Мах магнаг болж байхад Монголбанк ямар ч арга хэмжээ авахгүй байгаагийн учир юу вэ

Гурван сая гаруй хүнтэй, 2018 оны жилийн эцсийн тооллогоор 66.5 сая шахам малтай Монгол Улсад мах магнаг боллоо.

Хүнээсээ хэд дахин олон сая толгой малтай хэрнээ мах, цагаан идээний үнэ тэнгэрт хадчихсан. Өвлийн идэш, Цагаан сар болоход монголчуудын гол хэрэглээ болсон махны үнэ улам л нэмэгддэг нь жам. Тэгвэл өнөө жилийн хаврын сүүл, зуны эхэн сард нөөцийн мах худалдаанд гаргасаар атал үнэ нь талийв.

Жил бүрийн хавар ийм асуудал гардаг ч төрөөс үнийн өсөлтийг зогсоох арга хэмжээ авч, иргэдийнхээ стратегийн хүнс болсон малын махыг арай ч 20,000 төгрөгт хүргэчихэлгүй явж ирсэн. Гэтэл өнөө жил юу болов гэмээр огцом нэмэгдэж, тэтгэврийн хөгшид, амьдралын баталгаажих доод түвшнээс доогуур орлоготой иргэд ганц оройн хоолныхоо махыг граммаар ч авч дийлэхээ байв. Махны үнийн энэ өсөлтийн шалтгааныг зах, худалдааны төвийн ченжүүд “Хятадууд махыг өндөр үнээр авч байгаа учир малчид тэдэнд өндөр үнээр өгч буйгаас хомсдож, үнэ нь нэмэгдсэн” хэмээн тайлбарлаж буй.

Хэдхэн хоногийн өмнө тагнуулынхан махны зооринд тусгай ажиллагаа явуулсан хэмээн олон нийтэд шүүмжлүүлж буй.

Махны үнийг тогтвортой байлгах чиглэлээр бусад байгууллага нь тэр дундаа Монголбанкнаас дорвитой ажил хийхгүй байгаа учраас үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага болох Тагнуулын ерөнхий газрын харьяалах газар, хэлтсийнхэн арга буюу тусгай ажиллагаа явуулсан нь гарцаагүй. Үндэсний аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн хэсэг бол гарцаагүй хүнсний аюулгүй байдал.

Тиймээс төрөөс баталсан хүнсний салбарын бодлого, авч буй арга хэмжээ, түүний хэрэгжилт, хүнсний сүлжээний бүх үе шат дахь үйл ажиллагаа, тэдгээрт тавих хяналт, шалгалт зэргээс бүрдэх цогц зүйл нь энэ салбарын аюулгүй байдалд хамаардаг.

Манай Хүнсний тухай хуулийн 3.1.6-д “Стратегийн хүнс гэж монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг ойлгоно” гэж заасан. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.4.1 дэх хэсэгт “Хүний аюулгүй байдал”, 3.4.2-т Хүнсний аюулгүй байдал хэсгийг мөрдөж ажиллах үүргийг УИХ, Ерөнхийлөгч, ҮАБЗ, Засгийн газар, хууль сахиулах болон тусгайлсан чиг үүрэгтэй, төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагууд гүйцэтгэнэ гэж хуульчилсан байдаг. Тэгэхээр тагнуулынхан хуулийн дагуу ажлаа хийсэн гэсэн үг.

Харин УИХ-аас ерөнхийлөгчийг нь томилдог цөөн байгууллагын нэг болох Монголбанк, түүний тэргүүн нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн үү гэдэг нь эргэлзээтэй.

Уг нь Төв банкны тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд Монголбанкны үндсэн зорилтыг тусгахдаа “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино. Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ” гэж заасан.

Гэтэл үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлж байна уу гэвэл үгүй. Харин ч эсрэгээрээ, үндэсний эдийн засгийн хөгжилд монголчуудын үзэн ядаад байдаг хятадууд “дэмжлэг” үзүүлж, махны үнийг тэнгэрт хадааж өгч байгааг юу гэж ойлгох вэ.

Үүнээс гадна Монголбанк Монгол Улсын санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангахтай холбоотойгоор тогтолцооны шинжтэй эрсдлийг илрүүлэх, хянах, бууруулах арга хэмжээ авах үүрэгтэй. Санхүүгийн тогтвортой байдал гэдэг нь үнэ тогтоох, нөөц хуваарилах, санхүүгийн эрсдлийг удирдах зэрэг эдийн засгийн тогтолцоонууд нь эдийн засгийн өсөлт, хөгжлийг дэмжихэд чиглэгдсэн байхаас гадна зах зээлийн гэнэтийн таагүй нөлөөлөл, хямралын үед мөн адил ажиллах чадвартай байхыг хэлэх бөгөөд ерөнхийдөө тухайн улсын санхүүгийн системийн найдвартай байдлыг санхүүгийн тогтвортой байдал гэж ойлгож болно хэмээн тус банкны цахим хуудсанд тодотгосон байгаа.

Гэвч Н.Баяртсайханаар удирдуулсан Монголбанкныхан санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлд дорвитой ажил хийхгүй байгаа нь махны үнийн өсөлтөөс тод харагдаж байна. Түүний өмнө Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Золжаргал ажиллаж байхдаа арай ч ийм байсангүй. Аливаа бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтоохын тулд алдаатай ч хамаагүй бодлого явуулж, ард иргэдийг элгээрээ хэвтэхээс аварч байсан билээ.

Бүр тодруулбал, Иргэдийн өргөн хэрэглээний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авахаар тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамтран 2012 оны А-166/А/24 дүгээр тушаал гаргаж, Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрт нийт 87 тэрбум төгрөг зарцуулахаар тусгаж, нэлээд хэсгийг нь мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд олгож байсан юм. Энэ хөтөлбөрийн үр дүнд нөөцийн махаар хавар, зундаа хэрэглэгчдийг хангаж, махны үнэ өнөөгийнх шиг 20 000 төгрөг хүртлээ өсөөгүй билээ. 

Харин өдгөө махны үнэ өссөнд цөөн хэдэн хүн, тэр дундаа монголчуудын үзэн ядаад байдаг хятадууд л баярлаж, ашиг олж байна. “Махны үнэ өсөж буйд малчид баяртай байгаа” хэмээн УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун өгүүлсэн нь бий.

Үнэн хэрэгтээ малчид, ашиг хонжоо харж, монголчуудыг монголчуудаар нь шулуулж буй доншуур хятадууд л баярлаж буйгаас биш махаар хоол хүнсээ залгуулдаг гол хэрэглэгч болсон төв, суурин газрын, Монгол Улсын хүн амын дийлэнх хэсэг болсон иргэдэд үнийн энэ өсөлт дарамт л болж байгаа. 

Хятадууд их хэмжээгээр мах нөөцөлснийг, мөн үхсэн малын мах хэрэглэгчдэд хүргэхээр завдаж буй гадаад, дотоодын бүлэглэл байсныг тагнуулынхан илрүүлээд буйгаас ашиг ологчид хэн бэ гэдэг нь харагдана. 

Махны үнийн өсөлт  ийнхүү үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртлээ нөлөөлчихөөд байгаагаас Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан тэргүүтэй удирдлага нь ямар ч мэдрэмжгүй, ажиллах чадваргүй баг очжээ гэдэг нь илэрхий буй юм. Н.Баяртсайханы хувьд мэргэшсэн банкир бус, хөдөлмөрийн эдийн засагч учраас банкны салбар, үнийн өсөлт зэрэгт тодорхой арга хэмжээ авч чадахгүй байна хэмээн шүүмжлэх хүн ч олон таарсан. Түүгээр зогсохгүй Төв банканд мэргэжлийн хүмүүс зохих шалгуураар ажилд орохоосоо илүүтэй, цүнх баригчид их шургалснаас Монгол Улсын мөнгөний бодлого, тогтвортой байдал алдагдаад байгаа гэж хэд хэдэн банкир хүн ярьсан юм. Зөвхөн махны үнэ нэмэгдсэнээр тогтохгүй, ам.доллар, юанийн ханш эрс өсөхөд Монголбанкны өнөөгийн удирдлага болох Н.Баяртсайхан тэргүүтэн юу ч хийхгүй байгааг эдийн засагчид ч шүүмжилж байна. 

Тиймдээ ч УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тэргүүтэй сөрөг хүчнийхэн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах санал гаргаж, УИХ-ын даргад хүргүүлээд буй. Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх санал гаргасан уг албан бичигт “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэж заасныг Монголбанкны удирдлага ханган ажиллаж чадахгүй байгаагаас төгрөгийн ам.доллартай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2019 оны гуравдугаар сард 2,632.51 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар суларчээ.

Энэ хугацаанд бодлогын хүүг дөнгөж нэг хувиар нэмэгдүүлсэн нь цаг хугацаа алдсан төдийгүй үндэсний мөнгөн тэмдэгтийг үнэгүйдэлд хүргэх нөхцөлийг бүрдүүлснээр иргэдийн амьжиргааны түвшин улам бүр дордож, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрч, валютын зээл авсан зээлдэгчид ханшийн асар их эрсдэлд орж байгаа нь Монголбанкны ерөнхийлөгч уг албан тушаалыг хаших, ажил үүргээ гүйцэтгэх мэдлэг, чадвар, ажлын туршлагагүйг нотолж, үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж байгааг харуулж байна” гэсэн байгаа. 

Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх хууль зүйн үндэслэл бий. Тодруулбал, Төвбанкны тухай хуулийн 26.4-т “УИХ Монголбанкны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг дор дурдсан тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд Б.Пүрэвдоржийн саналд “үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн” хэмээгээд буй билээ.

Тэгэхээр 60 тэрбумынхны талаас томилсон гэх Н.Баяртсайханыг огцруулах саналыг УИХ-ын дарга тэргүүтэй хүмүүс нэг их удаалгүй хэлэлцэн шийдвэрлэж, оронд нь ажлаа мэддэг, ард түмнийхээ амьдралыг ойлгодог нэгнийг томилсон нь зүйд нийцэх биз ээ.

Б.БИЛГҮҮН, ЭХ СУРВАЛЖ: IKON.MN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen