Ц.Даваасүрэнгийн “жижиг” зээл

Өнгөрсөн 2017 оны сүүлчээр У.Хүрэлсүхэд засаг барих мөрөөдлийг нь биелүүлж өгсөн УИХ-ын гишүүдэд шагнал болгож өгсөн ЖДҮХС хэмээх бялууны хэрчим түүнд оногдсон юм. Тэрээр 2018 оны зургадугаар сарын 8-нд өөрийн хамаарал бүхий “Нарлаг хараа” ХХК-иар дамжуулан 750 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас авсан байдаг.

УИХ-ын гишүүн, эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн энэ зээлийг авсан нь хараахан тодорхой болоогүй байхад тэрээр энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ, “Зээл авсан гэдэг чинь УИХ тарах хэмжээний асуудал биш шүү дээ. Зээл авсан гишүүд нь л яригдана биз. Түүнээс өөр зүйлүүдийг нь хар л даа. Тэр хэдэн тэрбумаар нь улсаа худалдчихсан хүмүүсээ хар. Тэр яагаад хүний нүдэнд өртөхгүй байгаа юм. Оюутолгойг чинь хэдэн их наядаар нь аваачаад гадныханд өгчихсөн л биз дээ?” гэж байв. Бас У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх талаар УИХ дээр хэлэлцэж байх үед тэрээр, “АСЕМ-ын асуудлууд, Дубай, Чингис бондын асуудал, Үнэ тогтворжуулахаас хэдэн арван тэрбумаар нь зээл авчихсан байгаа шүү дээ, манайхаан. Би мэднэ шүү дээ. Хэн банкныхаа зээлийг Төв банк руу шахсаныг ч мэднэ. Тэгэхээр энэ бүхэн ЖДҮХС-гаас том, том луйвар руу хөвөрч байгаа гэдгийг мэдэж хашхирах хэрэгтэй” хэмээн сануулах, зуухын завсар өгүүлж байсан удаатай. “Миний ЖДҮХС-гийн хэрэг дээр дуугүй өнгөрөхгүй бол та нарын том хулгайг сөхнө шүү” гэсэн санаа л даа.

Нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Бусад нь том хулгай бол ЖДҮХС-гаас “жижиг” хулгай хийх эрхийн бичиг биш гэдгийг. Өнөөдөр ЖДҮХС-гаас иргэдийнхээ боломжийг хулгайлсан УИХ-ын гишүүд яг ийм л логикоор өөрсдийгөө хамгаалж, өмгөөлүүлж, үйлдлээ цайруулахыг хүсч байгаа. Яагаад гэхээр, өөрсдийгөө зөвтгөх үүнээс илүү “өнцөг” тэдэнд өнөөг хүртэл олдоогүй л байна.

Ц.Даваасүрэн гишүүний хувьд ЖДҮХС-гийн зээлийн асуудал нь сөхөгдөхөөс өмнө тендер завшсан гэх яриа гарч байх үед тэрээр, “Миний ах дүү хамаатан саднаас эрчим хүчний тендерээр нэг төгрөгийн ажил авсан байвал би шууд огцорно” гэж хэлж байсан удаатай. ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээл авах, эрчим хүчний салбарын тендер завших хоёрын хооронд үнэндээ чанарын ялгаа байхгүй л дээ. Аль, аль нь адилхан л хулгай.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнд хамаарах бас нэгэн баримтыг энд дурдахгүй өнгөрч боломгүй санагдана.

"Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа өөрийн эзэмшлийн “Их Улс” ХХК-ийн нэр дээр ЖДҮХС-гаас 2017 онд 680 сая төгрөгийн зээл авсан баримт ”Шилэн данс”-ны сайт дээр бий.

Ц.Амарсанаа бол Ц.Даваасүрэнгийн хүн. Ц.Даваасүрэнгийн туслах байсан, сонгуулийн менежерээр нь ажиллаж байсан нэгэн. Өөрөөр хэлбэл, Ц.Амарсанаа У.Хүрэлсүхийн засгийг байгуулахад бялуу хүртэж “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирлаар очсон хүн.

Ц.Даваасүрэн тухайн үед Сангийн яамыг “авах” хүсэлтэй байсан нь талаар болсонд гомдсоных нь хариуд түүний ойр тойрны хэд, хэдэн хүнийг Засгийн газрын харьяа газруудын даргаар томилсны нэг нь Ц.Амарсанаа гэх юм билээ. Барилга, хот байгуулалтын дэд сайд нь хүртэл ЖДҮХС-гаас авсан зээл нь ил болсонд “ичээд” ажлаа өгчихсөн байхад Ц.Амарсанаа өнөөдрийг хүртэл ёс зүйн хариуцлагаас зугтаж, бултаж үлдсэн шалтгаан нь мөн л Ц.Даваасүрэн гишүүнтэй холбоотой гэх.

Салбарын сайд нь Х.Баделхан нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарт Ц.Амарсанааг халуулахаар хандсан ч тусыг эс олсон гэдэг. Ц.Амарсанаа нь Ц.Даваасүрэн даргынхаа гараас зуурчхаад тусламж эрэн өөрийг нь авч үлдэхийг гуйсан учир Ц.Даваасүрэн нь тухайн үед ЗГХЭГ-ын дарга асан Г.Занданшатарыг гуйсаар “амь мултарсан” ч гэж ярьдаг юм билээ.

Өнөөгийн УИХ, Засгийн газар дахь ашиг сонирхлын зөрчилтэй түшээдийн нэг Ц.Даваасүрэн ба түүний нөхөд ЖДҮХС-гаас хөлжиж байгаа тухай цухас өгүүлэхэд ийм байна.

https://www.infomongol.mn/content/read/162311.htm

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen