Монголын сонгодог урлагийн ганц гал голомтыг тойрон "ШУНАЛЫН ШҮЛС" асгарч байна

Монголын сонгодог урлагийн ганц гал голомтыг тойрон "ШУНАЛЫН ШҮЛС" асгарч байна

 

Нийслэл хотын архитектурын цөөхөн  дурсгалт газрын  нэг нь Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын барилга юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа буюу 1946 оны зургадугаар сард анх суурийг нь тавьж байжээ. Сонирхолтой нь энэ барилгын  зураг төслийг герман архитектор Герхард Косель гэгч зохиожээ. Герман хүний нягт нямбай тооцоо шүүлтүүр, ур ухаанаар боссон энэ барилгыг Японы олзлогдсон цэргүүд болон Монгол  барилгачид хамтран барьсан  гээд тухайн цаг үеийн сонин содон үүх түүхийг  агуулж байдаг.  Тэр ч утгаараа  он цагийн эрхээр  Улаанбаатарын хамгийн дурсгалт газруудын нэг, хийц шийдэл, дизайны өвөрмөгц шинжийг агуулсан  цөөхөн хэдэн баилгын нэг нь энэ юм. Ер нь дэлхийн хоёрдугаар дайны дараах үе буюу 1940-өөд оны дунд үеийн барилга архитектурын шийдэл, загвар онцлог,  сэтгэлгээний онцлог тусгалыг илэрхийлж байдгаараа онцлогтой. Энэ барилгын зураг төслийг зохиосон Герман инженер  хожим нь буюу 1968 онд Монголд ирэхдээ өөрийнхөө цаасан дээрхи барилга газар дээрээ хэрхэн амилсныг анх удаа харсан гэдэг.

Дэлхийн сонгодог урлагатай монголчуудыг танилцуулсан ДБЭТ-ын энэ барилга төв талбайн  зүүн  захад байрлаж, төрийн ордон болон тухайн үеийн Элдэв-Очирын нэрэмжит кино театр, урагшаа Улсын Драмын театр зэрэг  тэр цаг үеийнхээ онцлогийг илэрхийлсэн  өвөрмөгц  донж хийцтэй барилгуудтай бараа бараагаа харж, уран барилга, зохицол найрлын нэгэн цогц болон харагддаг байлаа.

Дуурийн театрын барилгын өөр нэг онцлох үнэ цэнэ бол Монголд сонгодог урлаг үүсч хөгжсөн бүхий л цаг үеийн түүх бөгөөд  алтан үеийн уран бүтээлчдийн ажил амьдрал,  уран бүтээлийн  он жилүүд энэ ягаан байшинтай холбогдон яригдах учиртай.

Одоо тус театрын 800 хүний багтаамжтай танхимд жилдээ 40 гаруй удаа урлаг соёлын арга хэмжээ, тоглолт болж,  монголчууддаа урлагийн гоо сайхныг түгээн дэлгэрүүлсээр байна.

Дуурийн театрын талаархи дээрхи баримтуудыг дурдахын учир утга гэвэл энэ барилга  Улаанбаатар хотын  архитектурын үнэ цэнэтэй дурсгал төдийгүй  Монголыг  сонгодог урлагийн хөгжлөөрөө  Ази тивд тэргүүлэх байр суурийг эзлүүлсэн гоо сайхны эрхэм нандин өргөө гэдгийг л тодотгох гэсэн хэрэг.

Мэдээжийн зүйлийг нуршлаа гэж бүү зэмлээрэй. Энэ тухай дахин тодотгож,  үнэ цэнийг нь  эргэн харах шалтгаан байгаа юм.  Учир нь ДБЭТ-ын барилгыг  өөр газар барих,  эзэмшил газрынх нь бөөрнөөс  хумсалж хугаслах  гэсэн санаа оноо их гарч байгаатай холбоотой юм. Дуурийн театрын барилгыг буулгаж,  хотын төвийн энэ гайхалтай байршилд барилга барих гэсэн сонирхол багагүй байдаг бололтой. Энэ тухай одоо яригдаж байгаа юм биш.  Бүр 2010-аад оны эхнээс Драмын эрдмийн театр, Байгалийн түүхийн музей, Дуурийн театрын барилгыг буулгаж өөр газарт шилжүүлэх барих  тухай  яриа үе үе чих дэлсдэг байлаа. Ийм сонирхолтой барилгын зарим нэг компанийн сураг нэртэй устайгаа яригдаж байсан нь бий.

Харин тэр үед Драмын театрын дарга байсан төрийн шагналт жүжигчин Н.Сувдаа  “Драмын театрын барилга  түүхэн их үнэтэй цэнэтэй архитетурын бүтээл учраас буулгана гэвэл зөвшөөрөхгүй” гэсэн байр суурь илэрхийлж байв. Түүний энэ үг Дуурийн театрт ч нэгэн адил хамааралтай.

Дуурийн театрын газарт санаархагчид  театрын барилга чийгтэй, муудсан, ашиглалтын шаардлага хангахааргүй болсон гэх үндэслэлийг гаргаж ирэх гэж чармайдаг. Үүнийг нь МХЕГ-ын ажил хариуцсан нөхдүүд бас ил  далд дэмждэг гэдгийг зарим эх сурвалж хэлж байгаа юм.

Харин энэ  бүхэн хэр бодитой вэ?

Барилгыг буулгах үндэслэл болгох гээд  байгаа дээрхи шалтгаануудыг  бодитой эсэхийг тогтоолгохоор тус театрын захирлаар ажиллаж байсан Ч.Мөнхзул энэ талаар мэргэшсэн Австрийн мэргэжилтнүүдийг урьж байшин барилгынхаа байдалд  шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулсан байдаг. Тодруулбал, 2016 онд  Engelbert Zollner нарын Австрийн мэргэжилтнүүд иржээ. Энэ хүн бол чигтэй байшингийн насжилтаар мэргэшсэн шиодэг мэргэжилтэн аж.  

Дуурийн театрын барилгыг бүхэлд нь үзэж харж, нарийн багаж төхөөрөмжөөр элэгдэл эвдрэлийг нь  шалгаж тогтоожээ. Түүнчлэн  театрын барилгын цемент, тоосгоноос  дээж авч явж Европын өндөр зэрэглэлийн лаборторид шинжилжээ. Харин энэ бүх судалгаа, үзлэг шалгалтын дараа  мэргэжилтнүүд  “БҮХ ЗҮЙЛ ХЭВИЙН” гэсэн дүгнэлтийг гаргажээ. Тухайлбал, хамгийн их чийгтэй гэгдэж байсан  зоорийн давхрын бие засах газар хүрэх замын ханыг үзэж хараад “энд чийгний аюул огт  байхгүй, энэ бол юу ч биш”  гэжээ.  Барилгыг буулгах гол үндэслэл болгон сүр бадруулж  байсан мөнөөх ханыг нь Австри мэргэжилтнүүд хараад ингэж дүгнэсэн хэрэг. Ер нь хар ухаанаар бодсон ч  манайх шиг хуурай сэрүүн уур амьсгалтай газарт  барилгын насжилтад чийгний нөлөөлөл гэж юу байхав дээ.

 Австри мэргэжилнүүд  Дуурийн театрын барилгыг буулгах асуудлаар нэг зүйрлэл хэлжээ.  Хэрэв танайх энэ барилгыг  чийг болон насжилттай холбоотойгоор буулгах гэж байгаа бол Вена хотын бүх  барилгуудыг бас нураах хэрэгтэй болж байгаа юм байна.  700-800 жил элээсэн Вена хотын  барилга байгууламж нөхцөл байдал үүнээс ч илүү дор байдаг  гэсэн санааг илэрхийлсэн байна.

Дуурийн театрын барилга баригдаад нэгэн жараныг ч бүрэн элээгээгүй байгаа “залуу” барилга.  Харин 7-8 зууныг элээсэн  эртний буурал түүхтэй  Вена хотын   барилгуудын дэргэд манай Дуурийн театр бол цэр залуухан, ургаж буй зулзган хус шиг барилга болж таарах юм байна.Үнэхээр ч Дуурийн театр баригдаад дөнгөж л 58 жил болж байна. Аль ч утгаараа хүний нэг үеийн амьдралаас ч ахархан хугацаатай барилга байгууламж гэж юу байх билээ дээ. 

Үүнээс харвал  Дуурийн театрын  барилга ашиглалтын шаардлага хангахгүй,  дахин шинээр барих хэрэгтэй гэдгийн цаана эх оронч  санаачлага бус, эрх ашгийн сонирхол байгаа гэдэг нь тодорхой байна.  Австрийн мэргэжилнүүд тус театрын  тайзыг харин орчин үеийнх болгож засч тохижуулах хэрэгтэй гэдгийг зөвлөж, шаардлагатай бол үүнийг Австрийн Засгийн газрын зээл тусламжаар хэрэгжүүлэх боломжтой гэж зөвлөжээ. Үүний дагуу театрын захиргаа энэ асуудлыг хөөцөлдөж  10 сая еврогийн хөнгөлттэй зээлээр тайзаа засч техник хэрэгсэл авахаар тохироод байсан ч харин энэ зээлийг нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар Сэлэнгэ, Дархан, Баянзүрх дүүргийн гэр хорооллын гэрэлтүүлэгт хуваарилсан гэх мэдээлийг эх сурвалж хэлж байгаа юм.  

Монгол төрийн урлагийн салбартаа хандах сэттгэлгээ ийм харгис аж.

Саяхан Засгийн газар Үндэсний урлагийн их театрыг  Их тэнгэрийн аманд барих шийдвэр гаргасан.  Сохор нохой чимээнээр гэдэг шиг энэ дуулианаар Дуурийн театрыг шинээр барих яриа дахин өндөлзөж эхэлжээ.  Шинээр баригдах цогцолбор Үндэсний урлагийнх  байна гэдгийг дахин  дахин тодотгомоор байна. Тэгснээс Дуурийн театр бол бууриа сахьсаар байх болно. 

Гэхдээ театрын барилгыг засч сайжруулах ажил зөндөөн бий. Адаглаад тайзыг нь орчин үеийн болгож,  гэрэлтүүлэг, хөгжим  зэргийг шинэчлэхэд хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа нь үнэн билээ.

Дуурийн театртай хаяа зэрэгцэн АН барилга барихаар төлөвлөж байсан ч тэр газраа Улаанбаатар банкинд зарчихсан. Гэтэл банкны барилгын газар Дуурийн театрын эзэмшил газартай давхардаж олгогдсон гэх мэдээлэл байдаг.  Хэрэв тийм бол энэ Нийслэлийн газрын албаныхны  чимээгүйхэн “эндүүрэл” байж таарна.

Улаанбаатар  банк барилга барина хэмээн театрын барилгад тулган нүх ухаж барилгын байдалд санаатайгаар нөлөөлөх ажлыг хийж байсан удаа бий. 

Түүх өгүүлсэн барилга  байшин нь бүрэн бүтнээрээ оршиж, тэнд нь сонгодог урлаг үеэс үе дамжин хөгжсөөр атал барилгыг нь буулгаж дахин барина гэдгийн  цаана  ямар ашиг сонирхол байна вэ.  Дуурийн театрыг нурааж  буурин дээр нь театр барина гэж байгаа.  Хэрэв энэ үнэн бол газарт нь шунасан асуудал биш болж таарна. Харин дахиад театр барина гэдэг мөнгөний том урсгал. Ерөөс хэсэг нөхдийн тендер авах, тэндээс мөнгө босгох холын санаа байж мэдэх юм.

Энэ мэтчлэн Монголын сонгодог урлагийн ганц гал голомтыг тойрон шуналын шүлс асгарч байна.

Австри мэргэжилтнүүдийн хийсэн дүгнэлт

 

М.Нэргүй

http://www.zaluu.com/read/36138028c

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen