Дарга нар дансаар чинь мөнгө гаргуулъя гэвэл битгий зөвшөөрөөрэй

 

-Төрд шургалсан цагаан захтнуудад ичих нүүр гэж үгүй болжээ-

Төрийн байгууллагын дарга нар тогооч, цэвэрлэгч гэх мэт цалин багатай, эмзэг давхаргын ажилчдаа хуурч мэхлэн дансаар нь мөнгө гаргуулж авч завшаад тайландаа “Нийгмийн асуудлыг нь шийдвэрлэсэн” гэж тусгасан гэх жигшүүртэй хэрэг АТГ дээр шалгагдаж байна.  

Дарга нар төсвийн хөрөнгөөр ажил үүрэг гүйцэтгүүлэхдээ илүү мөнгө гаргуулж хувьдаа завшсан талаар бишгүй л дуулддаг. Харин ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдсэн хэмээн мөнгө гаргуулж, хувьдаа авсан тухай сонсож байсангүй. Энэ хэргээс харахад төрийн байгууллага, төрийн алба ёс зүйгүй, хүн гэхэд хэцүү хувалзуудаар дүүрчээ.

Хүний санаанд багтамгүй энэ жигшүүрт хэрэг гарахад буруутай этгээдийн ёсзүйн доройтол, шунал, ухамсрын доод төвшин нөлөөлсөн нь тодорхой ч өөр бусад шалтгаан бас байна.

Нэгдүгээрт, Шилэн дансны тухай хуульд “цоорхой”  байсаар байна.

2014 онд батлагдан мөрдөгдөж буй “Шилэн дансны тухай хууль”-д “Таван сая төгрөгөөс дээш гүйлгээг шилэн дансанд ил тод байршуулахаар журамласан байдаг. Хууль хэрэгжиж эхэлсний дараа “Төрийн байгууллагууд 4 999 999 төгрөгөөр гүйлгээ хийдэг болсон” гэсэн шүүмжлэл гарах болсон ч  хэрэгжиж л байсан юм. Гэтэл эрч нь сулран суларсаар энэ Засгийн газрын өнгөн дээр хэрэгжихээ болих учиртай байж. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсныхоо дараа төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлагыг нэмэгдүүлнэ гэсэн амлалт өгсөн байдаг. Гэтэл ил тод байдал руу хийсэн том дэвшил болох “Шилэн дансны тухай хууль”-ийг хэрэгжүүлж дөнгөхгүй байна. 

Дарга нар дансаар чинь мөнгө гаргуулъя гэвэл битгий зөвшөөрөөрэй

Хоёрдугаарт, Төрийн албанд ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, мөнгө хөрөнгө завшсан гэх мэт хэрэгт холбогдсон этгээдүүд ял завшдаг байдал хавтгай хэвээр байна. Хулгай хийж байгаад баригдсан төрийн албан хаагчдыг шалгаж байгаад хариуцлага тооцолгүй орхих нь ухамсар дорой нэгэнд “Цаашид баригдалгүй хулгай хийх ёстой юм байна” гэсэн бодлыг төрүүлдэг. Улмаар хүний санаанд оромгүй аргаар мөнгө завшиж байгааг дээрх хэргээс харж болно. Хүнийг хуурч мэхлэн дансаар нь мөнгө гаргуулж завших нь албан тушаал, эрх мэдлээ ашигласан гэдгээс гадна бусдыг залилан мэхэлсэн, гэмт үйлдэлдээ татан оролцуулж гэмт хэрэгтэн болгох эрсдэлд оруулж байгаа ноцтой гэмт хэрэг. Тиймээс албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон түшмэдүүдийг дахин төрийн албанд авч ажиллуулахыг хатуу хорих хэрэгцээ шаардлага үүсээд байгааг хаа хаанаа ойлгож, хэрэгжүүлэх хэрэгтэй байна. 

Гурвдугаарт, төрийн алба хаагчид дарга нарынхаа үгэнд хэт ордог, гэнэн итгэмтгий байдал бас нөлөөлж байна.Дарга нь хэлсэн л бол хууль бус зүйл байсан ч хийж л байдаг амьгүй албатууд их болж. Тиймээс төрийн алба хаагч бүр ёс зүйн хэм хэмжээ, юуг болох, юуг болохгүйг сайн мэдэж, мэдэрч баймаар байна.

“Ийм, тийм юм хийгээдэх” гэхэд нь учрыг нь ололгүйгээр шууд зөвшөөрдөг, дансаа ашиглуулдаг байдал чинь өөрсдийг чинь шоронд ч оруулж мэдэх нь байна гэдгийг сайн ойлгож, татгалзаж сурах хэрэгтэй байна. Хууль бус юм хийхээс татгалзлаа гээд дарамт шахалт үзүүлбэл гомдол гаргаад хуулийн дагуу явахад хулгайч авлигач түшмэдүүд яаж ч чадахгүй шүү дээ. Тиймээс төрийн албан хаагчдадаа анхааруулахад, “Байгууллагын засварын ажлыг хийх ёстой мөнгө юм шүү. Дансанд чинь хийчихье. Бэлнээр гаргаад аваад ир” гэдэг ч юм уу хүсэлт, үүрэг даалгавар ирвэл биелүүлж болохгүй нь байна. 

     -Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд их мөнгө цацаад байгаа байгууллагыг шалгахад гэмгүй-

Дээрх хэргээс харахад, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд ихээхэн хэмжээний зарлага гаргасан байгууллагуудыг шалгахад гэмгүй болжээ. Ингэхдээ зөвхөн тайлан балансыг бус, тухайн тусламж авсан гэх ажилчидтэй нэгбүрчлэн холбогдож шалгах шаардлаатай нь энэ хэргээс харагдаж байна. Олон ажилтандаа байрны урьдчилгаа өгсөн байгууллагын тухай бишгүй л дуулддаг. Гэтэл тэр мөнгө эзэндээ очсон ч юм уу, үгүй ч юм уу шалгахгүйгээр тогтооход хүндрэлтэй. Хэн нэг ажилтан нь хуруу хумсаа хуйхалж байгаад байранд ордог, түүнийг харсан даргын толгой ажиллаад төсвөөс мөнгө гаргасан байхыг хэн мэдэх юм бэ. Том үйл явдлын маргааш тухайн үйл явдлын тухай мэдээлэл гарсан сонинуудыг шүүж байгаад төсвөөс мөнгө авчихсан тохиолдол гарч байсан шүү дээ. Ямартай ч ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэхийн цаана том булхай байж мэдэх нь тодорхой болоод байна. АТГ энэ ажлыг эхлүүлсэн нь тун сайн хэрэг юм.   

ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen