​НАТО: БНХАУ-ын эсрэг шинэ стратеги боловсруулж дайны сүлжээ бий болгоно

НАТО-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт энэ сарын 3-4 өдрүүдэд Английн нийслэл Лондон хотноо болж байгаа билээ. Тус байгууллагын нийт 29 гишүүн орны төрийн тэргүүн нар мягмар гаригт Английн хатан хаан II Элизабетын хамтаар НАТО-ын 70 жилийн ойн хүндэтгэлийн оройн зоог барьсан юм.

Уг арга хэмжээний үеэр дэлхийн хэвлэлүүдийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй сэдэв нь яах аргагүй АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нарын хооронд үүссэн зөрчил болоод байна. Вашингтон болон Парисын эрх баригчид 2003 онд эхэлсэн Иракийн дайны үл ойлголцлоос болж НАТО-ын үйл ажиллагаа, зорилго, цаашдын чиг хандлагын асуудалд удаан хугацаанд санал зөрөлдсөөр ирсэн юм.

Төрийн тэргүүн нарын уулзалт эхлэхээс нэг хоногийн өмнө Вашингтоны эрх баригчид Францын цахим үйлчилгээний татварын шинэ зохицуулалт нь АНУ-ын “Google”, “Facebook”, “Amazon” тэргүүтэй мэдээллийн технологийн томоохон компаниудад хор хөнөөлтэй гэж үзсэн юм. Тиймээс тус улсын оргилуун дарс, бяслаг, тансаг зэрэглэлийн цүнх зэрэг бараа бүтээгдэхүүнд 2,4 тэрбум ам.долларын 100 хувийн тариф тогтоож болзошгүй талаар мэдэгдсэн билээ. Франц улс нь цахим үйлчилгээний татварын шинэ зохицуулалтын хүрээнд гаднын мэдээллийн технологийн компаниудаас гурван хувийн татвар ногдуулахаар болсон бөгөөд энэ нь тус улсын төсөвт жилд ойролцоогоор 830 сая ам.доллар төвлөрүүлнэ гэсэн тооцоо бий. АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын зүгээс Австри, Итали, Турк тэргүүтэй НАТО-ын бусад орнуудын цахим үйлчилгээний татварын асуудлаар Засгийн газар ижил төрлийн шалгалт явуулахаар төлөвлөж байгаа талаар мэдэгдээд байна. Үүнээс өмнө АНУ-ын тал Европын холбоотой үүсээд байсан нисэх онгоцны татаасын асуудлаас болж Европын холбооны орнуудаас импортолдог оргилуун дарс, тансаг зэрэглэлийн гоо сайхны бүтээгдэхүүн, цүнх зэрэгт 25 хувийн тариф ногдуулж байсан юм. Харин энэ удаад 100 хувийн тариф тогтоохоор төлөвлөж байгаа нь Францын алдарт “L’Oreal”, “LV” зэрэг брэндүүдийн хувьд том цохилт болох аж.

Харин Лондонд эхэлсэн уулзалтын өмнө Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон НАТО-ын цаашдын стратегийн хамтын ажиллагааны ойлгомжгүй байдал, хүйтэн дайнаас хойш бий болсон дэлхийн хүчний тэнцвэрийн асуудал, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп холбоотнуудтайгаа зөвшилцөлгүй Сирийн нутаг дэвсгэрээс цэргээ татсанаас болж тус бүс нутагт шинэ хурцадмал байдал үүссэн болон НАТО-ын гишүүн Турк улс алан хядах Исламын улс бүлэглэлтэй холбоотой ажилладаг байж болзошгүй зэрэг асуудлуудад хурцаар шүүмжлэлтэй хандсан билээ.

Түүний энэхүү шүүмжлэлийн хариуд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Эммануэл Макрон НАТО-ын үйл ажиллагаа болон АНУ-ын батлан хамгаалахын бодлогыг шүүмжлэх нь тун зохимжгүй. АНУ яагаад холбоотны үүргээ биелүүлэлгүй НАТО-ын эвслийн зардалд гараа хумхин суудаг улс орнуудын аюулгүй байдлын төлөө цэрэг армийн төсвөө зарцуулах ёстой гэж” гэсэн байр суурийг илэрхийлэв. Тэрээр өмнө нь НАТО-ын нийт 29 гишүүн орон бүгд ДНБ-ийнхээ хоёр хувьтай тэнцэх хэмжээний зардлыг батлан хамгаалах салбартаа гаргах ёстой гэж үзэн, хэрэв байдал өөрчлөгдөхгүй бол тус холбооноос гарна гэдгээ мэдэгдэж байсан удаатай. Мөн тэрээр АНУ цаашид НАТО-ын үйл ажиллагаанд цэргийн эвсэл гэдгээс илүүтэй эдийн засаг, худалдааны давуу байдал олж авах талаас түлхүү ашиглах сонирхолтой байгааг тодорхой илэрхийлсэн юм.  

Гэсэн ч хоёр орны төрийн тэргүүн мягмар гаригийн орой Лондонд ганцаарчилсан уулзалт хийлээ. Францын Ерөнхийлөгчийн албаны төлөөлөгч уулзалтын талаар хэлэхдээ “АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп гаднын улсын төрийн тэргүүнтэй уулзахаасаа өмнө ихэвчлэн хурц, ширүүн мэдэгдлүүдийг хийж, дараа нь зөөлрүүлдэг болох нь ажиглагддаг. Энэ жишгийн дагуу төрийн тэргүүн нарын ганцаарчилсан уулзалт нэлээдгүй тайван, харилцан хошигносон байдалтай, халуун дулаан уур амьсгалтай болж өнгөрсөн” гэж мэдээлсэн юм.

НАТО-ын төрийн тэргүүн нарын уулзалтын өмнө Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган “Хэрэв Курдын YPG зэвсэгт бүлэглэлийг террористууд гэж хүлээн зөвшөөрөхгүй бол Балтын тэнгисийн орнууд болон Польшийг ОХУ-ын түрэмгийллээс хамгаалах НАТО-ын төлөвлөгөөнд саад хийнэ” гэж сүрдүүлсэн явдал нь Лондонд болж буй арга хэмжээг анхааралтай ажиглах ёстой нэг хүчин зүйл болгож байв. Учир нь уг зэвсэгт бүлэглэл нь удаан хугацааны турш Сири дэх алан хядах Исламын улс бүлэглэлийн эсрэг АНУ болон Францын холбоотон байсаар ирсэн юм. Харин Анкарагийн эрх баригчид YPG зэвсэгт бүлэглэлийг Туркийн зүүн өмнөд хэсэг дэх Курдын босогчидтой холбоо тогтоосон учир өөрсдийн дайснаа гэж үздэг. Үүнээс гадна Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган ОХУ-аас агаарын довтолгооноос хамгаалах систем худалдан авах зорилгоор аль эртнээс НАТО дахь холбоотон улсуудтай хийх харилцаагаа чангатгах болсон юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ асуудлаар Анкарад хориг тавих асуудлыг судалж байгаа гэдгээ мөн мэдэгдэж байв. ОХУ нь 2014 онд Украины Крымийн хойгийг булаан авсны дараагаар Балтын тэнгисийн орнууд болон Польшийн асуудал НАТО-ын хүрээнд хурцаар яригдах болсон билээ. Гэсэн ч энэ асуудлыг төрийн тэргүүн нар уулзалтаараа хараахан хөндсөнгүй. 

Албаны эх сурвалжуудын дурдсанаар энэ удаагийн уулзалтын хүрээнд Доналд Трамп 2024 он гэхэд НАТО-ын бусад улсууд 400 тэрбум ам.долларыг батлан хамгаалах салбартаа гаргаж, НАТО-ын төсөвт оруулдаг АНУ-ын хувь хэмжээг бууруулах тал дээр түлхүү ажиллан, бусад орны төрийн тэргүүн нарыг энэ асуудлаар хүчтэй шахаж байгаа аж. Мөн ажиглагчдын таамаглаж байсан ёсоор энэ удаагийн уулзалтаар БНХАУ-ын асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцэж байгаа бөгөөд НАТО-ын холбоотнууд Хятадын улам бүр өсөн нэмэгдэж буй цэргийн үйл ажиллагааг хянах шинэ стратегийг боловсруулж, үүнийг хэрэгжүүлэхийн тулд агаар, газар, тэнгист хяналт тогтоох нэгдсэн компьютерын систем, дайны домайн бий болгох шаардлагатай гэсэн байр суурь дээр нэгджээ. Мөн цаашид ОХУ болон БНХАУ-тай цөмийн зэвсгийн асуудлаар тохиролцоонд хүрэх эрмэлзэлтэй байгааг цохон тэмдэглэсэн байна.

О.Мөнхбат

Эх сурвалж: Reuters, CNBC

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen