Залуусдаа халгаатай, ахмадууддаа ээлтэй МАН

Эрх баригч намынхан 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд иргэддээ барьцаагүй, гурван хувийн хүүтэй, 20 сая хүртэлх төгрөгийн зээл олгох тухай хуулийн төсөл хэлэлцэх гэж байгаа тухайгаа танилцуулснаас эхлээд Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 500 гаруй сурагч сүрьеэ өвчний халдвартай гэх сэртхийм мэдээлэлтэй долоо хоног өнгөрлөө.  Өнгөрөгч долоо хоногийн хугацаанд улс төр, нийгмийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

Тавдугаар сарын 17-н буюу Баасан гарагийн орой 19:00 цагийн орчим УИХ, Засгийн газрын гишүүн асан, АН-ын дэд дарга Г.Батхүү зуурдаар нас барсан харамсалтай явдал боллоо.  Тэрээр Төрийн ордонд болсон олон улсын авто уралдаан зохион байгуулах ажлын хэсгийн уулзалтад оролцож яваад өндрөөс унаж нас барсан байдалтай олдсон байна. Энэ явдалд гадны нөлөө байгаа эсэхийг тогтоохоор цагдаагийн байгуулллага ажиллаж буйгаа мэдэгдсэн. Авто засварын газраас бизнесийн гараагаа эхэлж, үндэсний томоохон үйлдвэрлэгч компанийг хөл дээр нь босгохын зэрэгцээ АН-ын нөлөө бүхий лидер, УИХ-д дөрвөн удаа сонгогдож, УИХ-ын дэд дарга хүртэл дэвшсэн түүний гэнэтийн үхэл ойр дотнынхоноос нь гадна намынхных нь хувьд том цохилт болсон нь дамжиггүй.  Өнөөдөр АН-аас 11:00 цагаас энэ талаар хэвлэлийн хурал зарлаад байна.   

МАН-ын Хяналтын ерөнхий хороо Пүрэв гарагийн орой хуралдаж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт намын зүгээс таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан нь сонгуулийн марафон эрх баригч нам дотор аль хэдийнэ эхэлснийг харуулсан үйл явдал болов.   Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн, Оюутолгойн гэрээг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийн хураангуйг Рио Тинтод хүргүүлсэн гэх үйлдлүүд нь хоёр гишүүнийг 2020 онд нэр дэвших эрхгүй болгоход хүрчээ. Харин энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн Ш.Раднаасэд намаасаа гарах хүсэлтээ удирдлагууддаа гаргасан байна.  Түүнийг хүсэлт гаргахын өмнөхөн УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг ярилцсан юм. Бүлгээс ч чиглэл өгсөн, Ш.Раднаасэд ч өргөдлөө өгснөөр намын Удирдах зөвлөл Ерөнхий сайдын өрөөнд хуралдаж, Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн байна. 

Ийнхүү Ш.Раднаасэд гишүүн өргөдлөө гаргаж адарсны хүчинд Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг хүчингүй болгоод барахгүй Говь-Алтайн нэг тойргийг хоёр болгох тохироо хийсэн гэх бор шувуу нисэж эхэллээ. Магадгүй намын удирдлагын зүгээс эхийг нь эцээж тугалыг нь тураахгүйгээр “булаалдсан” гэгдээд байгаа Говь-Алтайн нэг тойргийг хувааж, хоёр болгох тухай ам алдсан ч юм билүү. Харин Д.Дамба-Очир гишүүний тухайд нэр дэвшүүлэхгүй байх шийдвэрийг хүчингүй болгуулсан ч тойргоо МАН-ын нарийн бичиг Ц.Бат-Энхтэй хуваах уу, үгүй юу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.  МАН ирээдүйтэй, чадалтай гэгддэг залуусаа намын дүрмийн эсрэг үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх, намаас хасах зэргээр шийтгэдэг үзэгдэл хэвшил болоод буй.  ХЗДХ-ийн дэд сайд асан Б.Энхбаярыг танхимынхаа зарчмын эсрэг ажилласан үндэслэлээр өнгөрсөн оны сүүлчээр ажлаас нь чөлөөлсөн.

Түүнчлэн НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулууныг Хяналтын ерөнхий хорооны шийдвэрээр намын гишүүнчлэлээс хассан тухай мэдэгдэж байв.   МАН залуусдаа халгаатай харин ахмадууддаа ээлтэйгээ мөн л өнгөрсөн долоо хоногт батлан харууллаа. Учир юун гэвэл ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж дүүдээ 13 сая төгрөгөөр байр олгосон гэх баримт дэлгэгдэхийн зэрэгцээ түүний хүү Н.Анхбаярыг Австрали улсад суух элчин сайдаар томилохыг Засгийн газраас дэмжив.  Ийнхүү тэрбээр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг цээжээрээ хамгаалж, С.Зоригийн хэргийг гайгүй сайн сэвсний хүчинд хүүгээ Элчин сайдаар томилуулж дөнгөв бололтой.  Өнгөрөгч долоо хоногийн үйл явдлыг хураангуйлахдаа ТЕГ-аас хятадын хөрөнгө оруулалттай зарим компанийн махны зооринд шалгалт хийсэн талаар дурдахгүй орхиж болохгүй биз ээ. Засгийн газрын зүгээс мах экспортлодог компанийн зоорийг шалгахдаа баг зүүж, зэвсэг агссан тусгай чиг үүргийн байгууллагын алба хаагчдыг дайчлав.  Бодлого тодорхойлогчид махны экспортыг нэмэгдүүлж, дотооддоо махны үнийг тогтворжуулна гэж ярьдаг ч тагнуулын байгууллагаа илгээн, цоожтой хаалга эвдүүлж, махыг нь хурааж байгаа нь хэлэх, хийх хоёр нь хол зөрүүтэй байгааг харуулсан явдал боллоо.       

Эх сурвалж: Ikon.mn

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen