Амжилт, бай шагнал харж “сохорсон” бөхчүүдийн сонголт нь допинг уу

Амжилт, бай шагнал харж “сохорсон” бөхчүүдийн сонголт нь допинг уу

 

 Өнгөрсөн жилийн баяр наадмаар түрүүлсэн бөхчүүдээс илэрсэн допингийн асуудал бүтэн жил үргэлжилж, шүүхийн маргаан нь одоог хүртэл тасраагүй байна.

Допинг хэрэглэсэн бөхчүүддээ хариуцлага тооцож чаддаггүй, допинг хэрэглэсэн бөхийн өөрийгөө өмөөрсөн төрөл бүрийн шалтагаас болж шүүх хурал нь жил гаруй хугацаанд гацдаг, сүүлдээ барилдах эрхийг нь сэргээх шийдвэр гаргадаг ийм улсад допинг хэрэглэсэн ч шийтгэл авч шалихгүй юм байна гэж бодсон уу энэ жил дахин гурван бөхөөс допинг илрэх нь тэр.

Тодруулбал, энэ жилийн баяр наадмаар шөвгөрсөн 16 бөхийн допингийн шинжилгээний хариу энэ сарын 08-нд ирж, гурван бөхөөс допинг илэрсэн гэх асуудал яг энэ цаг үед анхаарлын төвд байна. Хамгийн хачирхалтай нь, өнгөрсөн жилийн допингийн асуудалтай бөхчүүд гэнэт л ямар эм тариа хэрэглэснээ ил болгож, үүнд хэн нэг багшийг буруутгаж эхлэх нь тэр.

Тодруулбал, Э.Оюунболдын “Д.Батням багш намайг ийм эм тариа хэрэглэ гэсэн. Зүгээр л ниснэ гэж хэлсэн” гэх чат задрав. Мөн үүнтэй зэрэгцэн улсын өсөх идэр начин Д.Цэрэнтогтох “Би 2018 онд наадмын бэлтгэлээ хангаж байх үедээ хөлөндөө бэртэл авсан. Гуяны булчингийн уут задарсан юм.  Энэ үед Д.Батням гэдэг багштай анх танилцсан. Энэ хүн өөрөө эмч хүн. Д.Батням багш надад “Булчин, шөрмөс, зөөлөн эдийг бэхжүүлдэг, эдгэрэлтийг түргэсгэдэг #цагаан тариа хийлгэчих” гэж зөвлөсөн. Би тэр жил тухайн тарианаас хоёр ширхэгийг тариулсан. Тариа тариулахдаа “Энэ тарианд допингийн хориотой зүйлс ороогүй биз дээ. Шинжилгээгээр ямар нэг асуудал үүсэх үү” гэж асуухад “Ямар ч асуудалгүй” гэсэн. Д.Батням өөрөө эмч хүн учраас би итгэсэн. Тарианы нэрийг нь ч би мэдэхгүй байна. Жижигхэн цагаан тариа байсан. Хаанаас авч ирдэг зэрэг нарийн ширийн зүйлсийг нь ч би мэдэхгүй. Гол нь Д.Батням багш өөрөө эмч хүн учраас би бүрэн итгэж байсан. Надаас илэрсэн допинг тэр цагаан тарианаас л болсон. Өөр би юу ч хэрэглээгүй” хэмээн ярьсан байх юм.

“Багшдаа итгэсэн залуу хохирчээ хөөрхий. Багш нь албаар тийм тариа тариулжээ” гэж олон олон бөх сонирхогчид Д.Цэрэнтогтохыг өмөөрч суугаа байх. Гэвч энэ тохиолдолд бурууг багшаас биш бөхчүүд өөрөө өөрсдөөсөө хайх хэрэгтэй.

Яагаад гэвэл та хүний төлөө, багшийн төлөө барилдаагүй. Зөвхөн өөрөө өөрийнхөө амжилтын төлөө барилдаж буй. Хэн нэгэн багшийн санал болгосон тариаг нэрийг нь ч мэдэхгүйгээр шууд тариулна гэдэг байж болох уу. Тэгчихээд ард нь багшийгаа хардаж сэрдэж хэвлэлээр ярьж суух нь хэр оновчтой вэ.

За багш нь буруутай, албаар допингийн орцтой эм тариа тариулчихжээ гэж бодъё. Ийм үед харин ч элдэв тариа санал болгож, хууль бус наймаа хийж ашиг хонжоо олдог байж магадгүй тэр л хүмүүсээс эм тариа авч тариулж суух биш харин ч зайгаа барьж, холбогдохгүй байх боломж нь ч бөхчүүдэд бий. Хүчээр тариа шахахгүй нь л тодорхой.

Бөхчүүд амжилт үзүүлэхийн тулд жинхэнэ хөлс хөдөлмөрөөрөө биш, харин элдэв тариа тариулж хурдхан л хүч тамир оръё гэсэн зүй бус сэтгэлгээгээр асуудалд хандаж байгаа нь үүгээр илэрч байна гэдгийг Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав хэлнэ билээ.

Үнэхээр л түрүүлж, амжилт үзүүлсэн бөхчүүдэд ланд 200, хэд хэдэн өрөө байр бэлэглэж бяр чадлаараа өрсөлддөг нутгийн удирдлагуудын хар гайгаар гэх юм уу зөвхөн амжилт харж “сохорсон” бөхчүүдийн сонголт нь допинг болоод байгаа юм биш биз.

Өөрөөр хэлбэл, карьер, нэр төрийн төлөө хэт улайрч, амжилтад хэт яарч болчимгүй үйлдэл хийх үзэгдэл бөхчүүдийн дунд нэлээд байгаа нь энэ мэт үйл явдлаас ажиглагдаж байна. Бага хөдөлмөр хийгээд эм тариагаар илүүтэй бие бялдараа хөгжүүлэх хүсэл нь дийлсэн цагт энэ монгол бөх гэдэг спорт хэзээ ч хөгжихгүй, хэзээ ч допинг гэх асуудлаас салахгүй. Тиймээс янз бүрийн хүний үгэнд итгэж амжилт руу, алдар нэр рүү, бай шагнал руу яарсан үйлдэл хийхээ таслан зогсоохыг нийт бөхчүүддээ уриалж байна.

http://www.zaluucom.mn/read/50776ff0
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen