "Монгол Улсын Засгийн газрын эн тэргүүний зорилго нь иргэдээ вакцинжуулах явдал тул вакцинжуулалтыг идэвхжүүлж байна.
Одоогоор зорилтот бүлгийнхээ 43%-ийг вакцинжуулсан байгаа. Өнөөдрөөс орон нутагт вакцинжуулалтыг эхлүүлж байна. 
Орон нутгийн иргэдээ вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Бид зургаадугаар сарын 1-н гэхэд орон нутгийн иргэдээ коронавируст халдварын эсрэг эхний тунгийн вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн.Вакциныг нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад Засгийн газар хичээн ажиллана.Мөн иргэддээ хэлэхэд та өөр вакцин хүлээж болох ч 8, 9-р сар хүртэл хойшилж магадгүйг анхааруулж байна.
 
Тиймээс эртхэн хийлгээрэй. Одоо байгаа вакцинаа хийлгэх нь цаг хугацааны хувьд хамгийн эрсдэлгүй.
Мөн Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буйг дагаад улс төрийн хөөсрөлт бий болж ажлаа хийж байгаа хүмүүс рүү дайрч эхэлж байна. Улс төрчид та нар нэг ч вакцин авчирч,  нэг ч вакцин үйлдвэрлэж нэмэр болж чадахгүй байж битгий гай  бол. Вакцин татан явалтын явцад зарим улс төрч, УИХ-ын гишүүдийн хариуцлаггүй асуудал бас нөлөөлсөн. Миний хувьд цар тахлын хажуугаар улс төрийн халалт үүсгээд яахав гэж бодоод асар их тэвчээр гаргаж явж байгаа. Гэхдээ би бас тийм тэвчээд явдаг хүн биш. Шаардлагатай бол тэдгээр УИХ-ын гишүүдийг би зарлана гэж бодож байгаа. Цар тахлын үед ийм үйлдэл хийх нь эх орноосоо урвасан үйлдэл шүү. Тиймээс  тэдгээр улс төрийн алиа салбадай нарыг цар тахлын нөхцөл гайгүй болох үед хэлэх ёстой газарт нь хэлнэ" гэв.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen