Х.Батсүрэн шүүгч ээ, 60 тэрбумын автор нь Ц.Сандуй бус Г.Доржзодов

Х.Батсүрэн шүүгч ээ, 60 тэрбумын автор нь Ц.Сандуй бус Г.Доржзодов

 

Г.Доржзодов яагаад хуулиас дээгүүр аашлах болов

Өнгөрсөн сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох шүүх хурал болж тэднийг улс төрийн захиалгаар ялласан шүүх хурал болсон. Улс төрийн захиалгаар хэмээн тодотгож байгаагийн шалтгаан нь гэвэл нэр бүхий хүмүүсийг тус дүүргийн шүүхийн  Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгчээр томилогдсон Ч.Отгонбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ нар үйлдэлгүй, хохирогчгүй, яллах дүгнэлтгүй хэрэг биш зүйл дээр тэдэнд ял ногдуулж  хуулийг буруугаар ашиглаж тэдэнд ял ногдуулсан явдал юм. Тиймээс энэ удаагийнхаа нийтлэлийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэнд хандаж шүүхийн байгууллагад "Шинэ хонгил"-ынхон ажиллаад байна уу хэмээн асуухад хүрсэн юм. Угтаа бол нэр бүхий хүмүүс  Монголын шүүхийн практикт гарч байгаагүй ноцтой алдааг гаргасан гэсэн үг.  

Тодруулбал, анх Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг улсын яллагчийн зүгээс 60 тэрбумтай холбоотой хэрэг дээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.  Шүүх хуралдааны үеэр улсын яллагч “хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна” гэдгийг мэдэгдэж яллах дүгнэлт үйлдэх боломжгүй хэмээсэн ч  шүүгч нар түүний  яллах дүгнэлтийг дур мэдэн өөрчилж 14.9 буюу сонгуулийг будлиантуулахыг завдсан хэмээн ялын зүйл ангийг нь хүчээр өөрчилж тэдэнд 4 жилийн ял ногдуулсан нь хуулийг буруугаар ашиглаад зогсохгүй Монгол Улсад прокурорын байгууллага байх хэрэггүй гэдгийг яруу тодоор харуулсан гэдгийг шүүгдэгчдийн өмгөөлөгч нар шүүх хурал дууссаны дараа хэлж байв. Яг үнэндээ анхнаасаа тус хэрэг нь ямар ч үйлдэлгүй, хохирогчгүй асуудал учраас хуулийн байгууллагууд хэд хэдэн удаа хэрэгсэхгүй болгож байсан удаатай. Гэтэл МАН-ын албан тушаалын оргил өөд мацах гэсэн залуус УИХ-ын дарга асан М.Энхболдыг  ямар нэгэн аргаар зайлуулахын тулд 60 тэрбумын гэх асуудлыг улстөржүүлж эцэст нь Ц.Сандуйгаар туг тахиж ийнхүү золионд явуулсан хэрэг.

Уг нь тус хэргийг шүүсэн шүүгчид бултаараа улсын яллагчийн ялласан 2002 оны 82.1 буюу  “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэсэн зүйл ангийг биш юм байна аа. Ц.Сандуй, А.Ганбаатар нар төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаанд оролцоогүй юм байна хэмээсэн мөртлөө шүүх хурал дуусах 10 минутын мөчид гэнэт  сонгуулийг будлиантуулахыг оролдсон хэмээн ялласан нь олон олон хуулийн байгууллагынхныг гайхахад хүргэсэн юм. Уг нь энэхүү шүүх хурлын шийдвэрийн талаар олон хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх хүсэлтэй байгаа ч цаг үе нь ийм болсон учраас хэлээ хазаад өнгөрөе дөө гэж хэлэх хүн олон байсныг дурдах хэрэгтэй байх. Ямартай ч “хэрэг нь  байвал эзэн нь олдоно” гэдэг зарчмаар шүүгч нар ажиллав бололтой.  

Тухайлбал,  Ц.Сандуй, А.Ганбаатар нарт ногдуулсан 14.9 гэх зүйл ангийг задалж харвал "Сонгуулийн тойргийн хороо, хэсгийн хороон"-д ажилладаг хүмүүсийн хууль бус үйлдлийг буруутган ялладаг байна. Гэтэл Ц.Сандуй, А.Ганбаатар нарын 60 тэрбумын яриаг сонссон үйл явдал нь сонгуулийн үйл явцтай ямар ч холбоогүй зөвхөн 60 тэрбумын автор буюу схем зохиогчийн үгийг сонссоных нь төлөө шүүх засаглал прокурорын яллах дүгнэлтийг шууд өөрчилж өөрсдөө дур мэдэн ялыг зүйлчилж ногдуулсан нь энэхүү шүүх хурал адармаатай буюу захиалгатай шүүх хурал болсон гэдгийг харуулж буй юм. Хэрвээ шүүх энэхүү асуудлыг шударгаар шийдсэн бол Ц.Сандуй, А.Ганбаатар нар бус харин ч 60 тэрбумын схемийг зохиож Монголын ард түмнийг шоконд оруулсан Г.Доржзодов гэгч этгээдийг шалгаж түүнд ял ногдуулах байсан. Учир нь тэрбээр мөнгө олох зорилгоор 60 тэрбумын схемийг зохиож тэднээс  мөнгө авна хэмээн тооцоолсон. Даанч тэд түүний зохиосон энэхүү схемийг ажил хэрэг болгоогүйнхээ төлөө өгөөшинд нь орж ард түмэнд 60 тэрбумын схемийг зохиосон мэтээр ойлгуулсан нь бодит үнэн. Хэрвээ тухайн үед Ц.Сандуй, А.Ганбаатар нар Г.Дорзодовын зохиосон схемийг ашигласан бол өнөөдөр тэрбээр үг дуугүйхэн мөнгөө авч энэ асуудал олон нийтэд дэлгэгдэхгүй байсан. Харин ч схемийг хэрэгжүүлээгүй, мөнгө өгөөгүйнхээ төлөө нэр бүхий хоёр хүн аймшигтайгаар хэлмэгдэж байгаа нь бодит үнэнд хэр нийцэх вэ. Хэрвээ Монголын шүүх шударга үнэнчээр ажилласан бол хамгийн түрүүнд схем зохиогч Г.Доржзодовыг буруутгах байсан. Гэтэл хуулийг гууль болгож жинхэнэ авторыг нь Ц.Сандуй, А.Ганбаатар нарын асуудалд хаана ч очсон гэрчээр байцаалт авч байгаа нь хачирхалтай. Өөрөөр хэлбэл, олон хүн цаашдаа  хэн нэгэн хүний яриаг сонссоныхоо төлөө шоронд орж болдог гэдэг ойлголтыг ард түмэнд төрүүллээ. Ямартай ч Монголын 3 сая иргэний тархи толгойг эргүүлж өөрийгөө "Ардын баатар"-т өргөмжилчихсөн яваа Г.Доржзодов баатар биш гэмт хэрэгтэн. 

Хуулийн заалтаар хуваах байтугай ердөө энгийнээр харах, сонсоход “овоо босгосон” Г.Доржзодов яагаад хуулийн гадна үлдэж, бүр хамгаалалтад хүртэл орж шоудсан нь энэ цагийн эмгэнэл. Г.Доржзодовыг 60 тэрбумын схемээ нам болгон дээр авч ирж байсан гэдгийг ХҮН намын дарга асан Т.Ганболд ч хэлж байсан удаатай. Ийм л аймшигтай зүйлийг санаж сэдэж явсан нөхөр өнөөдөр хуулийн гадна үлдэж өөрийгөө баатар мэтээр зүүдэлчихсэн яваа нь өрөвдөлтэй.

Тиймээс л болж өнгөрсөн Ц.Сандуй, А.Ганбаатар нарын шүүх хурал бодит үнэнд нийцсэн үү, шүүгчид хуулийг буруу ашиглаж тэдэнд ял ногдуулсан гэдгийг шүүгчдийн толгой болсон Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн та, энэ асуудлыг хянан үзэж, шүүгч нарын ашигласан зүйл, заалтыг дахин нягтлахгүй бол дараагийн удаа ч энэ төрлийн гэмт хэргээр “дээлээ нөмрөх” олон хүн гарах нь гэдгийг эрхбиш гадарласан болов уу. Шүүгч нарын хараат бус байдал энэ мэтчилэн улстөрийн нөлөөнд байвал сонгуулийн жил ойртох тусам энгийн иргэд ч хомрогонд нь хохирсоор байх нь ээ.

http://erennews.mn/article/27448

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen