Д.Төмөрбаатар: Наттоо нь эрүүл мэндэд тун хэрэгтэй идээ

Наттоо / 納豆とは。/
Япон судлаач гэдгээрээ олонд танигдсан Д.Төмөрбаатар эрүүл мэндийн ашиг тустай нэгэн өвөрмөц идээний талаарх мэдээллийг хуваалцжээ. Тэрбээр энэ тухайд:
-Улс үндэстэн бүр л өөр өөрийн өвөрмөц хоол, ундтай. Монголчуудын уух дуртай айргийг урьд өмнө нь ууж үзээгүй гадныхан бол шууд ууж чадах уу? Ингэний хоормог байна. Хэдэн жилийн өмнө нэгэн Япон багшийг Монгол айлаар оруулахад ингэний сүүг исгэж хийсэн шимийн архиар дайлж байна лээ. Бас хуйхалж чанасан хонины толгой идүүлж, шөлийг нь амсуулж байсан.
Япончуудын нэг өвөрмөц идээ бол Наттоо. Салат аягаар хоол идсэний даруулга маягаар иддэг. Наттоог шар буурцгийг тусгай хөрөнгө болох “нян” буюу бактераар исгэж хийнэ. 40 орчим хэмийн халуунд нэг хоног байлгаж байгаад хийдэг гэсэн. Исгэх хөрөнгө буюу нян нь цагаан будааны сүрэл ишинд байдаг гэж сонссон. Цагаан будаа болгоны сүрлээс энэ нянг гаргаж аваад байдаггүй бололтой. Японоос гадна Тайландад билүү дээ, байдаг цагаан будааны сүрлэнд энэ нян нь байдаг гэсэн.
Исгэж бэлэн болгосон наттоо нь их исгэлэн, эхүүн, бүр үмхий ч юм шиг үнэртэй, цавуу шиг зунгааралдсан зүйл байдаг. Сүүлийн үед энэхүү исгэлэн үнэр нь бараг байхгүй болсон байна лээ. Ихэнх япончууд иддэг. Иддэггүй япон хүн ч бас байна.
Наттоо нь эрүүл мэндэд тун хэрэгтэй эд. Байнга идвэл судасны цусыг шингэрүүлж, бүлэгнэх өтгөрөхөөс хамгаална. Мөн түүнчлэн, хүний биед шаардлагатай кальцийг ихээр агуулдаг, тогтмол идэж байвал охид бүсгүйчүүдийн арьсыг зөөлөн, толигор болгодог.
Харин ийм эхүүн, эвгүй үнэртэй хоолонд хүн яаж дурлах вэ? Ер нь л хүүхдийг багаас нь, хүүхэд ч гэж дээ, томчууд бид ч гэсэн өөрийгөө дасгавал ямар ч юмыг идэж ууж хэрэглэж сурдаг ш дээ. Архи байна, анх ууж байхад ямар байдаг билээ. Дараа нь архинд дурлаад уусаад үхэж байгаа хүн ч байгаа биз дээ. Багаас нь чихэргүй цай уулгаад байвал хүүхэд дараа нь чихэртэй цай ууж чаддаггүй болдог. Үүнтэй адил япончууд багаасаа л наттоог идсээр байгаад дуртай болдог. Би хожуу ч гэсэн наттоод дуртай болсон. Японд очихдоо хэд хоног наттоо идэхэд бие хөнгөрөөд ч байгаа юм шиг, хоол хурдан боловсроод ч байгаа юм шиг санагддаг гэжээ.
Хуваалцах:

Сэтгэгдэл