Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал бол цогц асуудал учраас бидний шийдэл ч цогц байх ёстой

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар өнөөдөр ОБЕГ-т ажиллаж, албаны үйл ажиллагаа болон коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээний явцтай танилцлаа.

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, гамшгаас хамгаалах талаар төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гамшигтай тэмцэх албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах чиглэлээр хэрэгжиж буй Засгийн газар хоорондын томоохон төсөл, хөтөлбөрүүд болон коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулга хийсэн юм.

Мөн энэ үеэр 21 аймгийн Онцгой комисс, Шуурхай штабтай цахимаар холбогдон, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын мэдээллийг сонслоо.  

 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бид, өнгөрсөн хугацаандаа дүгнэлт хийх ёстой. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гал, ус, цас, зуд, гамшигтай сайн тэмцдэг. Өвөлжилт хүндэрнэ гэдэг нэг асуудал. Цар тахал бол бидний хувьд шинэ тутам сорилт. Харин цар тахал бол цогц асуудал учраас бидний шийдэл цогц байх ёстой. Улсын онцгой комисс нь  Нийслэлийн онцгой комисстойгоо, Эрүүл мэнд, Онцгой байдалтайгаа нягт уялдаа холбоотой ажиллах ёстой. Иргэдтэйгээ илүү ойр хамтарч ажиллах боломж байсан. Одоо вакциныг ямар хугацаанд оруулж ирэх вэ, яаж зохион байгуулах вэ, төлөвлөгөөтэй байх ёстой. Цар тахлыг хөөх биш, урьдчилан сэргийлсэн, угтсан арга хэмжээ авах ёстой. Цар тахлыг даван туулах, эдийн засгаа сэргээх, дэмжих бодлогын арга хэмжээг цогцоор авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Цар тахал бол эдийн засгийн асуудал, гамшгийн асуудал, эрүүл мэндийн асуудал. Мөн боловсролын асуудал, хандлагын асуудал, мэдээлэл хурдан хүргэх менежментийн асуудал. Энэ бол хотын асуудал, бас хөдөөний асуудал. Тиймээс энэ асуудалд цогцоор хандах зайлшгүй шаардлагатай. Ингэж бид, цар тахлыг даван туулна. Удирдлагын ажлын арга барил, хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна.  Маш хурдтай, эргэх холбоотой, шинэ менежментээр, шинэ хандлагаар,  хүнлэг, ёс зүйтэй ажиллах шаардлага үүсч байна” гэж онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл