“Оюу Толгой”-н тайзан дээр хэрэгжиж буй РИО ТИНТОГИЙН ЗОХИОЛ

“Оюу Толгой”-н тайзан дээр хэрэгжиж буй РИО ТИНТОГИЙН ЗОХИОЛ

 

Рио Тинто. Уул уурхайн том компани. Дэлхийд гуравт орох том орд газар Өмнийн говийн нутагт илэрснээс хойш бид энэ нэрийг таних болжээ. Дэлхийд гуравт орох том орд газар илэрсэн шигээ хэцүү бэрх түүх туулах хувьтай байж. Увайгүй улстөрчид, өнөө маргаашаа тооцолгүй гарын үсэг зурсан гэрээнээс болж хөрөнгө оруулагчид ч, Монголын ард түмэн ч хохирсоор арав гаруй жилийг туулаад байна. Магадгүй хамгийн хүнд хэцүү цаг үе нь 2018-2019 он байх. Хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” компанийн хувьцаа унаж, энэ оны хоёрдугаар улиралд 736.7 сая ам.долларын алдагдал хүлээв. Шалтгаан нь далд уурхай. Далд уурхай 2021 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох байсан ч газар орны нөхцөл байдлаас шалтгаалан 2023 оны хоёрдугаар улирал хүртэл хойшилсонтой холбоотой. Гэхдээ бидний анзааралгүй үлдээж болохгүй нэг баримт байгаа нь Намиб, Мозамбик гэх буурай улс гүрнүүдэд хэрэгжүүлдэг “Рио Тинто”-гийн бүх төсөл гүний уурхай нь гацдаг уламжлалтай аж. Буурай хөгжилтэй улсуудын газар орон далд уурхай барьж болохгүй хөрстэй байна уу, эсвэл үндэстэн дамнасан компанийн эрх сүрээр далайлгасан ашиг сонирхол цухалзаж байна уу.

НАЙДЛАГА ТАСАРСАН НАМИБ

Монголтой ижилхэн хувь заяа туулж байгаа төсөл бол Намибын Россинг уурхай. Магадгүй Рио Тинтогийн хэрэгжүүлж буй хамгийн эмгэнэлт жүжиг ч байж болох юм. Байгаль эхээс заяасан ураны асар их нөөцтэй атлаа “Россинг” уурхайн гуравхан хувийг эзэмшдэг нь Намибын Засгийн газар. Нутгийн иргэд, улстөрчдийн идэвхтэй хөөцөлдөөний үр дүнд компанийн ирээдүйд орж ирэх ашгийн 51 хувийг хүртэх эрхтэй болсон ч одоо хэр нь бодит ашгаа өгөөгүй байна. Россинг уурхай ашиглалтад орсон цагаасаа л ээдрээт түүхийг туучиж ирсэн. Тус уурхайн 15 хувийг Ираны Засгийн газар эзэмшдэг нь улстөрчдийн анхаарлыг татдаг. АНУ-ын Тагнуулын төв газрын мэдээллээс харвал Россинг уурхайгаас баяжуулсан ураныг Ираны Засгийн газар цөмийн зэвсэглэлдээ ашигладаг байж болзошгүй аж. Түүнчлэн Өмнөд Африкийн Засгийн газар 10 хувийг эзэмшдэг. Африк тивийн буурай улсын хамгийн их ашигтай уурхайг ийнхүү их гүрнүүд ашиглаж байгаа нь эргэлзээг дагуулж байсан юм. Рио Тинто болон Намиб улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу 1976 онд нээгдсэнээс хойш энэ уурхай далд уурхайд шилжээгүй байна. Эхний 20 жил өгөөжөө хангалттай өгсөн энэ уурхайн бүтээгдэхүүний гарц 2000-аад оны эхнээс эрс муудаж 2016 онд уурхайн олборлолт гурав дахин унасан юм. Ураны гарц муудаж байгаа тул 2001 оноос Россинг уурхайд гүний уурхайн тухай ярих болов. Гэхдээ одоо болтол баригдаагүй л байна. Шалтгаан нь маш танил газар орны нөхцөл байдал, геологийн нөхцөлтэй холбоотой. Хэрэв гүний уурхай ашиглалтад орвол Намибын Засгийн газарт ч, Рио Тинто-д ашигтай байх нь тодорхой. Гэвч Намибын Засгийн газар компанийн шийдвэр гаргахад 51 хувийн эрхтэй болсноос хойш гүний уурхайн тухай ярихаа байжээ. Россинг уурхай оршдог Эронго мужийн геологийн нөхцөл байдал алдагдаж, эко системийн 50 хувь устсан тухай Францын лабораторийн судалгаа харуулдаг. Хэдийгээр уурхайн 40 хувийг нөхөн сэргээх боломжтой гэх дүгнэлт гарсан ч экосистемийг аврахад хангалтгүй тоо аж. Рио Тинто компанийн уурхайн насыг 2025 он хүрнэ гэж тооцоолж байгаа ч үүнээс өмнө далд уурхай ашиглалтад орох эсэх нь эргэлзээтэй байна.

ГВИНЕЙГ ТОЙРЧ ГАРСАН БАЯЛАГ

Үндэстэн дамнасан корпорац жижиг улсыг юман чинээ боддоггүйн гол жишээ нь Гвиней улсад хэрэгжүүлж байгаа төмрийн хүдрийн “Симанду” төсөл. Яг энэ утгаараа “Оюу Толгой” төсөлтэй ижилхэн гэж дүгнэж болох талтай. Гвинейн энэ их баялаг 2008 онд үндэстэн дамнасан корпорац, их гүрнүүдийн хараанд өртөж эхэлжээ. Улмаар 2013 онд Рио Тинто компани үйл ажиллагааг нь албан ёсоор эхлүүлсэн байна. Израйлийн очир эрдэнийн бизнест хөрөнгө оруулсан Бени Стайнвиц голлох хөрөнгө оруулагчдын нэгээр нь нэрлэгдэж байлаа. Хэдийгээр төслийн эхэнд Рио Тинто компани өөр улсын компанитай хамтрахгүй гэж байсан ч Гвинейн Засгийн газарт мэдэгдэлгүйгээр БНХАУ-ын төрийн өмчит Хөнгөн цагаан олборлох компанитай гэрээ байгуулсан нь олон улсын анхаарлын төвд орж байлаа. Гвинейн ашиг орлого хайсан увайгүй улстөрч гэгдэх Махмуд Тиам асар их хэмжээний авлига авсан нь тогтоогдсон юм. Гвинейн улстөрчдийг хахуульдсан мөнгөний хэмжээ 20 сая ам.доллароор хэмжигдэнэ. Энэ төслийг хэрэгжүүлэх явцад Гвиней, АНУ, Франц, Европын холбооны хууль дүрмүүдийг зөрчсөн гэж Францын талын тайланд дурдсан нь бий. Яг энэ төсөлтэй холбогдуулан Австралийн Засгийн газраас гаргасан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй. Гвинейн сөрөг хүчин болон эрх баригч намын туршлагатай улстөрчид “Симанду” уурхайг Гвинейн үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэн үйл ажиллагааг нь түр зогсоох ёстой гэсэн байр суурьтай байдаг ч Гвинейн улстөрчдийн санал биелэлгүй өдийг хүрчээ.

ИРЭЭДҮЙД ИХ АШИГ ОЛНО ГЭСЭН ЦААСАН ДЭЭРХ ТӨСӨӨЛӨЛ Л БАЙНА       

Жижиг улс Рио Тинто шиг үндэстэн дамнасан корпорацуудад юу ч болдоггүйг Намиб, Гвинейд хэрэгжүүлсэн дээрх төслүүдээс харж болохоор байна. Хамгийн хачирхалтай нь энэ үйлдлийнхээ төлөө Рио Тинто компани ямар нэгэн хариуцлагагүй хүлээгээгүй. Одоо ч үйл ажиллагаагаа явуулсаар байна. Тэд үүнийгээ геологийн нөхцөл байдал, авлигад идэгдсэн улстөрчдийн нэр барьж хаацайлсаар өдийг хүрсэн. Жижиг улсын улстөрчид жижиг эрх ашигтай байдаг учраас том компанийн том мөнгө амыг нь таглахад хангалттай аж. Жижиг улстөрчдийн увайгүй үйлдлийг Намиб, Гвинейн Засгийн газар одоо ч засаж дийлэхгүй байна. Энэ хооронд ядарсан улсын иргэд л ялаа үүрэн ирээдүйд ирэх ашгаа мөрөөдсөөр сууж байгаа билээ.

Яг энэ хооронд Рио Тинтогийн эмгэнэлт жүжгүүд зохиолынхоо дагуу Монгол Улсад хэрэгжсээр байна. Баригдаж өгдөггүй далд уурхай, ирээдүйд их ашиг олно гэсэн цаасан дээрх төсөөлөл, Засгийн газар, компани хоорондын хэрүүл л яг одоо үргэлжилсээр буй. Голлох хөрөнгө оруулагч болох “Turquoise Hill Resources”-ын алдагдал хүлээсэн гэх мэдээллийн дараа Тавантолгойг түшиглэсэн цахилгаан станцын сураг ч тасарчихаад байна. Үндэстэн дамнасан корпорацын дүрмээр жижиг улсууд “амьдардаг” хэлтгий тогтолцоо хэзээ эцэс болох вэ.

Асуултыг улстөрчдөд нээлттэй үлдээе...

Zindaa.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen