Х.Баттулга: Түүхийн улбаа тээсэн нэг хуудас цаас ч Монголын хойч үеийнхэнд тонн, тонн алтнаас үнэтэй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Архивын ерөнхий газарт ажиллав. Энэ үеэрээ Төрийн тэргүүн Архивын ерөнхий газрын үйл ажиллагаа, түүхийн чухал баримтуудын хадгалалт, хамгаалалт зэрэг асуудлаар байгууллагын удирдлагуудтай уулзаж, нийт ажилчдад хандан онцгойлон анхаарах зарим асуудлаар үүрэг, чиглэл өгсөн юм.

Мөн Архивын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа Архивын ерөнхий газрын 92 жилийн ойг тохиолдуулан: Монголын ард түмний ой санамж, үндэстэн оршин тогтнох дархлаа болсон түүх, соёл, нийгэм, эдийн засгийн бүх төрлийн түүхэн баримт, дурсгал, эх сурвалжуудыг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлөн уламжлуулах үйлсэд оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагч, судлаач, эрдэмтдийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Архивын ерөнхий газрыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

Зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Алтан гадас одонг Архивын ерөнхий газрын туганд хүндэтгэлтэйгээр зүүн өгч, баяр хүргэн үг хэлэв.

 

“Эрхэмсэг хатагтай ноёд оо,

Эрхэм хүндэт архивчид аа, та бүхний энэ өдрийн амгаланг эрж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.

Монголчууд бид түүх уламжлал, бичиг үсгийн баялаг арвин өвтэй эртний соёлт ард түмний нэг билээ.

Суут их Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг байгуулсныхаа дараа худам монгол бичгийг төрийн бичиг болгож, аливаа хэргийг “Хөх дэвтэр”-т тэмдэглэн үлдээх зарлиг буулган, Монголын төрийн албан хэрэг хөтлөх дэг жаягийг үндэслэснээс хойш монголчуудын албан хэрэг хөтлөлт, архивын өвийг бүрдүүлэх ажил тасралтгүй уламжлагдан хөгжсөөр өнөө үетэй золгожээ.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие Монгол үндэстний бахархал, сургамжаар дүүрэн агуу их түүхийн нандин өв санг хадгалан хамгаалж, баяжуулан арвижуулж олон түмний хүртээл болгож байдаг Үндэсний төв архивын үйл ажиллагаа, түүний сан хөмрөгт хадгалагдаж буй олон хосгүй үнэт баримтын дээжистэй танилцаад сэтгэл үнэхээр огшиж, эх түүх, эцэг өвгөд, ахмад үеэрээ бахархах сэтгэгдэл өөрийн эрхгүй төрлөө.

Баярлалаа та бүхэнд ээ.

Ухаант өвөг дээдэс, ахмад үеийн хуудас хуудсаар хураан цуглуулж бүрдүүлэн бий болгосон үндэсний түүхийн үнэт эрдэнэсийн санг манай үе үеийн архивчид нэр төртэйгээр залгамжлан авч хойч үедээ үлдээхийн төлөө нөр их хичээл зүтгэл гарган ажиллаж байгааг үнэлэн хүндэтгэж өнөөдөр архивын хамт олныг Монголын төр, төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагналаа. Энэ шагнал байгууллагын хамт олон, тэдний хичээл зүтгэлийг үнэлэн сайшааж байгаа төрийн сайшаал шагнал төдийгүй буурал түүх, ухаант дээдсийнхээ өмнө Монголын төр мэхийн ёсолж буй хэрэг хэмээн би бодож байна.

Баяр хүргэж амжилт хүсье та бүхэнд. Улам улам хичээн зүтгэж Монголын түүхийн баялаг хуудсыг сая саяар арвижуулаарай.

Монгол түмний төрт ёсны түүх, ард түмний амьдрал тэмцэл, зан заншил, ёс журмыг бичиглэн үлдээсэн их өв санг сахин хамгаалж, түгээн дэлгэрүүлэх нэн хариуцлагатай үүргээ төр, түмнийхээ өмнө нэр төртэй биелүүлж, төрийн хүндэтгэл хүлээсэн архивчиддаа уулзсан энэ завшааныг ашиглан дорхи хэдэн зүйлийг захиж хэлмээр байна.

Нэгдүгээрт. Үндэсний архивын сан хөмрөг нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын гэрч баталгаа, Монголын төр, ард түмний түүхийн ой санамжийн хар хайрцаг, түүх соёлын их өв учраас монгол хүн бүр түүнд гүн хүндэтгэлтэй хандаж, хайрлаж хамгаалах учиртай. Түүхийн улбаа тээсэн нэг хуудас цаас ч монголын хойч үеийнхэнд тонн тонн алтнаас үнэ цэнтэйг хүн бүр ухамсарладаг байх хэмээн би боддог. Монголын түүхийн эрт, эдүгээгийн бодот байдлыг гэрчлэх түүхийн энэ алтан өвийг хойч үе, ирээдүйд бүрэн бүтэн хүргэх үүрэг хүлээсэн хүмүүс нь архивч та нар билээ. Иймд архивч, архивын хамт олон та бүхэн энэ чухал үүргээ ажил, амьдралдаа цаг ямагт санаж, үүрэгтээ үнэнч, ажилдаа хариуцлагатай байх хэрэгтэй.

Хоёрдугаарт. Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүнүүд Монгол Улсын архивын албаны талаар байнга анхаарал тавьж, тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр ирсээн. “Архивын тухай хууль”-ийг “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай” хууль болгон агуулгыг нь өргөтгөн, зарим заалтыг нэмэх, засаж шинэчлэх бодит шаардлага амьдралаас урган гарсан байна. Тиймээс манай архивчид архив, албан хэрэг хөтлөлтийн талаар олон жилийн түүх соёлтой бусад орны хууль тогтоомж, олон улсын стандартыг харьцуулан судлахын зэрэгцээ өөрийн орны архив, бичиг соёлын түүхэн уламжлал, архивын хууль тогтоомжийн хэрэгжилтэд гарч буй ололт, туршлагад тулгуурлан, XXI зууны шинжлэх ухаан, технологийн хөгжилд нийцсэн “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай” шинэ хуулийн төслийг боловсруулан батлуулах чиглэлээр идэвхтэй, хөөцөлдөлгөөтэй ажиллах хэрэгтэйг цохон хэлмээр байна.  

Гуравдугаарт. Архив нь өөрийн сан хөмрөгтөө хадгалж буй хуучны данс бичгээ хадгалан хамгаалахаас гадна сан хөмрөгөө шинэ шинэ баримтаар байнга, тасралтгүй баяжуулах нь чухал юм. Агуу том эзэнт гүрэн байгуулж байсны хувьд Монголын түүхийн гэрч баримт, өв сан хилийн чанадад олон газарт хадгалагдаж буй. Иймд гадаад орнуудад хадгалагдаж байгаа Монгол Улсын түүх, соёлд холбогдох архивын баримтыг илрүүлэн, эх хувь, хувь хуулбар авч үндэсний архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэхэд төрийн бодлого, санхүүгийн дэмжлэг авч идэвхтэй ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Энэ ажилд зөвхөн архивын байгууллага төдийгүй төрийн бусад яам, агентлагууд ч идэвх санаачилгатай оролцож чин сэтгэл гаргах хэрэгтэйг би энд онцлон тэмдэглэмээр байна. 

Дөрөвдүгээрт. Орчин үед архивын баримтыг хадгалан хамгаалж, нөхөн бүрдүүлж, аюулгүй байдлыг хангаж буй дэлхий дахины сүүлийн үеийн ололт, технологийг тухай бүр эзэмшин, улс үндэснийхээ түүх, соёлын өв санг “Төрийн архивыг цахимжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд дижитал хэлбэрт шилжүүлж, лавлагаа үйлчилгээг ард иргэдэд алхам алхмаар ойртуулж байгааг миний бие нэн таатай хүлээн авч байна. Энэ ажил дээр орчин үеийн компьютерын программ хангамжийн өндөр мэдлэг мэргэжилтэй, чадварлаг ажилтнуудыг мэргэшүүлэн тогтвор суурьшилтай ажиллахад нь анхаарч ажиллах хэрэгтэйг та бүхэнд чухалчлан сануулж байна. 

Тавдугаарт. Архив нь төрийн үйлчилгээний байгууллагаас гадна Монголын үе үеийн архивчдын хөлс хүчээр эмхлэгдэн цэгцлэгдсэн эх түүхийн судалгааны арвин нөөц бүхий атар газар юм. Энэхүү атар газрыг эзэмших нь түүхч-архивчдын эрхэм зорилт байх ёстой. “Архив судлал”-ыг жинхэнэ утгаар нь хэтийн төлөвлөгөөтэй хөгжүүлэх, мэргэжлийн мэргэшсэн дээд боловсролтой архивчдыг бэлтгэх ажлыг шинэ шатанд гаргах нь архивын салбарын тулгамдсан зорилтын нэг болжээ. Мэргэшсэн архивч бэлдэх сургалтын тогтолцоог өмнөх туршлагуудаасаа жишээ аван сэргээх нь архивын байгууллагын цаашдын хөгжилд ихээхэн тустай болох нь дамжиггүй.

Зургаадугаарт. XXI зуунд дэлхий дахины архивын хөгжил цахим архивт шилжих үйл явцаар тодорхойлогдож байна. “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилт удаашралтай байгааг анхаарч, хөтөлбөрийн IV шатны зорилтыг цаг хугацаанд нь бүрэн хэрэгжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Цаашид Үндэсний төв архивыг цахимжуулахад БНСУ-ын Засгийн газрын зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх “Архивын ерөнхий газрын цогцолбор барилгын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалт” төсөл чухал ач холбогдолтой болохыг анхаарч, төслийг хэрэгжүүлэх бүхий л бэлтгэл арга хэмжээг цаг алдахгүй хангаж ажиллах шаардлага тавигдаж байна.

Долоодугаарт. Өнөөгийн дэлхийн улс төрийн гадаад, дотоод үйл ажиллагаанд соёлын “зөөлөн хүч”-ний бодлого эрчимжиж байна. Архив бол үндэстний дархлааг хадгалах, төрийн санах ой болдог үндсэн хүчин зүйл мөн. “Зөөлөн хүч”-ний бодлого бол ямар нэг улс орон өөрийн оюун санаа болон хэл соёлын үнэт зүйлсийнхээ тусламжтайгаар нүдэнд үл үзэгдэж, гарт эс баригдах замаар бусад орны ашиг сонирхол, төлөв байдалд нөлөөлөх чадвар гэдгийг бид мэднэ. Зөөлөн хүчний бодлогод улсын тусгаар тогтнол, оршихуй, үндэсний онцлог, дархлаагаа хадгалахад эх хэл, эх түүх чухал болох нь дамжиггүй. Иймд манай архивын байгууллага Монголын “зөөлөн хүч”-ний хамгаалах болон довтлох бодлогыг хэрэгжүүлэх нэг гол байгууллага байх ёстойгоо ухамсарлаж ажиллах хэрэгтэйг онцлон дурдьяа.

Наймдугаарт. Цогц утгаараа иргэн бүр, байгууллага бүр улсынхаа түүхийг бүтээн бүрдүүлдэг билээ. Иймд төрийн болон олон нийтийн бүх байгууллага өөрийн архив бүрдүүлэлт, албан хэргийн ажилдаа онцгой анхаарал тавьж байх шаардлагатайг онцлон хэлмээр байна. Архив яах вэ, тэгж байгаад болно гэдэг хандлага манай дийлэнх байгууллагуудад бий шүү. Байгууллагын архивтаа хайхрамжгүй хандсанаас хожим тэр байгууллага түүхгүй болж үлдэнэ, ажиллаж байсан хүмүүс нь тэтгэвэр тэтгэмжгүй хоцорно. Монгол Улс дахь үндэсний архивын сан хөмрөг нь Монголын ард түмний амьдрал, хөгжлийн түүхийг тусгасан, эрдэм шинжилгээ, нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын ач холбогдолтой бүх төрлийн архивын баримтаас бүрддэг гэдгийг хаа хаанаа цаг ямагт санаж явах хэрэгтэй.

Эцэст нь тэмдэглэхэд, ирэх 2021 онд ХХ зууны Монголын үндэсний сэргэн мандалтын эхийг тавьж, баталгаажуулсан түүхт хоёр хувьсгал, түүхийн анхдагч олон үйл явдлын тэгш ой тохионо. Та бүхэн энэ тэмдэглэлт ойнуудыг угтан Монголын шинэхэн үеийн түүхийн судалгааг гүнзгийрүүлэхэд түлхэц үзүүлсэн шинэ баримтуудыг илрүүлэн, баримт бичгийн эмхэтгэл хэвлүүлж, судалгааны баазыг тэлсэн шинэ шинэ бүтээл туурвина гэдэгт миний бие итгэж байна. Мөн дэмжиж ажиллана.

Салхи мэт урсан өнгөрөх өдөр өдрийн үйл хэрэг сайнтай муутайгаа архивт л үлдэж ирээдүйд хүрдэг.

Сайн нь арвидан зузаарч, саар нь арилан гээгдэх болтугай

Монголын архивчид та бүхний ар гэр тань амгалан тайван, аж жаргалтай, ажил хөдөлмөр тань амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

Амжилт хүсье та бүхэндээ, баярлалаа” гэв.

 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Архивын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Үндэсний архивын газар нь төрийн 36 архив буюу нийслэл, 21 аймаг, салбарын 4, төрөлжсөн 10 болон тэдгээрийн хөмрөг үүсгэгч байгууллагын архиваас бүрдэн ажилладаг байна.

Тус архивт 1,600 орчим хөмрөгт 1.3 сая гаруй хадгаламжийн нэгж хадгалагдаж байгаа бөгөөд нийт баримтын:

Мөн жилд дунджаар 200 мянга гаруй баримтыг иргэд, байгууллагад ашиглуулж, байгууллагуудаас 25 мянга гаруй баримтыг нөхөн бүрдүүлэлтээр төрийн архивт хүлээн авч, 21 мянга орчим иргэн, аж ахуйн нэгжид архивын лавлагаа олгон, 25 мянган хуудас баримтыг сэргээн засварлаж, архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр мянга гаруй албан хаагчийг сургалтад хамруулдаг байна.

 
 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байгууллагын үйл ажиллагаатай танилцах үеэрээ VIII Богд Жибзундамба хутагтын архивын баримт, гэрэлт зургийн үзэсгэлэн, лавлагаа, үйлчилгээний болон сэлбэн засах, сэргээн шинэтгэх зэрэг төвийн үйл ажиллагаатай танилцаж, дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.

Архивын ерөнхий газарт 1700 онд Манжийн хаанаас олгосон Халхын өндөр гэгээн Занабазарын шиншиглэсэн алтан нөхөөстэй Халхын Очирбатын Түшээт ханы тамга, Манж Чин улс, Хаант Орос улсын хооронд хил хязгаараа бататгасан гэрээ, Монгол Улс байгуулагдсаныг Англи, Франц, Бельги, Голланд зэрэг 9 улсад албан ёсоор зарласан бичиг, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит анхдугаар таван жилийн төлөвлөгөө, Монгол Улсын анхны эдийн засгийн үндсэн бодлого зэрэг түүхэн чухал олон мянган баримт бичиг хадгалагдаж байна.

 
 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen