Томилгоо тойрсон тойм: Аяганы хариу барих уу, эль эсвэл...

Томилгоо тойрсон тойм: Аяганы хариу барих уу, эль эсвэл...

 

Засгийн газрын хоёр ч сайд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх нь тодорхой боллоо. ЗТХ-ийн сайд Я.Содбаатар ЖДҮ-гээс эхнэрийн компанидаа зээл авсаны учир, харин БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Засгийн газраа огцруулах бичигт гарын үсэг зурсан гэх үндэслэлээр танхимаа орхих болж байна. Үүнээс гадна өнөөдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболдын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэнэ.

Эдгээрээс гадна ЖДҮ-гийн салхинд туугдагсад бас бий. Тухайлбал, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ  болон Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор,  БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн нарыг ажлаас нь чөлөөлөөд байгаа билээ. Өөр ч бас хэд хэдэн албан тушаалтны нэр дуулдаж байгаа бөгөөд  тэдгээр нь Засгийн газрын агентлагийн дарга, Төрийн өмчит компанийн дарга, захирлууд юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх  “их цэвэрлэгээ”-ний тухай хэдэнтээ ам нээсэн. Ингэж харвал халаа сэлгээ цаашид ч үргэлжлэх нигууртай бөгөөд  хамгийн түрүүнд ЖДҮ-д нэр нүүр нь хавчуулагдсан нөхдүүд  албан ажлынхаа хаалгыг гаднаас нь хаах  хэрэгтэй болох байх.

Өвлийн ид хүйтэн эхэлж байгаа ийм цагаар салбар яам нь сайдгүй, нийслэл хот нь захирагчгүй байж таарахгүй. Зуд ирвэл ухна хуцандаа гэж үг бий. Ийм эрсдэлтэй үеэр сайдгүй, даргагүй салбарт ажил цалгардвал хэнтэйгээ хариуцлага ярих билээ. Тийм болохоор ойрын өдрүүдэд УИХ болон Засгийн газрын түвшинд албан тушаалын томилгоо түлхүү яригдана.

Явагсдын араас ирэгсдийг “Гуравдугаар ээлжийнхэн” хэмээн  цахим орчинд тодотгосон байна билээ.  Арай ч ээлжийнхэн гэж томруулж харах хэрэггүй байх. Харин хэн хэн сайд даргын суудалд ирэх  бол гэсэн иргэдийн сониуч занг “гижигдсэн” хүлээлт одоогоор асуултын тэмдэгтэй байна.  Мэдээж хэрэг сайдын суудлыг хараачилж байгаа, дотоод сэтгэлдээ битүүхэн тээж яваа  улстөрчид байж л таарна.

Томилгоо аль ч цаг үед эрх баригч намын фракци бүлэглэлийн эрх ашгийн илэрхийлэл байсаар  ирсэн. Олонхийн бүдүүн бүлэгтэй ч дотроо илэрхий хоёр талцсан бүлэглэлд хуваагдчихсан ийм үед  томилгоон дээр тугалыг нь турааж, эхийг нь эцээхгүйгээр эрх ашгийг нь хангана гэдэг амаргүй.

У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувьд танхмынхаа хоёр сайдыг Засгийн газрын талд кноп дарсан гишүүдээсээ томилж давхар  дээл өмсгөхийг илүүд үзнэ. Ингэх нь Засгийн газрын хожим хойтохын хувь заяанд илүү хэрэгтэй. Гэхдээ нэгэнт зөрчил нь гал болж хувирсан хоёр бүлэглэлийн хувьд сайдын томилгоо хийнэ гэдэг бас л багагүй хэмжээний “дажин” болно гэсэн үг. Засгийн газрыг огцруулах шаардлага нь бүтэлгүйтсэн сургамж байгаа болохоор 32-ын бүлгийн зүгээс давхар дээлгүй сайд томилохыг шахаж шаардаж мэдэх юм.

Өмнөд хил дээр нүүрсний экспорт гацчихаад байгаа ийм үед Зам тээврийн хөгжлийн  сайдын томилгоог яаравчлах шаардлага бий. ЗТХ-ийн дараагийн сайдад хамгийн боломжтой нэр дэвшигчээр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн нэр яригдаж байгаа гэх мэдээлэл байна. Ж.Бат-Эрдэнийг чөлөөлсний дараа түүний нэр сайдад түлхүү яригдаж байсан ч Я.Содбаатар томилогдсон. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг тууштай дэмжигч түүний хувьд энэ удаад сайдын суудал алганд нь аяндаа ороод ирэх магадлал маш өндөр.  Б.Энх-Амгалан бизнесийн арвин туршлагатай,  урьд нь дүүрэг нийслэлийн Иргэдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан, зарчимч тууштай талдаа хүн.

Хэрэв Ерөнхий сайд Засгийн газрынхаа  жендерийн хуваарилалтыг  хэвээр авч үлдэнэ гэвэл  БСШУС-ын  сайдад 33-ын бүлгээсээ УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг нэр дэвшүүлж мэднэ. М.Оюунчимэг гишүүний хувьд анхнаасаа Хүрэлсүхийг дэмжиж ирсэнийх нь төлөө сайдын алба санал болгохыг байг гэх газаргүй юм. Гэтэл нөгөө талын 32-ын бүлгийн эрх ашиг гэж бас бий.

Энэ бүлгээс УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг сайдад нэр дэвших хувилбар бас байж болно. Учир нь түүний хувьд МАН-ын хоёр бүлэглэлийн аль аль талд нэр нүүртэй байгаа байх. Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурж 32-ын бүлгээ дэмжсэн бол санал хураах хуралдаанд оролцолгүй ороолж одсоноороо Хүрэлсүхийн эсрэг кнопыг нэгээр дундалсан. Тиймээс аль аль талаас аяганы хариу ирэхийг байг гэх газаргүй. Өөр нэг кандитараар тус яамны  ТНБ-ийн  дарга Д.Баярсайханыг лоббидож байгаа гэх эх сурвалжийн нотолгоогүй мэдээлэл бас  бий.   

...Хотын даргын томилгоо олон хүний хорхойг хөдөлгөж байж мэдэх юм. Учир нь энд эрх мэдэл, их мөнгө эргэлдэж байдаг газар. Одоогоор Су.Батболдын залгамжлагчаар хэд хэдэн хүнийг нэрлээд байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаяр, НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Эрдэнэс Оюутолгой”-н захирал  Б.Мөнхбаатар, түүнчлэн МАН-ын генсек Д.Амарбаясгалан гэхчлэн нэр дуулдаж байгаа. Түүнчлэн С.Баяр  Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий Консул Л.Амарсанааг хотын даргаар томилуулах асуудлыг зүтгүүлж байгаа гэх мэдээлэл явж байна.

Томилгоог тойрон  тоймлоход иймэрхүү дүр зураг одоогоор харагдаж байна. Гэхдээ энэ бүхэн таамаглал.

М.Нэргүй

http://www.zaluu.com/read/2dh7h5bea

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen