Монгол цэргийн гайхамшиг..

Монгол цэргийн гайхамшиг..

 

Хоногийн нойроо бүүргэн дээрээ авч хоолны жороо тохмон доороо болгоож хорин бээрийн газар  хонон өнжин цавчилдаж орон гэртээ орогнох завгүй ч орчлон дэлхийг эзэгнэж явсан монгол цэргийн нууц гайхамшигийг өнөөдөр дэлхий шагшраад ч ойлгодоггүй юм.
2004 онд Иракт олон үндэстэний цэргийн бааз руу тонн шахам тэсрэх бодистой дайран орж ирсэн алан хядагчдын духанд монгол цэргийн сум зоож газар дээр нь тэсрэх бодистой нь дэлбэлэн устгаж  бааз дээр байсан хэдэн мянган цэрэг эрсийн амийг аварсан Аззаяа, Самбуу-Ёндон нарын баатаруудад Америкийн ерөнхийлөгч Жорж Буш Монголд ирэхдээ биечлэн баяр хүргэн монгол цэргийн эрэмгий зоригийг шагшран магтаад Ийм эрэлхэг монгол цэргүүдээр хамгаалуулсан  америк цэргүүд хаа ч байсан тайван унтаж чадна гэдгээ итгэлтэйгээр илэрхийлээд буцсан байдаг\ зураг дээр\.
Миний онжав хурандаа Данзандоржийн Нарантулга маань 2003-2004 онд Конго улсад НҮБ-ын энхийг сахиулах цэргийн ажиглагчаар, 2005-2006 онд Иракийг чөлөөлөх олон улсын цэргийн ажиллагаанд монголын цэргийн багийн командлагчаар ажиллаж ирсэн дэлхийн жинхэнэ мэргэжлийн цэрэг байсан бөгөөд харамсалтай нь тэрээр мөн 2007-2008 онд Сьерра-Леон улсад НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд монголын цэргийн багийн командлагчаар томилогдон төр засаг армийн командлалаас өгөгдсөн үүргийг тангараг өргөсөн цэргийн хүний ёсоор амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл амжилттай сайн нэр төртэй гүйцэтгэж яваад энэ дэлхийн энх тайвны төлөө алтан амиа өргөсөн юм. 
 
Нараа бид хоёр хамтдаа Улиастайн цэргийн карантинаас эхлээд Тамбовын цэргийн дээдэд зургаан жил тохой залган суралцаж, хот хөдөөгийн цэргийн ангиудаар салааны захирагчаас эхлэн салж нийлэн хорь гаран жил армид хамтдаа алба хаасаар хамгийн сүүлд хоёулаа 2005 оноос олон улсын мандаттай албан үүрэг гүйцэтгэхээр Араб Африкийн зүгт салж одоцгоосон юм.
Д.Нарантулга бидний наяад оны хүйтэн дайны үеийн салаа салбарын офицерүүд бид тавдугаар армийн нэгдсэн сургалт хэлбэрээр Орхон Хангалын бэлчир дээр өвөл хоёр сар, зун гурван сар хээрийн сургуульд гарахдаа цэргүүдээрээ дайсны толгойг намнуулж сургахын тулд  окопондоо өөрсдөө банзан байгаа бариад гараараа цухуйлган толгой дээгүүрээ автоматаар шүршүүлэхдээ окопны чулуу шороо бутарч байсанчиг нүдээ цавчилгүй гол нь байнд туссан сумны нүхийг л сайтар олж харан тооцоолоод буудагч цэрэг руугаа хээрийн утсан холбоогоор заавар зөвлөгөө өгөн загнан хашгичаж дахин дахин өөрсөд рүүгээ буудуулсаар байгаад цэргүүдээ бүгдийг нь онц буудуулж сургадаг байв /зураг дээр салааны захирагч Батжаргал Нарантулга Эрдэнэцогт нар хээрийн сургуульд 1987 он /.  
 
 
Хээрийн сургуулиас дөнгөж бууж ирээд байтал Хөтөлийн цемент-шохойн үйлдвэрт гарсан цацрагийн ослыг салааны захирагч Нарантулга, Батжаргал нар маань мэргэжлийн өндөр ур чадвар гарган таслан зогсоож чадсанаар болзошгүй цацрагийн хордолтоос Хөтөл хот тосгоны олон мянган хүний амь нас эрүүл мэндийг авран хамгаалсан юм.
Бидний монгол цэргийн яс чанар  бол өвөг дээдэс ахмад үеийнхээ хөдөлмөрч дайчин уламжлал шударга ёс цэрэг эх оронч үзэл дээр тулгуурлаж өнгөрсөн түүхээсээ байнга суралцан ирээдүйгээ босгож байх учиртай. Тухайлбал, армид домог болон яригддаг хурандаа Аюуш монголын армийн анхны танкист тэрээр зүүн хязгаарт Японтой байлдаж явахдаа хамгийн түрүүнд байлдаанд Хуйнаа хэмээн танктайгаа зориглон дайрч орсоор байгаад Хуйнаа Аюуш нэрээр армид алдаршсан, 1945 оны Чөлөөлөх дайны Ялалтын буудлагыг Хянганы нурууны орой дээрээс танкаараа хийж байсан, дайны дараа хорин жил хороо цэргийн дарга, арван жил армийн ургацын комиссын даргаар ажилласан, 1957 онд манай арми дайны үеийн бүх танкаа ЗХУ руу буцаан ачуулахад Аюуш хурандаа ганц Т-34 танк яаж ийж байн аргалж авч үлдэж жолоодож байгаад, одоо тэр танк Зайсан толгойн бэлд сүндэрлэж байгаа зэргийг дурдаж болно.
Хуйнаа гэдэг нь орсоор хараалын үг гэлээ ч яг тухайн үеийн утгаар нь монголчилбол Үхсэн хойноо энэ муусайн нохойн баас самурай нарыг монгол цэргийн танкаар тэгшлээд өгнөө хэмээн эрэмгий зоригоор үхэхээс ч айхгүй дайсны гал руу дайран орохтой адил утга санааг илэрхийлж байгаа юм. Тэгээд хэлснээ ёсоор болгоод ялалтын буудлагаа Хянганы нурууны орой дээрээс хийж байсан тухай оросын хэвлэлд ч тэмдэглэгдэн үлджээ. http://asiarussia.ru/news/14129/
Баруун хязгаарт Байтаг богдын хил дээр өөрсдөөсөө 15 дахин илүү хүчтэй Оспаны дээрэмчидтэй алалцаад мөнхөрсөн арван баатар эрсийн баатарлаг гайхамшигийг тэдгээр дээрэмчид ч шагшраад  зогсохгүй бас дуурайж баатар болчих санаатай  бүлээн цуснаас нь балгаж байсан гэдэг.
Цахар монголын зоригт хөвүүн Түрэмгий баатар Баяр гүн баруун зүгт Ховдыг чөлөөлж өмнөд зүгт цагаан хэрмийг дайлаар мордож зүүн хязгаарыг байлдан тохинуулж хойд зүгт гамин цэргийг бутниргэн дөрвөн зүг найман зовхист монгол үндэстнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэн байлдаж явсан Богд хааны хамгийн баавартай /супер/  монгол цэргийн дарга /зураг дээр/  тэрээр Эзэн хааныхаа зарлигийг даган цагийн эрхээр Цагаан намын цэрэгтэй хүч хавсран улаантантай байлдаж яваад адаг сүүлдээ Ардын журамт цэргүүддээ алуулаад дууссан гашуун түүхээс суралцан өнөөдөр бид улаан цагаан хөх ногооноороо талцалгүй  улс төрийн шийдвэр гаргагчид маань дор бүрдээ нэг нэг шат доош буулт хийхэд л Нэгдсэн Монгол босоход энүүхэнд байна.
 
 
Баатар цагаан хааны генерал Барон Унгерны Азийн морин дивиз Монгол цэргийн жанжин Найдан гүний цэрэгтэй хүч хавсран 1920 оны 11-р сард Өргөөг эзлэх гэж дайраад хятадын гарнизон гамин цэрэгтэй тулалдан олон хүнээ алдаад ухраад байсан 1920 оны 11-р сарын 28-ны тэр шөнө дайны хажуугаар дажин гэгчээр аян дайнд аяншиж шантарсан цагаантны цэргүүдээс нь дэд есаул Царегородцев тэргүүтэй 15 офицер, 22 морин цэрэг оргон алга болоход Бароны нүд нь улам цаашаа цонхийн аргаа ядахдаа найдвартайгаар нь Найдан гүнийг дуудан учир байдлыг таниулаад үүрэг даалгавар өгөхөд Найдан гүн За гэхийн завдалгүй хоёрзуут цэргүүдээ түгшүүрдэн харанхуй шөнийн дундуур хаашаа ч юм бүү мэд пижигнүүлэн алга болжээ. Хоёр хоног өнгөрсөн ч Найдан гүнээс сураг ажиг үгүй болохоор Барон дотроо муу санаалан Найдан муу хулгайч намайг бас л гол гаргалаа ухааны юм бодон суутал гуравдахь хоног дээр Найдан гүн цэргүүдтэйгээ яаж пижигнэлдэн явсан яг тэрэн шигээ давхилдан ирэхдээ гурван үхрийн ширэн шуудайнд оргодол цэргүүдийнх нь толгойг тоо ёсоор нь огтлон ганзаглаад бас дээрээс нь сайн дураараа бууж өгсөн гэх гурван офицерийг хүлээстэй нь авчирсныг хараад Барон Унгерны нүдэнд баярын оч гийж, За гэвэл ёогүй зан чанартай ийм монгол цэргүүдтэй байхад би  Лиссабон ч хүрэх чадна хэмээн ам алдсан түүх бий.
 
Монгол цэрэг:
 
Арабын цөлд хуягаа тайлалгүй
Африкийн ширэнгэд дуулгаа шилгээлгүй
Афганы ууланд гохоо тавилгүй
Аагим халуунд нь хөлсөө гамналгүй
Борц шиг борлож боол шиг зүтгэх ч
Болд шиг хатаагдсан монгол цэрэг
Дайны хөлд дасан зохицохдоо харх мэт
Дайсны өөдөөс байлдан ноцохдоо барс мэт
Үнэн үгийн бамбай шударга ёсны дуулгатай
Уулын бүргэдийн зориг талын чонон шийртэй
Монгол цэргээр мануулсан дэлхий амгалан байг
Монгол морьдоор самнуулсан хөрс нь онгон болог.
 
 
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen