ББСБ-ын зээлдэгчдийн тоо 1.2 дахин нэмэгджээ

Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны хагас жилийн тоймыг өнгөрсөн баасан гаригт мэдээлсэн юм.
 
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД 67.8 ХУВИАР БУУРАВ
 
2020 оны эхний хагас жилийн байдлаар хөрөнгийн зах зээлд 304 хувьцаат компани бүртгэлтэй байгаа бөгөөд 53 үнэт цаасны компани Хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж. Коронавирусын нөлөөллийн улмаас хөрөнгийн зах зээлийн голлох үзүүлэлтүүд буурчээ. Тухайлбал, зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.9 хувиар буурч, 2,503.5 тэрбум төгрөгт хүрч, 2019 оны жилийн эцсийн ДНБ-ий дүнд харьцуулахад 6.8 хувьтай тэнцэж байна. Түүнчлэн ТОП-20 индекс өмнөх оны мөн үеийн байдлаас 4577 нэгжээр буурч 16208 хүрсэн байна.
2020 оны хоёрдугаар улиралд нийт 29.1 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсан нь өмнөх оны мөн үеэс 67.8 хувиар буурсан үзүүлэлт аж.
Түүнчлэн энэ оны эхний хагас жилийн байдлаар Хөдөө аж ахуйн биржийн борлуулалт өмнөх оны мөн үеэс 69 хувиар буурч дөрвөн төрлийн 162.1 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн арилжаалагдсан байна.
 
ДААТГУУЛСАН ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭ ӨСЧЭЭ
 
Даатгалын салбарын хувьд нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар өсөж 359.2 тэрбум төгрөгт хүрсэн байна.  Гэхдээ коронавирусын нөлөөлөл мөн даатгалын салбарт ч сөрөг нөлөө үзүүллээ. Тухайлбал, ердийн болон урт хугацааны даатгалын нийт хураамжийн орлого өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар буурч 94.8 тэрбум төгрөгт, давхар даатгалын хураамж өмнөх оны мөн үеэс 26.5 хувиар буурч 24.8 тэрбум төгрөгт хүрч, даатгалын салбарын гол үзүүлэлт болох гүнзгийрэлт 0.07 пунктээр буурч 0.57 хувьтай байна. Тайлант улиралд өмнөх оны мөн үеэс даатгалын бүтээгдэхүүний тоо 32-оор нэмэгдсэн хэдий ч хамрагдсан даатгалын зүйлийн тоо 7.5 хувиар буурчээ.
 
ББСБ-ЫН ХӨРӨНГӨ 1.9 ИХ НАЯД ХҮРЭВ
 
2020 оны эхний хагас жилийн байдлаар нийт 542 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ 1.9 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 21.5 хувиар өссөн байна. Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 19.2 хувиар өсөж, 1.3 их наяд төгрөгт хүрсэн. Нийт зээлийн үлдэгдлийн 84.2 хувийг иргэдийн зээл, 15.8 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна. Зээлийг чанараар ангилахад 86.5 хувийг хэвийн зээл, 4.8 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 8.7 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж байгаа аж.
Салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.2 дахин нэмэгдэж 445.9 мянгад хүрсэн бол нийт харилцагчдын тоо 2.8 саяд хүрсэн байна. 
 
Мөн нийт хадгаламж зээлийн хоршоодын нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар өсөж 165.1 тэрбум төгрөгт хүрснээс 92.6 хувийг хэвийн зээл, 3.1 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 4.3 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Нийт олгосон зээлийн 81.6 хувь нь хэрэглээнд, 6.3 хувь нь бизнесийн үйл ажиллагаанд, 4.0 хувь нь хөдөө аж ахуйн салбарт олгогджээ.
“ЭТТ” 78 ТЭРБУМ ТӨГРӨГ ГҮЙЦЭЭЖ ШИЛЖҮҮЛСНИЙ ДАРАА НОГДОЛ АШИГ ТАРААНА
 
Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийг иргэдийн дансанд хэзээ шилжүүлэх талаар хэвлэлийнхэн сонирхлоо. СЗХ-ны үнэт цаасны газрын дарга С.Цэрэндаш “ Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийн дагуу энэхүү ногдол ашиг нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр /ҮЦТХТ/ дамжуулж тараагдана. ҮЦТХТ ногдол ашгийг тараах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа. 2.5 сая иргэнд ногдол ашиг нэг дор тараана гэдэг бол маш онцгой кейс учраас нэлээд бэлтгэл ажил хийгдэх шаардлагатай байсан. Одоо бол бэлтгэл ажлаа бүрэн хангасан гэж хэлж болно. Эхний ээлжид үнэт цаасны данс нээлгэсэн иргэдийн үнэт цаасны дансаар нь ногдол ашгийг нь тараана. Үүнд нэг сая гаруй иргэдийн дансыг банктай тулган, баталгаажуулалт хийгээд ногдол ашиг тараахад бэлэн болчихсон. Цаана нь үлдэх иргэдийн ногдол ашгийг Е-баримт авдаг дансаар нь дамжуулна.  0-18 настай хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ногдол ашгийн мөнгийг халамжийн мөнгө авдаг дансаар нь дамжуулан тараах бэлтгэл ажлыг хийж байна. ҮЦТХТ-өөс дээрх байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ, программын хөгжүүлэлт хийгээд тараагдахад бэлэн болчихсон. Компанийн тухай хуулиар ногдол ашиг тараах шийдвэрийг тухайн компанийн ТУЗ-аас гаргадаг. Харин хэрэгжүүлэх ажлыг нь гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ. Ногдол ашиг тараах бэлтгэл ажлыг хангасан учраас ТУЗ-ийн шийдвэрийг хэзээ хэрэгжүүлэх үү гэдгийг Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх удирдлагуудаас тодруулах нь хэрэгтэй” гэв. Харин СЗХ-ны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц: “Хөрөнгийн зах зээл дээр өмнө нь нэг жилд ногдол ашиг хуваарилж байсан компаниуд 100 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашгийн мөнгө тарааж байсан тохиолдол манайд байхгүй. Үндсэндээ Эрдэнэс Тавантолгой ХК 178 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна. Үнэт цаас гаргагч компанийн ТУЗ-ийн шийдвэр гарчихсан. Мөн үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвтэй гэрээ нь хийгдчихсэн. Гэрээний дагуу үе шаттайгаар Эрдэнэс Тавантолгой ХК-аас мөнгө нь шилжиж байгаа ба одоогоор 100 орчим тэрбум төгрөгийн ногдол ашгийн төлбөрөө Сангийн яаман дахь холбогдох дансууд руу шилжүүлсэн гэж ойлгож байна. Үлдсэн 78 тэрбум төгрөгийг Эрдэнэс Тавантолгой ХК ойрын хугацаанд нөхөж шилжүүлсний дараагаар ногдол ашиг иргэн болгонд хүрнэ” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen